Үндсэн хуульд өөрчлөлт оруулах дэд ажлын хэсгийн гишүүн, улс төр судлаач О.Машбаттай ярилцлаа.
-Ерөнхийлөгч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал, төслөө УИХ-д өргөн барьж, өнгөрсөн долоо хоногт хэлэлцүүлгүүд зохион байгууллаа. Та Ерөнхийлөгчийн санал, төслийг хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Санаа нь бол сайн ч юм бий, муу ч юм бий. Харин боловсруулалт бол маш муу. Авъя гэвэл одоо байгаа саналынх нь томьёоллыг чамбайруулж, дээр нь нэлээн ажиллаж байж авах хэрэгтэй.
-Ерөнхийлөгчийн төслөөс дэмжиж байгаа болон дэмжихгүй байгаа ямар өөрчлөлт байна вэ?
-Хүлээгээд авчихмаар санаа цөөнгүй, бас огт хүлээж авч болмооргүй санаа ч бий. Яагаад санаа гээд байгаа вэ гэхээр өргөн барьсан санаа нь хууль зүйн хувьд боловсруулалт муу учир заавал хянан үзэж, дахин томьёолох хэрэгтэй байгаа юм. УИХ-аар хэлэлцэж байгаа Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг арваад жил судалж, томьёоллыг хоёр жилийн турш боловсруулсан. Энэ явцад нэлээн олон судлаачийн, түүний дотор миний хэд хэдэн санал шүүгдэж хоцорсон юм. Тэдгээр саналын зарим нь Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд туссан байна. Жишээ нь, УИХ-ын гишүүний тоог нэмэх, сонгуулийн тогтолцоог тусгах гэх мэт. Ийм саналыг би номондоо бичиж байсан. Энэ саналыг Ерөнхийлөгчийн төсөлд тусгасан нь надад бол таатай сайхан л байна. Харамсалтай нь, УИХ-аар хэлэлцэж буй төсөлд энэ асуудлыг тусгаагүй учраас хэлэлцэх боломжгүй.
Дэмжиж болохгүй заалт ч олон бий. УИХ-аар хэлэлцэж буй заалтуудыг дордуулсан зарим санал Ерөнхийлөгчийн төсөлд байна. Шүүхийн шинэчлэлийн хэсгийг бүхэлд нь хасах тухай асуудлыг жишээлж болно. Шүүгчийг томилох, бие даасан байдлыг нь хангах, хариуцлага тооцох, огцруулах бүх процессыг системээр нь шинэчлэх, үр дүнд нь нийгэмд хууль дээдлэх, шударга ёсыг сэргээн тогтооно гэж тооцоолсон. Үүнтэй холбоотой бүх заалтыг хасах санал Ерөнхийлөгч тавьсан. Шүүгчийн сахилгын хороо байгуулна гэснээс өөр юм байхгүй. Тэрийг нь хэн яаж хэзээ, ямар хугацаатай байгуулах, хэрхэн сэлбэх, хянах тухай асуудал огт байхгүй. Ганц ийм байгууллага байгуулснаар нийгэмд тогтсон шударга бус байдлыг хална гэдэг боломжгүй санагдаад байгаа юм.
-УИХ 108 гишүүнтэй, таван жилийн хугацаатай байх гэдэг дээр хүмүүс байр сууриа их илэрхийлж байна. Хүн амынхаа тооноос хамаараад манай улс энэ хэмжээний парламентын гишүүдтэй байх ёстой гэж байна. Энэ тухайд?
-Дэмжмээр заалт, даанч болохгүй. Миний санаагаар бол бүр 150 гишүүнтэй байх ёстой юм. Ерөнхийлөгчийн саналд байгаа 108 гэдэг бол бас л цөөдөхөөр байгаа. 140-150 гэдгийг санамсаргүй гаргаагүй. Парламентын гишүүдийн тоо хэд байвал ард түмнээ бодитой төлөөлж чадах вэ, хэд байвал төсөвт шаардлагагүй дарамт үүсгэх вэ гэсэн тооцоо хийдэг хэд хэдэн аргазүй байдаг, түүгээр тооцвол 140-150 л гардаг. Өөрөөр хэлбэл, ард түмэн маань тооны хувьд бүрэн төлөөлөгдөж чадахгүй л байгаа юм. Магадгүй тийм учраас УИХ-ын гаргаж байгаа бодлого, шийдвэр ямагт шүүмжлэгддэг байх. Таван жил болгох тухай бол бас л бодууштай. Шууд нотолсон буюу няцаасан үндэслэл гаргах боломж надад одоогоор алга. Энэ асуудлыг судлаад өөртөө итгэлтэй болтол хариулт авч амжаагүй л байна.
