Open iToim app
Дэлхий | 3 мин уншина

Судалгаа: Дэлхийн хүн ам тэрбумаар буурна

Судалгаа: Дэлхийн хүн ам тэрбумаар буурна
Нийтэлсэн 2020 оны 7 сарын 16
Вашингтоны Анагаахын их сургуулийн Эрүүл мэндийн хэмжилзүйн үнэлгээний хүрээлэнгийн эрдэмтэд 2064 он гэхэд дэлхий нийт хүн ам 9.7 тэрбумд хүрэх бөгөөд эмэгтэйчүүдийн боловсрол, жирэмслэлтээс хамгаалах аргачлалууд сайжирсны үр дүнд XXI зууны төгсгөл гэхэд 8.8 тэрбум болж огцом буурах судалгааг танилцууллаа. Өөрөөр хэлбэл хагас зуун жил хүрэхгүй хугацаанд дэлхийн хүн ам нэг тэрбумаар цөөрөх аж.
Судалгааны тайланд дурдсанаар 2100 он гэхэд дэлхий дээр одоогоор оршин тогтнож буй 195 орны 183 нь хүн амаа цаашид тэжээх боломжгүй болж төрөлтийг хязгаарлах шаардлагатай болох юм. Ингэснээр дэлхийн хэмжээнд нэг эмэгтэйд дунджаар 2.1 төрөлт ногдох тооцоо гарсан бөгөөд Япон, Тайланд, Итали, Испани тэргүүтэй дэлхийн 23 орны нийт хүн ам 50 хувиар буурах дүр зураг ажиглагдаж байгаа аж. Харин дэд Сахарын Африкийн бүс нутгийн хүн ам гурав дахин өсөж, XXI зууны төгсгөл гэхэд дэлхийн нийт хүн амын талаас доошгүй хувь нь Африк гаралтай иргэд болно гэжээ. Энэхүү бүс нутагт 2017 оны байдлаар 1.03 тэрбум хүн амьдарч байгаа бол 2100 он гэхэд 3.07 тэрбум болж өсөх юм.
Шинжлэх ухааны “The Lancet” сэтгүүлд нийтлэгдсэн загварчлал судалгааны тайланд дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг болон Хятад зэрэг орнуудын хөдөлмөрийн насны хүн амын тоо эрс буурч байгаа нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж, ажиллах хүч болон нийгмийн халамжийн тогтолцоонд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж дүгнэсэн байна.
Эрүүл мэндийн хэмжилзүйн үнэлгээний хүрээлэнгийн захирал, доктор Кристофер Мюррей энэ талаар “Дэлхийн хүн ам 1960 оноос хойш тогтмол өсөх болсноор хүн амын хэт өсөлт болон төвлөрөлд улс орнууд маш нухацтай хандах болсон. Бид судалгаагаараа дэлхийн нийт хүн амын бүтцэд том хэмжээний өөрчлөлт орж, хүн ам огцом буурах гэнэтийн эргэлтийн цэгийг ажигласан. Дэлхийн хүн ам буураад зогсохгүй, дундаж наслалт ерөнхийдөө хөгширнө. Энэ нь эдийн засгийн өсөлтөд ихээхэн нөлөөлөх болно. Өөрөөр хэлбэл XXI зууны төгсгөлд тэтгэвэр болон бусад нийгмийн халамжид хамрагдах иргэдийн тоо дэлхийн хэмжээнд ажил хийж, татвар төлөгчдөөс давах юм” гэжээ.
Дэлхийн хэмжээнд хийгдсэн 2017 оны ижил төрлийн судалгаагаар Ази, зүүн болон төв Европын бүс нутагт хүн ам хамгийн хурдацтай буурч байна гэх дүгнэлтийг танилцуулж байсан юм. Тус судалгааны тайланд 2017-оос 2100 оны хооронд Японы хүн ам 128 саяас 60 сая, Тайландын хүн ам 71 саяас 35 сая, Испанийн хүн ам 46 саяас 23 сая, Италийн хүн ам 61 саяас 31 сая, Португалийн хүн ам 11 саяас 5 сая, Өмнөд Солонгосын хүн ам 53 саяас 27 сая болж буурах тооцоо хийгдсэн байдаг. Үүний дээр БНХАУ тэргүүтэй дэлхийн 34 орны нийт хүн ам 50 хувиар буурах урьдчилсан тооцоо бий.
Хүн амын энэхүү огцом бууралтад нөлөөлж буй нэг чухал хүчин зүйл бол эмэгтэйчүүдийн боловсрол нэмэгдэж, ажил хөдөлмөр, карьер хөөх байдал ихэссэнээр дундаж төрөлтийн давтамж холдож, төрөлт буурахын зэрэгцээ жирэмслэлтээс хамгаалах арга, техникүүд улам боловсронгуй болж байгаатай холбоотой гэж судлаачид үзэж байна. Ингэснээр 2100 он гэхэд дэлхийн хэмжээнд 65-аас дээш насны 2.37 тэрбум хүн ам байх бол 20-оос доош насны ердөө 1.7 тэрбум хүн ам байх аж. Харин 2017 онд 141 сая байсан 80-аас дээш насны хүн амын тоо 2100 онд 866 сая болж өсөх бол 681 сая байсан таваас доош насны хүн амын тоо 401 сая болж 40 хувиар буурах тооцоо гарчээ.
Эрдэмтэд дэлхийн хүн ам цөөрөхийн зэрэгцээ хөгшрөлт нэмэгдсэнээр ирээдүйн ажиллах хүчний иргэдэд нэг зэрэг олон ажил хийж, олон цагаар ажиллах зэрэг хүндрэл, сорилтууд тулгарна гэж үзжээ. Харин төрөлт багасаж буй энэ дүр зурагт одоогоор дэлхийн хэмжээнд хамгийн хүнд сорилт болж буй цагаачлалын асуудал том тус хүргэх боломжтой аж. Тухайлбал, АНУ, Австрали, Канад тэргүүтэй төрөлт багатай орнууд хүн амын бууралтаас үүдэлтэй эдийн засгийн уналтыг цагаач иргэдээр нөхөх боломжтой гэжээ.
Эцэст нь судлаачид хүн ам буурах нь дэлхийн цаг уурын өөрчлөлт, орчны бохирдол, боловсрол, цэвэр ус, баталгаатай хүнсний тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг асуудлуудад эерэгээр нөлөөлөх талтай ч пирамид хэлбэрийн нийгмийн бүтцийн хувьд татвар, нийгмийн халамжийн асуудал хамгийн том сорилт байх болно. Тиймээс улс орнууд өнөөгийн системээс татгалзаж, өөрчлөлт байгуулалт хийх нь зайлшгүй гэж дүгнэсэн байна.
Эх сурвалж: CNN
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн