Хүүхэд өөрийн сонгосон мэргэжилдээ эргэлзэж, эсвэл мэргэжлээ сонголгүй шалгалтынхаа оноонд найдаж байвал ирээдүйд ажлаасаа залхах, халшрах болж, амьдралын урам зориг, хөдөлмөрлөх хүсэл нь буурах магадлалтай байдаг учир эцэг, эхчүүд хүүхдийнхээ амьдралын хамгийн чухал сорилт, сонголтод тусалцаа, дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлагатай. Хүүхдэд тэг ингэ хэмээн бэлэн зүйлийг тулган гүйцэтгүүлэх нь үр дүнгүй байдаг учир хүүхэд өөрөө сонголтыг бие даан хийхэд нь туслах л хэрэгтэй. Ингээд МУБИС-ийн БоСС-ийн Сэтгэл судлал арга зүйн тэнхимийн сэтгэл судлаач, багш, доктор, профессор Б.Энхмаагийн өгсөн эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хамтран ажиллаж болох зөвлөгөөг хүргэж байна.
Тохирох мэргэжлийн хүснэгт үүсгэх. Мэргэжил сонгох нь хүн хир хэмжээний мөнгө олох бэ гэдгээс илүүтэй, нийгмийн орчин, амьдралын хэв маягаа сонгож буй хамгийн чухал үйл явц гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүүхэддээ сонгосон мэргэжлээрээ ажиллаж байна хэмээн төсөөлөөд үзэхийг хүсч дэлгэрэнгүй жагсаалтыг /цалингийн түвшин, ажлын байр, нэр хүнд, ажил эрхлэлт, бодит ажил эрхлэлт, хөдөлмөрлөх нөхцөл, хувь хүний эзэмшсэн байх ур чадвар гэх мэт/ гаргуул. Мөн хүүхдийн хамгийн ихээр хүсч мөрөөддөг, анхаарал татахуйц мэргэжлүүдийг ч жагсаалтад оруулж өгөх. Хүснэгт бөглөх үед тавигдах шаардлага, мэргэжлийг харьцуулах, хэрэв мэргэжил тохирох бол нэмэх тавих, үгүй бол хасах гэх мэт. Ямар мэргэжил сонгоно түүний давуу, сул талуудыг хүүхдийн сэтгэл зүй, бие бялдар, нийгэмшихүйн онцлогтой холбоотойгоор тайлбарлан ярилцах хэрэгтэй. Мэдээж мэргэжлийн хүмүүсийн тусламж авч болно. Ажил мэргэжлийн чиг баримжааны энэхүү арга барил хамгийн шилдэг нь биш. Харин түүний давуу тал нь бие даан бодож өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, олон мэргэжил чамд тохирохгүй байгааг ойлгох, хүүхэд өөрийн үнэ цэнээ ойлгоход чухал ач холбогдолтой юм.
Мэргэжлийн ертөнцтэй танилцуулах. Өөрт тохирох мэргэжлийг сонгох нь хамгийн чухал. Өсвөр насны хүүхэд амьдралын туршлага хязгаартай, ертөнцийг үзэх үзэл төлөвшөөгүй учраас алдаатай сонголт хийх нь элбэг. Тэд найз нөхдийн ярианд ач холбогдол өгч, тэднийг даган дуурайн сонголт хийх нь ч бий. Зарим н мэргэжил, албан тушаал хоёрыг ялгаж ойлгож чаддагүй. Жишээ нь, хүүхэд “Би дарга боллохыг хүсдэг” хэн нэг нь интернетээс тоглоом татаж суулгаад тоглож чаддаг учраас “би программист болно” хэмээн ярих нь олонтоо. Иймээс эцэг эхийн үүрэг бол зөв мэдээллийг хуваалцах, мэргэжил, мэргэшил, албан тушаалын талаарх ойлголтыг тайлбарлан таниулах ёстой.
Дэлгэрэнгүй мэдээлэл Хүүхэдтэй хамт хөдөлмөрийн зах зээлийн талаар мэдээлэл цуглуулах, шинээр бий болсон болон хамгийн ирээдүйтэй мэргэжлийн тухай ном, сурах бичиг, мэргэжлийн сэтгүүл, интернэт, сайтаас олж болно. Ийм ном, хэвлэлүүдэд хүүхэд мэддэггүй мэргэжлийнхээ тухай мэдээллийг олж авдаг.
Үгнээс үйлдэл хүртэл Эцэг эхчүүд хүүхдийн сонирхон сонгосон мэргэжлийг нь хүндэтгэн мэргэжлийн сонгон, дугуйлан, курст суралцах боломжийг олгох хэрэгтэй. ЕБС дээр дийлэнх сургалтууд үнэ төлбөргүй байдаг.
Мэргэжил сонголтын судалгаанд хамрагдах болон их дээд сургуулийн элсэн орох туршилтын тестийг гүйцэтгэхийг санал болгох. Мэргэжлийг сонгохын тулд мэргэжлийн ертөнцийн талаарх мэдлэгээс гадна өөрийгөө танин мэдэх нь чухал. Өөрөөр хэлбэл бие бялдар, оюун ухаан, сэтгэл зүйн онцлог, нийгэмшихүйн хөгжлийн түвшингээ бодитойгоор тодорхойлох нь ирээдүйн сонголтод чухал ач холбогдолтой.
Элсэн суралцахыг хүссэн сургуультайгаа танилцах. Нээлттэй хаалганы өдөр болон, мэргэжил сурталчлах аянд хамрагдан хүссэн асуултандаа хариулт авах боломжийг хүүхдэдээ олгох хэрэгтэй. Ийм аялалд хэт их ач холбогдол өгч болохгүй. Энэ нь таны хүүхэд тухайн сургуульд өөрийн оюутны амьдралаа өнгөрүүлэх үү үгүй юу гэдгээ шийдэх гэж байгаа биш зүгээр л музей шиг явж-харах, харилцах, мэдрэх "Миний байх орчин мөн үү, биш үү ...?" гэдэгт өөрөө шийдвэр гаргах боломжийг эцэг эхчүүд , харилцан ярилцах шаардлагатай.
Сонголтуудыг ярилц. Хүүхэд ирээдүйн мэргэжлээ ярьж байхад өөрийнхөө саналыг тулгаж, ганцхан сонголт дээр ач холбогдол өгч ярилцахгүй байх. Зарчмын хувьд, хүүхэд өөрөө нөөц сонголтыг үлдээсэн байхад анхаарах, эцэг эхчүүд тулгарч болох эрсдлүүдийн талаар хүүхэдтэйгээ ярилцах, аль болох сэтгэл санаагаар унахгүй байхад нь, сэтгэл зовнил, айдсаа бууруулахад туслах юм. Тэр байтугай сонгосон сургуульдаа элсэн орж чадахааргүй болсон ч амьдрал үүгээр дуусдаггүй боломж бий гэдэг итгэлийг төрүүлэх нь чухал.
Төлөвлөгөө гарга. Мэргэжил сонголтыг нөөц хувилбартайгаар хүүхэд өөрөө сонгох боломжийг эцэг эх бүрдүүлэх ёстой. 12 дугаар ангийн сурагчдын хувьд байж болох л шалгалтын өмнөх түгшүүр гэдгийг ойлгон хүндэтгэх нь зүйтэй. Цаг төлөвлөлтийг эцэг эхчүүдтэйгээ хамтран боловсруулж хэрэгжүүлснээр хүүхдийн амрах, ажиллах, суралцах хугацаа тодорхой болж хүүхдийн ачаалалыг бууруулна. Энэ зөвхөн 12 дугаар анги ч биш, ирээдүйн амьдралд нь чухал ач холбогдолтой үйлдэл болно.