Цар тахал гарснаас хойш хагас жилийн хугацаа өнгөрчээ. Улс орон бүр хилээ хаах, хөл хорио тогтоох байдлаар эрсдэлээс урьдчилан сэргийлж байгаа бөгөөд энэ нь улс хоорондын худалдаа багасаж, эдийн засагт ихээхэн хохирол учруулаад байгаа юм. Манай улс ч энэхүү эрсдэлийг үүрч байгаа. Цар тахал тархаж эхэлсэн эхний саруудад импортоор орж ирдэг эм, эмнэлгийн хэрэгсэл нэн ялангуяа амны хаалт, гар ариутгагч үйлдвэрлэх бүтээгдэхүүний импорт буурч, нийгэмд хомстол үүсч, үнэ нэмэгдэх болсон. Түүнчлэн БНХАУ-руу гаргадаг нүүрс, зэс, алт зэрэг бүтээгдэхүүний экспорт багассанаар манай улсын экспортын орлого оны эхний гурван сарын байдлаар 735.9 сая ам.доллараар буюу өмнөх оноос 41.5 хувиар буурчээ. Дотоодод валютын ханш тогтмол өссөөр байгаа.
“Найман шарга” валют арилжааны төвд нэг ам.долларыг 2814 төгрөгөөр авч, 2817 төгрөгөөр худалдаалж байлаа. Оны эхэнд ам.долларын ханш 2734 төгрөгтэй тэнцэж байсан бөгөөд өнөөг хүртэл даруй 80 орчим төгрөгөөр нэмэгджээ. Ийнхүү долларын өсөлт манай улсад шууд хамааралтай байдаг учир зарим хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн байна.
“Валютын ханшийг урт хугацаанд барих боломжгүй”
Долларын ханш нэмэгдэж байгаа энэ үед Монголбанкнаас ямар арга хэмжээ авч байгаа талаар тус банкны Олон нийтийн боловсрол мэдээллийн төвийн ахлах эдийн засагч Н.Батжингаас тодрууллаа.
Тэрээр “Он гарснаас хойш “Covid-19” цар тахлын нөлөөгөөр улс орнууд хөл хорио тогтоож, эдийн засагт нь тодорхой нөлөө үүсээд байна. Нэг ёсондоо, худалдааны алдагдалд орж, мөнгөний урсгал нь тасалдаад байгаа. Он гарснаас хойш төгрөгийн ханш ам.долларын эсрэг 2.7 хувиар суларчээ. Харин бусад улс орнуудын хувьд Бразил улс хамгийн их буюу крузадо 35 хувиар, Англи улсын фунт 8-9 хувиар, рублийн ханш ам.долларын эсрэг нэг хувиар, Туркийн лир 13 хувиар суларсан үзүүлэлт гарсан байна. Үүнээс харахад манай орны валютын ханш харьцангуй тогтвортой байна гэж үзэж болно. Манай улс бусад улсуудын адилаар хилийн хориг тавьж, экспортоос олох орлого буурснаар худалдааны тэнцэл 210 сая ам.доллар, төлбөрийн тэнцэл 600 сая ам.долларын алдагдалтай болоод байна. Энэ нөхцөлд валютын ханш 2.7 хувиар сулрахаас өөр аргагүй. Монголбанкны зүгээс огцом хэлбэлзлийг тогтворжуулахаар валютын дуудлага худалдаа явуулсаар байгаа. Гэхдээ үүнийг урт хугацаанд барих боломжгүй. Монгол Улс валютын удирдлагатай хөвөгч ханшийн дэглэмтэй орон. Тогтвортой ханшийн дэглэмтэй улс биш учраас валютын ханш өөрчлөгдөөд явж байгаа. Гадаад валютын нөөцийн хувьд есөн сарын турш импортын хэрэгцээг хангах боломжтой байна.” гэсэн юм.
Эдийн засагч А.Билгүүнээс өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байгааг тодрууллаа.
-Төгрөгийн ханш ам.долларын эсрэг 2.7 хувиар суларчихлаа. Энэ тоо хэд хүрэхэд огцом савлагаа үүсч, нийгэмд асуудал үүсэх вэ?
-Төгрөгийн ханш сүүлийн найман жилийн турш тогтвортой суларсаар байгаад нийгэм дассан байна. Товчхон тайлбарлавал төгрөг суларснаар монголчуудын амьжиргааны түвшин сулардаг гэж дүгнэхэд болно. Гол нь зах зээлд шок үүссэнээр төгрөгийн ханш огцом савлаж хэт их хохирол учруулдаг. Өнгөрсөн хугацаанд дээрх зах зээлийн шок үүссэн нөхцөлүүдийн нийтлэг шинж нь долларын ханш тодорхой тэгш тоон дээр хүрэхэд гарч байжээ. Дараагийн шок магадгүй долларын ханш 2,900 хүрч өсвөл эсхүл 2,600 руу унавал үүсч болох юм.
-Ер нь цар тахал үргэлжилсээр, экспортын орлого удаан хугацаанд бага байх нь манайд ямар эрсдэлийг үүсгэх бол?
-Экспорт багасах хоёр үндсэн механизм бий. Нэгдүгээр хилийн хорио, эсвэл голлох зах зээл (одоогоор БНХАУ) дээр манай экспортын бүтээгдэхүүний эрэлт суларснаас үүдэж, орлогын хэмжээ багасах явдал. Хоёрдугаарт экспортын бүтээгдэхүүнүүдийн зах зээлийн үнэ суларснаас үүсэж орлого буурдаг. Экспорт буурснаар манай дотоодын нийт бүтээгдэхүүн багасах ба төгрөгийн ханш огцом сулрах, улмаар импортын барааны үнэ огцом өсөх үр дагавартай.
-Монголбанкнаас валютын ханшны эрэлт нэмэгдэх үед үнэ өсөхгүй байх үүднээс валютын дуудлага худалдаа хийж байгаа. Гэхдээ урт хугацаанд үнийг барих боломжгүй гэсэн. Ер нь энэ үед валютын ханшийг хөөргөхгүй байх ямар арга барил ашиглах ёстой бол?
-Монголбанк өнөөг хүртэл амжилттай интервенц хийснээр валютын ханшийн огцом савалгаа үүсэхээс амжилттай сэргийлж чадаж байна. Ингэхдээ Монголбанк өөрийн гадаад валютын албан нөөцийг ашигладаг. Тэр нь тодорхой хязгаартай. Цаашид бидэнд төгрөгийн ханшийг чанга байлгах аргууд бий. Тэр нь экспортын орлогыг нэмэгдүүлэх, мөн гадаадын хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй. Гэхдээ үүнийг хэлэхэд амар боловч хийхэд хэцүү. Учир нь дэлхийн бусад бүх улсууд бидний нэгэн адил экспортоо нэмэгдүүлж, хөрөнгө оруулалт татах тэргүүн зорилготой байгаа. Гэтэл бид тэдгээр улсуудтай хэрхэн амжилттай өрсөлдөх вэ.