-62 гишүүний өргөн барьсан төсөлд Ерөнхий сайд дээр нэмэх нь дөрвөн сайд “давхар дээл”-тэй байх гэсэн бол Ерөнхийлөгч ганцхан Ерөнхий сайд “давхар дээл”-тэй байхаар оруулж ирсэн. Үүнийг эерэг болон сөрөг тал юу вэ?
-Болно. УИХ-аар одоо хэлэлцэж байгаа төслийг боловсруулах үеэр ийм хувилбарыг бид судалж байсан, бас л боловсруулалтын явцад шүүгдээд хоцорсон заалт. УИХ-аар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил яг ийм санал тавьсан. Тиймээс, УИХ-ын хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр “зарчмын зөрүүтэй санал” гэж үзээд санал хураагаад явчих байх.
-Шүүх засаглалтай холбоотой өөрчлөлт Ерөнхийлөгчийн санал, төсөлд туссан. Тэр дундаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг Үндсэн хуульд заах тухай. Гэхдээ энэ байгууллагын хэн байгуулах, хэрхэн татан буулгах гэх мт нарийн ширийн зүйлийг огт тусгаагүй гэлээ?
-Шүүх засаглалтай холбоотой ерөөсөө ганцхан заалтыг л Ерөнхийлөгч өргөн барьсан. Тэр нь шүүхийн шинэчлэлийг хийхэд хэтэрхий хангалтгүй байгаа юм. Авилга шүүхэд байгаа нь үнэн, түүнийг цэвэрлэх хэрэгтэй. Харин хэн яаж цэвэрлэх вэ гэдгийг бодох хэрэгтэй. Шүүхийн асуудал өнөөдөр бүгд Ерөнхийлөгчөөс хамаарч байгаа, ганц хүн тэмцээд дийлэхгүй байна, тиймээс системийн шинэчлэл хэрэгтэй юм.
УИХ-аар хэлэлцэж байгаа үндсэн төсөлд томилох, бие даасан, хараат бус байдлыг хангах, хариуцлага тооцох, огцруулах чиг үүргүүдийг тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудаар гүйцэтгүүлье гэж заасан байгаа. Шүүгчийг Шүүхийн ерөнхий зөвлөл сонгоно, бүрэлдэхүүнд нь шүүгчид, бас хууль зүйн боловсролтой хүмүүс байна, гэхдээ Ерөнхийлөгч батламжилна. Шүүн таслах ажиллагааны прецессын дагуу Дээд шүүх хяналтын шатны шугамаар шийдвэрт нь хяналт тавина, тиймээс заавал шүүгч нараас бүрдэх ёстой. Харин хариуцлага алдсан асуудлыг Шүүгчийн сахилгын зөвлөл хэлэлцэж, огцруулах шийдвэр гаргана. Тэр нь туршлагатай хуульч, эрдэмтэн, иргэдийн төлөөлөгчтэй байна, шүүгч нараас бүрдэхгүй. Тэгж байж, шүүгч нь шүүгчээ хаацайлдаг явдлыг арилгана, гэхдээ хуульзүйн нарийн асуудлыг ойлгодог бүрэлдэхүүнтэй байна. Ийм цогц асуудлыг бүхэлд нь хасах саналыг Ерөнхийлөгч тавьсан.
-Дээд шүүхийн шүүгчийг бүх насаар нь томилох саналыг Ерөнхийлөгч төсөлдөө оруулсан. Энэ хэр оновчтой өөрчлөлт вэ. Шүүгчдийг сонгодог болох саналыг ч хэлэлцүүлгийн үед гаргаж байсан?
