Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбатаас Улаанбаатар-Налайхын чиглэлийн авто замын хөдөлгөөнийг нээсэнтэй холбоотойгоор зарим зүйлийг тодрууллаа.
-Налайхын зам ашиглалтад ороод удаагүй байна. Энэхүү замаар зорчиж буй тээврийн хэрэгслийн жолооч ямар хурдтай явах ёстой вэ?
-Уг зам нь Налайх, Баянзүрх дүүргийг холбосон зам учраас хот, суурин газрын зам гэж тодорхойлно. Тиймээс суурин газарт тээврийн хэрэгслийн дээд хурд 60 км/цаг байдаг учир энэ журмаар зорчих ёстой. Манай жолоочид хөл хөдөлгөөн ихтэй суурин газраас гараад хурд хэтрүүлэх тохиолдол их байдаг. Тиймээс Налайхын замд гарах осол, аварыг бууруулах үүднээс Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтэс, Налайх дүүргийн Замын цагдаагийн тасаг, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Зам тээврийн яамны гэрээт Замын цагдаагийн хэлтсийн алба хаагч гэсэн таван нэгжээс бүрдэн ажиллаж байна. Улаанбаатар-Налайх чиглэлийн замд зургаан цэг хөдөлгөөнт хяналт шалгалт хийж байна. Хяналт шалгалтыг хөдөлгөөнт хурд хэмжигч, суурин хурд хэмжигчээр шалгаж байгаа.
-Хурд хэтрүүлсэн тохиолдолд хуулийн ямар арга хэмжээ авах вэ?
-Тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас 50 хүртэлх хувиар хэтрүүлэх юм бол Зөрчлийн тухай хуулийн 14.7.31-т заасны дагуу 50 нэгж буюу 50000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авдаг. Харин 50-иас дээш хувиар хурд хэтрүүлсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 14.7.32-т заасны дагуу жолоочийг 50000 төгрөгөөр торгож, зургаан сар жолоодох эрхийг хасдаг юм. Уг хуульд нэг зөрчлийг тухайн газар дээр нь торгуулийн арга хэмжээ авч шийдвэрлэнэ гэсэн байдаг. Тэгэхээр зургаан цэгийн хяналт шалгалтад хурд хэтрүүлсэн байвал тэр бүрт нь торгох ёстой гэсэн үг. Гэвч бид тэр бүр торгохоос илүү хөдөлгөөний соёлыг бий болгох үүднээс зөрчлийг тайлбарлах, сануулах, дахиж зөрчил гаргахгүй байх үүднээс албан хаагчид онцгой анхаарч ажиллаж байгаа. Мөн зам сайн болсон ч хөдөлгөөний аюулгүй байдлыг бий болгох тээврийн хэрэгслийн аюулгүй байдлаас шалтгаалсан осол гарах тохиолдол ч байдаг. Түүнчлэн Хонхорын хэсэгт мал амьтан явах, явган зорчигчид гарцаар бус хашлага давж гарах тохиолдол ч байна. Тиймээс явган зорчигчид, малчид замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Явган зорчигчийн аюулгүй байдлыг бий болгох үүднээс хэвтээ тэмдэглэгээ буюу гарц руу ойртож байгаа жолоочид чичиргээ мэдрэгдэх тэмдэг тавьсан байгаа.
-Хурд хэтрүүлсэн тохиолдлыг хянах камер байгаа болов уу?
-Тухайн зам нь 75 хувийн гүйцэтгэлтэй гэж холбогдох байгууллагууд мэдээлсэн. Уг замыг дөрвөн эгнээ, олон улсын стандартад нийцүүлэн шинээр бүтээх хүртэл түр зам гаргасан. Түр зам нь тодорхой хугацаанд ачаалалтай ашигласнаас, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан иргэдийг ая тухай, аюулгүй нөхцөлд зорчих боломж бүрэн хангагдахгүй байсан учраас нийслэлийн удирдлагууд авто замын ажлыг хариуцан хийж буй компанитай тохиролцож замыг нээсэн. Уг зам нь 16 метр өргөн, 300 орчим гэрэлтүүлгийн хэрэгсэл, таван хэсэгт буцаж эргэх эргэлт, зургаан явган зорчигчийн гарц, 100 гаруй босоо тэмдэг байрлуулсан. Цаашид хүйтний эрч чангарах хүртэл тэмдэг тэмдэглэгээ тавих ажил явагдаж, үлдсэн ажлыг хавар үргэлжлүүлэн хийх юм. Энэ мэт хийх ажил их байгаа учраас тээврийн цагдаагийн албанаас 24 цагийн турш хяналт шалгалт хийж, жолоочдын аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Тэгэхээр хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар хурд хэтрүүлэх тохиолдол зам нээгдсэнээс хойш маш их гарах боллоо. Иргэддээ анхааруулж хэлэхэд хөдөө орон нутаг, хотоос гаднах сийрэг замд гарч байгаа зам тээврийн ослын 80 хувь нь хурд хэтрүүлснээс шалтгаалдаг учраас аюулгүй байдлыг анхаарч, хурд хэтрүүлэхгүй явах хэрэгтэй байна.
-Налайхын замд ямар нэгэн хөдөлгөөний шинэчлэл гарсан болов уу?
-Говьсүмбэр, Чойр, Замын-Үүд чиглэлийн жолоочид Налайх дүүргээр дамжин хотод орж ирэх ёстой. Гэтэл Налайхын зам нээгдсэнийг мэдээгүй байгаа жолоочид Төв аймгаар орж ирж байгаа нь тэр чиглэлийн замын ачааллыг нэмэгдүүлж байна. Мөн Налайх дүүргийн баруун талын Бөмбөрцөгтэй уулзвар гэж нэрлэдэг хэсэгт хөдөлгөөний өөрчлөлт гарсан. Замын-Үүд чиглэлээр ирж байгаа жолооч туслах замаас орж ирж байгаа гэж үзнэ. Тиймээс хот Налайх дүүргийг холбосон зам руу шилжихдээ зам тавьж өгөөд зүүн гар тийш эргэх ёстой болсон байгаа. Энэхүү уулзварт босоо болон хэвтээ тэмдэглэгээ тавьсан учир дүрэм, журмын дагуу явж сурах хэрэгтэй байна.
-Дарханы замын ажил дутуу байгаа ч тус хэсгээр зорчих замыг нээсэн. Энэ хэсгээр зорчих жолооч нарын анхаарах шаардлагатай зүйл юу вэ?
-Зам тээврийн яамнаас тус чиглэлийн зам засварын ажил гүйцэтгэж буй компаниудад үүрэг даалгавар өгч, дөрвөн даваанд ковш, экскаватор зэрэг цаг агаарын хүндрэлтэй үед ажиллах машин менханизмийг байрлуулсан. 200 гаруй километр замын 12 гаруй километрийг хатуу хучилттай болгосон. Бусад хэсэг нь хучилт хийхэд зориулсан сайжруулсан шороон зам байгаа. Гэвч энэ хэсгийн зам тоос шороо их гарч байгаа учир уг чиглэлд явах хурдны дээд хязгаар 50 км/цаг болгож, гүйцэж түрүүлэхийг хориглосон.