Open iToim app
Эрүүл монгол | 3 мин уншина

З.Цолмон: Дөрвөн хүүхэд тутмын нэг нь халдварт өвчний эрсдэлт нөхцөлд байна

З.Цолмон: Дөрвөн хүүхэд тутмын нэг нь халдварт өвчний эрсдэлт нөхцөлд байна
Нийтэлсэн 2018 оны 2 сарын 26
Хүн амын хоол тэжээ­лийн байдал үндэсний V судал­гааны дүнг танилцуулсан билээ. Судалгааг Нийг­мийн эрүүл мэндийн үндэс­ний төв, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэг­тэйгээр хийж гүйцэтгэсэн байна. Судал­гаанд хамрагдсан хүн ам төмөр, А, Д амин дэм, иодын дутагдал, илүүдэл жин ба таргалалт их байгаа нь тогтоогджээ. Мөн хоол тэжээлээс хамааралтай эмгэг их байна. Нийт хүн амын хоногт хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл цөөн, амин дэм, эрдсийн дутагдлын тархалт их, тав хүртэлх насны хүүхэдтэй өрхийн 64 хувь нь хүнсний баталгаат байдал ямар нэг хэмжээгээр алдагдсан, таргалалт нийгмийн эрүүл  мэндэд ноцтой сөрөг үр дагавар учруулах төвшинд хүрсэн үр дүн гарчээ. Бичил тэжээлийн дутаг­дал нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуу­дал болсон гэдгийг судал­гааны багийнхан дүгнэн хэлж байлаа.мэргэжилтэн З.Цолмонтой хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Таны хувьд 6-11 насны хүүхдийн хоол тэжээлийн байдлын талаар судалгаа хийсэн. Судалгааны үр дүн хэрхэн гарсан бэ?
-Судалгаанд 21 аймгаас төлөөлөл болсон 1744 хүүхэд оролцсон. Эдгээр хүүхдүүдийн хоол тэжээлийн  байдал, иоджуулсан давсны хангамж, эрүүл бус хүнсний хэрэглээ, биеийн тамирын хичээлд хамрагдах байдал гэсэн хоол тэжээлийн эмгэгийг үнэлдэг 4 үзүүлэлтээр судалсан. Өсөлт, хоцролт буюу тухайн насандаа тохироогүй өндөртэй хүүхдүүдийн хувь 2.8, илүүдэл жин 22.8, таргалалт 6.4 хэмээн авч үзсэн. Нийт 6-11 насны  дөрвөн хүүхэд тутмын нэг нь илүүдэл жинтэй буюу халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлд өртсөн байна. 2010 онд Хүнс тэжээлийн 4-р судалгаатай харьцуулахад илүүдэл жин болон таргалалтын хэмжээ огцом нэмэгдсэн байна.
-Илүүдэл жин, таргалалт огцом нэмэгдэхэд нөлөөлсөн хүчин зүйлүүд юу байна вэ?
-Эрүүл бус хүнсний хэрэглээг тухайн судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн өмнөх 7 хоногт хэрэглэсэн хүнсээр тооцоолсон. Нийт судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 98.2 хувь нь долоо хоногт нэг ба түүнээс дээш удаа эрүүл бус хүнс хэрэглэж байна гэсэн дүгнэлт гарсан. Ялангуяа хүүхдүүдийн дунд сахарын агууламж өндөртэй хүнс хэрэглэх нь  өндөр байна. Хүйсийн харьцаагаар авч үзвэл эрэгтэй хүүхдүүд илүү эрүүл бус хүнс хэрэглэж байна.
-Яагаад эрэгтэй хүүхдүүд илүү эрүүл бус хооллож байна вэ. Мөн эрүүл бус хүнсний хэрэглээг хэрхэн тодорхойлж байгаа вэ?
-Эрүүл бус хүнс гэдэг нь илчлэг өндөртэй, шим тэжээл багатай хүнс ордог. Бид эрүүл бус хүнсийг чихэрлэг ундаа, чихэрлэг хүнсний бүтээгдэхүүн, шарж болгосон хүнсний бүтээгдэхүүн хэмээн тодорхойлж судалсан. Эрүүл бус хүнсний хэрэглээ илүүдэл жин таргалалтад нөлөөлж байна. Сургуулийн насны хүүхдүүдийн дунд илүүдэл жин их байгаа. Үүний сөрөг нөлөө нь халдварт өвчний эрсдэл болон халдварт бус өвчин буюу даралт ихсэх, цус харвах өвчлөл бусад хавдрын өвчлөл, дагаж хавсрах өвчлөлүүд нэмэгдэж байна гэсэн үг юм.
-Манай улсын хувьд давсны хэт өндөр хэрэглээтэй гэсэн судалгааны дүн гарсан. Тэгсэн мөртлөө иодын дутагдлын талаар яригдаж байгаа нь ямар учиртай вэ?
-Иоджуулсан давсны хангамжийг иод дутлын  эмгэг буюу бахлуур өвчин, шээсээр ялгарч буй  иодын хэмжээ гэсэн үзүүлэлтээр үнэлсэн. Нийт судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 7.8 хувь нь бахлуур өвчтэй байсан. Нийт судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн шээсээр ялгарч буй иодын дундаж хэмжээ 140 мкгр.л байсан. Уг нь хэвийн хэмжээ нь 100-199 мкгр.л  байдаг. Тиймээс судалгаанд хамрагдсан хүүхдүүд хоол хүнсээрээ иодыг авч байна. Гэвч баруун бүсийн хүүхдүүд хэвийн хэмжээнд хүрэхгүй байгаа. Тиймээс баруун бүсийн айл өрхүүд иоджуулсан давсны хэрэглээндээ анхаарах ёстой. Хоол хүнсэндээ энгийн давс биш иоджуулсан давс хэрэглэх шаардлагатай. Иод нь нэгдүгээрт бамбай өвчнөө сэргийлдэг. Хоёрдугаарт оюун ухааны хомсдлоос сэргийлдэг.
-Сургуулийн насны хүүхдийнхээ хоол тэжээлийн байдалд эцэг эхчүүдийн анхаарах ёстой нийтлэг зүйл байгаа юу?
-2012 онд сургуулийн эргэн тойронд худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүний марктенгийн судалгаа, 2015 онд чанар аюулгүй байдлын судалгаа хийгдэж байсан. Үүний үр дүнд сургуулийн эргэн тойронд эрүүл бус хүнсний бүтээгдэхүүний зар сурталчилгаа их, эрүүл бус хүнс их худалдаалагдаж байгааг тогтоосон. Тиймээс эцэг эхчүүд  хүүхдийнхээ хоол тэжээлд багаас нь анхаарч, илчлэг шим тэжээл хангалттай хүнсээр хүүхдээ хооллох хэрэгтэй. Аль болох илчлэг өндөртэй, шим тэжээл багатай хүнсээс татгалзах хэрэгтэйг хүүхдүүддээ анхааруулах хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн