Их Монгол Улс нь дэлхийн түүхэн дэх хамгийн том үргэлжилсэн газар нутгийг эрхшээсэн эзэнт гүрэн юм. Энэхүү эзэнт гүрэн нь 1206-1368 оныг хүртэл оршин тогтнохдоо Евразийг тэр чигт нь хамрах агуу том хил хязгаарыг тогтоохын тулд маш олон дайн тулаан, эзлэн түрэмгийлэл, харгислалыг үйлдсэн ч эдгээр нь тухайн үеийн дэлхий ертөнцөд энх тайвныг тогтоох агуу нэгний хүсэл доор нэгдэж байв.
Анх 1206 онд Боржигон овгийн удирдагчийн хүү Тэмүүжин нь залуу насандаа Монголын тал нутаг дахь бүх хүчирхэг овог аймгуудыг ялж, тархай бутархай, нүүдэлчин ард түмнийг нэгэн хүчинд нэгтгэх Их Монгол Улсыг байгуулснаар Чингис хаан буюу “ертөнцийг захирагч” гэж өргөмжлөгджээ. Хэдий ялагдсан овог аймгийн язгууртнууд түүнд өсөрхөж байсан ч Чингис хаан өөрийгөө дэлхийн түүхэн дэх хамгийн агуу удирдагч гэдгээ бүгдэд нотлон харуулж чадсан юм.
Тухайн үеийн нүүдэлчин ардын амьдрал ахуй таван хошуу малаа бэлчээх үржил шимтэй газраас ихээхэн хамаарч байв. Өөрөөр хэлбэл ган гачиг, зудын аюул нүүрлэсэн тохиолдолд нүүдэлчдийн амьдрал хэрхэх нь зөвхөн байгалийн хүчнээс шалтгаалж байжээ.
Харин Чингис хаан үүнийг олж харсан анхны удирдагч байв. Тэрээр нүүдэлчдийн байгалиас хараат байдлыг үгүй хийхийн тулд Хятад улстай худалдаа хийж, газар тариаланг хөгжүүлэн, татвар хураах болсон байна. Мөн хууль цаазыг өөрчилж цэрэг армийн феодал хэлбэрийн Засгийн газрыг төвхнүүлжээ. Гэхдээ тэрээр худалдаа болон шашны эрх чөлөөг хүлээн зөвшөөрч, тухайн үеийнхээ орчин үеийн технологийг суралцах, хөгжүүлэхэд онцгойлон анхаарч эхэлсэн байна. Үүний үр дүнд Монголын хүчирхэг морин цэргийн арми дөрөө, хавчаахай нум сум, арьсан хуяг болон дарь зэргийг эзэмших болжээ.
Орчин үеийн зэвсэг, технологиор иж бүрэн хангагдсан, зөвхөн их хаандаа үнэнч, өндөр хатуужилтай морьт цэргүүд хоромхон хугацаанд тухайн үеийн дэлхий ертөнцийн хамгийн хүчирхэг арми болон хувирчээ. Гэхдээ тэдний дайны талбар дахь амжилтын нууц нь Чингис хааны боловсруулсан тулааны тактик, өндөр зохион байгуулалт нь байсан юм. Их Монголын эзэнт гүрний арми нум суман шуурга буулгаж, хүчирхэг их буу, ухрах үедээ давтан цохилт өгөх, байгалийн саад тотгорыг давуу тал болгон ашиглах, стратегийн зөв байршил эзлэх болон сэтгэл зүйн дайн хийхдээ хэнийг ч дагуулахгүй болж хөгжсөөр байв. Ингэхдээ эзлэн түрэмгийлсэн улс бүрийнхээ шинэ содон, орчин үеийн технологийг өөрсдөдөө амжилттай нэвтрүүлсээр байжээ.
Олон түүхчид Чингис хааны алсын хараа, улсаа тэлэх бодлого нь XIII зууны үеийн нүүдэлчдийн байгалиас хэт хараат ахуйг өөрчлөх шаардлагын үндсэн дээр нийгмийн захиалгатай бий болсон гэж үздэг. Их Монгол Улс нь 162 жилийн турш байлдан дагуулах хугацаандаа нийт 19 сая хавтгай дөрвөлжин километр газар нутгийг эзэлжээ. Олон түүхч, судлаачид энэ он жилүүдэд Монголчууд Евразийн олон сая иргэнийг алж, хэдэн зуун хот тосгодыг газрын хөрснөөс арчсан аймшигт, түрэмгийлэл үзүүлсэн гэдэг.
Гэхдээ энэ бүхэн “Pax Mongolica” буюу дэлхий дахинд энх тайван, эмх журмыг тогтоох үйл хэрэгт зайлшгүй гарах золиос байсан юм. Их Монгол Улс нь энх тайван, тогтвортой хөгжил, найдвартай, аюулгүй худалдааны замыг хүн төрөлхтөнд санал болгож байв. Гэвч 1227 оны намар Чингис хаан таалал төгссөнөөр Их Монгол Улсын доройтол эхэлсэн түүхтэй. Түүний залгамжлагчид Чингис хааны цуглуулсан улсыг дөрвөн хэсэг болгон ахин хуваарилсан байна.
Их Монгол Улсын байлдан дагуулалтын мэдээ нь тэдэнд эзлэгдээгүй улсуудад айдас болж хүрдэг байжээ. Тиймээс тэдэн рүү ирж болзошгүй морьт цэргийн аймшигт дайралтаас зугтан тухайн үеийн Европ тивд их нүүдэл болж байсан гэж түүхч Лиана Ларри үздэг. Энэ нь тухайн үедээ дэлхий дахинд асар том хэмжээний цагаачдын эрин үеийг бий болгоход нөлөөлжээ. Тухайн үеийн хүмүүсийн Монголчуудын талаарх айдас нь ирээдүй үеийнхний төсөөлөлд маш их сөргөөр нөлөөлжээ.
Үнэн хэрэгтээ Их Монголын эзэн гүрэн дэлхийн түүхэн агуу их ололт амжилтуудыг үлдээсэн нь өнөөдрийн хүн төрөлхтний зарим гол зүйлсийн суурь болсоор байна. Тэд дэлхий ертөнцөд Торгоны замаар дамжуулан худалдаа, соёл, түүхийн өвийг өвлүүлсэн бөгөөд ард түмнийг хэрхэн нэгдмэл үзэл санаа, хүчин доор нэгтгэж ямар өндөр амжилт, амар амгалан, энх тайванд хүрч болдгийг харуулж чадсан юм.
Эх сурвалж: National Geography