Дэлхийн банкны Ерөнхийлөгч асан Жим Ён Ким болон Гүйцэтгэх захирал асан Кристалина Георгиева нар ажилчид болон мэргэжилтнүүддээ зүй бус дарамт үзүүлж, “Бизнес эрхлэхүй” буюу “Doing Business” судалгааны 2018 оны тайланд БНХАУ-ын үнэлгээг нэмэгдүүлэхийг шаардаж байсан талаарх баримт өнгөрөгч сард ил болсон.
Улмаар Дэлхийн банк “Doing Business” судалгааны үр дүнг бүхэлд нь хүчингүй болгож, өмнөх удирдлага болон ТУЗ-ийн ёс зүйн асуудлаар дотоод аудитын шалгалтыг эхлүүлээд байгаа билээ. Дэлхийн банкны Гүйцэтгэх захирлаар 2017 оноос ажиллаж байгаад 2019 оноос Олон улсын валютын сангийн захирлаар ажиллаж байгаа Кристалина Георгиева тухайн үед дээрх асуудалд эрс үгүйсгэсэн тайлбар өгч байв.
Тэгвэл даваа гаригт АНУ-ын нийслэл Вашингтон Д.С. хотноо эхэлсэн Дэлхийн банк болон ОУВС-гийн жилийн уулзалтын хүрээнд дээрх асуудал гол сэдэв болж, шүүмжлэлийн бай болоод байна. Дэлхийн банкны өмнөх удирдлагуудын нэр холбогдсон хэрэг цаашид хэрхэн шийдвэрлэгдэх нь тус байгууллага болон ОУВС-гийн нэр хүндэд том асуултын тэмдэг болж байгаа юм.
Эх сурвалжуудын мэдээлснээр Их Британи, Герман, Франц болон Италийн төлөөлөгчид Кристалина Георгиева ОУВС-г үргэлжлүүлэн удирдах ёстой гэх байр суурь илэрхийлсэн байна. Харин АНУ, Канад болон Японы төлөөлөгчид Дэлхийн банкны өмнөх удирдлагууд ёс зүйн доголдол гаргасан асуудлыг нарийвчлан судалж, хэрэв нотлогдсон тохиолдолд хариуцлага тооцож, одоогийн албан тушаалаас нь түдгэлзүүлэх санал гаргажээ.
ОУВС-гийн хамгийн том хувь эзэмшигчид болох АНУ болон Японы төлөөлөгчид тус сангийн удирдах зөвлөлд хандан Кристалина Георгиевад итгэх итгэлээ эрт баталгаажуулахгүй байхыг анхааруулсан. Улмаар ОУВС-гийн захирал Кристалина Георгиеваг чөлөөлж магадгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм.
Дэлхийн банкны Ерөнхийлөгч Дэвид Малпас даваа гаригт өмнөх удирдлагууд, тэр дундаа Кристалина Георгиева ОУВС-гийн захирлаар үргэлжлүүлэн ажиллах ёстой эсэх талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна. Гэвч тэрээр Дэлхийн банк нэр хүндээ сэргээж, судалгаануудаа сайжруулах зорилгоор Ерөнхий эдийн засагч Кармен Рейнхартаар ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй менежментийн багийг томилон ажиллуулж эхэлсэн талаар мэдээлсэн юм.
Харин ОУВС-нд хөрөнгө оруулагч олон улсын банк, санхүүгийн байгууллагууд эхнээсээ Кристалина Георгиевад итгэл өгөх боломжгүй талаар байр сууриа илэрхийлж эхэлсэн байна.
Тухайлбал, Их Британийн Лондон хотноо төвтэй хөрөнгө оруулалтын “Bluebay Asset Management” сангийн ахлах стратегич Тимоти Эш Кристалина Георгиевагийн асуудлыг “ОУВС-д итгэх итгэлийг үгүй хийсэн хямрал гэж тодорхойлсон юм. Тэрээр энэ талаар “ОУВС-гийн удирдлага саяхан хараат бус мөрдөн шалгах ажиллагаагаар ил болсон Дэлхийн банкны өмнөх асуудалд нэр холбогдсон явдал нь хүмүүс тус сангийн өнөөгийн үйл ажиллагаанд эргэлзэж эхлэх шалтгаан болж байна” гэсэн байна.