Ерөнхийлөгчийн энэ саналыг дэмжмээр байгаа юм. Өмнө нь ийм хувилбар бас л яригдаж байсан. УИХ-аар хэлэлцэж байгаа төслийн хүрээнд саналын төвшинд харгалзаад шийдчих боломжтой. Гэхдээ бүх насаар нь биш шүү, Ерөнхийлөгч “хугацаагүй томилно” гэж байгаа, тэр нь зөв. Энэ нь “тэтгэвэрт гартлаа” гэж ойлгоддог.
-Ерөнхийлөгч болон 62 гишүүний хуулийн төсөлд Шүүхийн сахилгын хороо байгуулах санал туссан. Шүүхийн ерөнхий зөвлөлд байсан хороог ингэж салгах нь хэр зөв өөрчлөлт вэ?
-Маш зөв. Энэ тухайд УИХ-ын хэлэлцэж байгаа санал ч Ерөнхийлөгчийн санал ч нийлж байгаа. ШЕЗ-өөс сонгон шалгаруулчихаад тэр байгууллагын харьяа Шүүгчийн ёсзүйн хороо шударга ажиллахгүй байгаа. Өөрсдөө томилсон шүүгчдээ өөрөө хариуцлага тооцож чадахгүй байна гэж Ерөнхийлөгч хэлсэн, тэр нь үнэн.
Харамсалтай нь, Ерөнхийлөгчийн саналд шүүгчтэй хариуцлага тооцдог байгууллагаа хэрхэн байгуулах вэ, хэрхэн ажиллах вэ гэдэг нь алга. УИХ-аар хэлэлцэж байгаа төсөлд эдгээр асуудлыг тодорхой зохицуулсан. Шүүгчийг шүүхийн тулд нэгд, тэр байгууллага шүүгчдээс бүрддэг байж болохгүй, тэгэхгүй бол шүүгч нь шүүгчээ хаацайлдаг байдлаас салахгүй: хоёрт, шүүгчийг шүүх хэмжээний хууль зүйн боловсролтой байх ёстой, тиймээс туршлагатай хуульч, хуульч эрдэмтэн, иргэний төлөөлөгч байх ёстой юм. Тийм тэнцвэртэй бүрэлдэхүүнтэй байж байж сая шүүгчийг огцруулах асуудлыг шийдвэрлэнэ.
-Нам байгуулах босгыг 50001-ээс доошгүй гишүүнтэй байх гэсэн заалт байгаа. Ингэснээр жижиг намууд үйл ажиллагаа явуулах боломжийг хаах юм биш үү?
-Энэ бол эргэлзээтэй. Би няцаах үндэслэл гаргаж чадахгүй болохоор эргэлзээтэй гэж хэлж байгаа юм. Жижиг намуудын үйл ажиллагаанд мэдээж нөлөөлөх л байх, гэхдээ төрийн эрхийг барих зорилготой бүлэглэл хүн амын тодорхой хувийн дэмжлэгийг заавал авах ёстой. Нөгөө талаас, нам бол иргэдийн сайн дурын эвлэл, хүний эвлэлдэн нэгдэх эрхийг хамаагүй хязгаарлаж болохгүй. Тэгэхээр нам байгуулах босго хэд байвал зохистой вэ гэдгийг хэлж мэдэхгүй байна. Харин 50001 гэж тоо нь өндөр, нам гэж хэлж мэдэхгүй, арай л өндөр юм шиг байгаа юм.
Харин нэг юм маш тодорхой ийм заалт Үндсэн хуульд байх ёсгүй, ердийн хуульд байх ёстой. Үндсэн хуульд намын зорилго, үйл ажиллагаа, татан буулгах гурван зарчмыг л тусгадаг. Яг хэдэн хүн санаачилж нам байгуулах вэ гэдэг бол хэтэрхий нарийн асуудал, үүнийг ердийн хуулиар зохицуулах ёстой.
-Манайд 33 нам бүртгэлтэй байдаг юм билээ. 50001-ээс дээш гишүүнтэй нам байгуулснаар эдгээр нам бүгд түдгэлзэх үү?
-Хэлж мэдэхгүй байна. Ерөнхийлөгч өөрийнхөө төслийг өргөн барихдаа Үндсэн хуулийнхаа төслийг УИХ гуравдугаар хэлэлцүүлгээрээ батлах ёстой, баталсныхаа дараа гурван зүйлийг хийх ёстой гэсэн. Нэгд, намын хуулийг шинээр батлаад бүх намыг, түүний дотор АН, МАН-ыг тараах, хоёрт, сонгуулийн хуулийг шинээр батлах, гуравт, энэ хоёр хуулийг баталсныхаа дараа УИХ тарах ёстой гэсэн. Тэр ёсоор явбал 33 нам бүгд тарах ёстой л болох байх даа.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа ард нийтийн санал асуулга авах нь зүйтэй юү?
-Зүйтэй юү гэвэл мэдээж зүйтэй. Лав л буруу биш.
-Гэтэл Ерөнхийлөгч дахин хуулийн төсөл өргөн барьсантай холбоотойгоор Үндсэн хууль батлахаар төлөвлөж байсан хугацаа өөрчлөгдсөн. Тэгэхээр ард нийтийн санал асуулга явуулж амжихааргүй боллоо гэж хараад байна л даа?
-Санал асуулга явуулж ч болно, явуулахгүй байж ч болно. Энэ нь УИХ-ын эрх мэдлийн асуудал. Үндсэн хуулийн 68 дугаар зүйлд энэ асуудлаар ард нийтийн санал асуулга явуулж болно гэж заасан. “Болно” гэдэг чинь санал асуулга “явуулахгүй байж ч болно” гэсэн үг. Тиймээс Үндсэн хуулийн 69 дүгээр зүйлд нь УИХ дангаараа шийдэж болно гэж шууд заасан байгаа. Тэгэхээр УИХ гуравдугаар хэлэлцүүлгээрээ баталъя гэвэл баталж болно. Ард нийтийн санал асуулга хийе гэвэл арваннэгдүгээр сард ч хийж болно. Ард нийтийн санал асуулгыг зөвхөн зуны улиралд хийнэ гэсэн хууль байхгүй. Дахиад хэлэхэд энэ бол Үндсэн хуулиар УИХ-д олгосон эрх.
-Ер нь энэ парламентыг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах чадамжгүй гэдэг байр суурийг олон хүн илэрхийлж байгаа. Таны хувьд үүнийг хэрхэн харж байна вэ?
-Энэ улс төрийн асуудал, тиймээс нэг утгатай хуульзүйн хариулт өгөх боломжгүй. Өнгөрсөн долоо хоногт болсон хэлэлцүүлгийн үеэр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай зөвхөн хуульчид, энгийн иргэд голдуу үгээ хэлсэн, парламентад суудалгүй улс төрийн намын төлөөлөгчид улстөржихөөс өөр ажил хийгээгүй, дорвитой санал огт гаргаагүй. “Энэ парламент ёс суртахууны эрхгүй” гэж л яриад байсан, хэлэлцүүлгийг үймүүлэх л ажил хийсэн. УИХ-ын одоогийн бүрэлдэхүүн ёс суртахууны эрхгүй гэвэл дараагийн сонгуулиар бүрэлдэх УИХ-ын бүрэлдэхүүн, ямар ч намаас олонх болсон бай, ёс суртахууны хувьд одоогийнхоос илүү байна гэж би огт бодохгүй байна.
Эцсийн эцэст, Үндсэн хуулийн дагуу УИХ бол ард түмнээс сонгогдсон, ард түмнийг төлөөлөх эрхтэй цор ганц байгууллага. “Ард түмнээс сонгогдсон ерөнхийлөгч” гэж их ярьдаг, энэ бол улстөрийн хэлц болохоос Үндсэн хуулийн агуулга огт байхгүй. Хүн төрөлхтний түүхэнд ард түмнийг төлөөлөгчдийн байгууллага л төлөөлж байсан, ганц хүн хэзээ ч төлөөлж байгаагүй. Ард түмэн гэдэг ажилчин, малчин, сэхээтэн, баруун аймгийнхан, зүүн аймгийнхан, хотынхон, хөдөөнийхөн гээд олон бүлэг, давхаргад хуваагддаг, тэдний төлөөлөгчид нь парламентад сууж, шийдвэр гаргадаг. Хаан, ерөнхийлөгч нар аль ч оронд улсаа төлөөлж “ёслолд оролцдог” болохоос ард түмнээ төлөөлж “шийдвэр гаргадаг” хүмүүс биш. Тиймээс Үндсэн хуулийн дагуу Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бүрэн эрхтэй этгээд бол гагцхүү УИХ.