Бид энэ удаагийнхаа ярилцлагаар Монгол улсын нэрийг Франц улсын үндэсний циркийн тайзнаа дуурсгаж яваа жүжигчин, уран нугараач Ж.Сувдтай ярилцлаа. Тэрээр Францын Парис хотод амьдардаг бөгөөд Франц улсын нэр хүндтэй циркүүдэд уран нугаралт болон агаарын номерыг үзүүлдэг юм.
-Сайн байна уу. Өөрийгөө бидэнд танилцуулахгүй юу?
-Сайн байна уу, Намайг Жамбаадоржийн Сувд гэдэг. Би Франц улсын Парис хотын Олон улсын жүжигчин Artist бэлтгэдэг CNAC ENACR сургуульд жүжигчний мэргэжлээр сурдаг. Одоо хоёрдугаар дамжааны оюутан. Би сурахынхаа хажуугаар Франц улсын үндэсний циркт уран нугаралт болон агаарын номер үзүүлдэг. Мөн бүжгээр хичээллэдэг.
-Парис хотын маш олон циркүүдтэй хамтарч ажиллаж байсан гэсэн. Энэ талаараа тодруулахгүй юу?
-Би өмнө нь Францын үндэсний цирк болох D'hiver Bouglione, Medrano, Zavatta Douchet, Claudio Zavatta, Pinder гэж циркүүдтэй уран нугаралт болон агаарын номероор хамтарч ажиллаж байсан. Одоо сургууль тал руугаа анхаарч байгаа болохоор тоглолт шоуг түр хойш тавьсан байгаа.
-Хэдэн настайгаасаа, ямар багшийн удирдлага дор нугарч эхэлсэн бэ?
-Би 11 настайгаасаа эхэлж МУГЖ. П.Даваахүү багшийн удирдлага дор бэлтгэлээ хийж уран нугаралтыг сурсан. Монголын үндэсний АСА циркт бэлтгэлээ хийдэг байсан. Тэр цагаас хойш өдий хүртэл уран нугаралтаар хичээллэж байна. Хэдийгээр өөр мэргэжлээр сурч байгаа ч уран нугаралтаа хэзээ ч хаяхгүй гэж боддог.
-Урлагийн хүн болоход юу нөлөөлсөн бэ?
-Манай гэр бүл болон хамаатнууд дундаас урлагийн хүн ховор байдаг. Миний хувьд багаасаа л урлагийн хүн болохыг мөрөөддөг байсан. Ээж маань ч тэрийг мэддэг байсан. Тиймээс ээж сайн багш хайж байгаад намайг уран нугаралтын дугуйланд бүртгүүлтэл тэнцээд тэр өдрөөс хойш уран нугаралт гэдэг зүйл миний амьдралаас хэзээ ч салшгүй зүйлсийн минь нэг болсон юм.
-Мэдээж гэр бүлийнхэн нь маш их дэмжиж, тусалдаг байх. Гэр бүлийнхээ талаар товч танилцуулахгүй юу?
-Мэдээж гэр бүлийнхэн маань дэмждэг. Би Парист ганцаараа амьдардаг. Ганцаараа амьдардаг учраас хүнд хэцүү үе ирнэ. Тэр бүх цаг үед гэр бүлийнхэн маань хэрэгтэй бүх зүйлд тусалж, байнга ярилцаж, сэтгэл санаа болон дэмжих тал дээр үргэлж хажууд байдаг. Манай аавын хувьд Итали улсад элчин хийдэг. Олон улсын харилцааны мэргэжилтэй. Харин ээж маань шүүгч мэргэжилтэй. Одоо Франц улсын элчин сайдын яамд ажилладаг. Гэхдээ би аав, ээж хоёроосоо мөнгөн туслалцаа авдаггүй. Би өөрөө шоунд гэрээтэй байдаг санхүүгийн тал дээр хүнээс туслалцаа авдаггүй. Айлын бага охин хоёр эгч, нэг ахтай. Том эгч маань Франц улсад ажиллаж амьдардаг. Надад хамгийн их тусалдаг, дэмждэг сайн найз шиг л байдаг. Дунд эгч, ах хоёр маань Монголд шүүхийн байгууллагад ажилладаг. Монголоос хэрэгтэй бүх зүйлд минь тусалдаг.
-Гадаад улсад амьдарч, сурахад гэр бүлийн байдал нөлөөлсөн үү?
-Манай ээж, аав, ах, эгч нар болон миний хувь хүмүүжил болон боловсролын тал дээр багаас минь анхаарч ирсэн. Боловсрол хүмүүжил гэдэг зүйл бол хүний амьдралд хэрэгтэй гол зүйлүүдийн нэг байдаг. Тийм учир гадаадад сайн их сургуульд дуртай мэргэжлээр суралцахыг хүссэн.
-Уран нугаралт, агаарын үзүүлбэрээрээ ямар нэгэн амжилт гаргаж байсан уу?
-Уран нугаралт болон агаарын номероор Монгол Улсад тэмцээнд орж байгаагүй. Харин ОХУ болон БНХАУ, Солонгос, Итали улсад оролцож байсан. ОХУ-ын залуу циркчидын тэмцээнээс 2-р байрт орж байсан. Мөн БНХАУ-ын Олон улсын циркчидын тэмцээнд ороод 2-р байр эзэлж байсан. Итали улсад зохион байгуулагддаг урлагийн фестивальд оролцож тэргүүн байр эзэлж байсан. Одоо ойрын хугацаанд тэмцээнд явах бодолгүй байгаа. Ойрын гурван жилдээ бэлтгэлээ сайн хийж байгаад А зэрэглэлийн тэмцээнд явахаар төлөвлөж байна.
-Монголын уран нугараачдын чадвар чансаа дэлхийд хэрхэн үнэлэгддэг вэ?
-Монголын уран нугараачдын чадвар дэлхийд мэдээж дээгүүр ордог. Монгол уран нугараачид уян хатан байдал, тэвчээртэй зан чанар гээд л олон давуу талтай байдаг. Монгол уран нугараач гэхээр олон улсын циркийн жүжигчид сайнаар хүлээж авдаг.
-Сургуулиа төгсөөд эх орондоо ирж ажиллах бодол байгаа юу?
-Сургуулиа төгсөөд Монголдоо очиж ажиллах тал дээр одоохондоо бодсон зүйлгүй байгаа. Ер нь бол гадаад улсад жүжигчин найруулагчаараа ажиллана гэж боддог. Магадгүй гурван жилийн дараа амралтаараа очих байх.
-Өөрийн цаашдын ирээдүйгээ хэрхэн төсөөлж, төлөвлөж байна вэ?
-Ирээдүйнхээ талаар төсөөлдөг ч бүүр эцэст нь тултал боддоггүй. Юу ч болохыг таашгүй гэхдээ мэдээж сурах ёстой зүйлээ сурч, хийх ёстой зүйлээ бага багаар биелүүлж байхад болох байх гэж бодож байна. Ойрын төлөвлөгөөнд бол хий дэмий зүйлд цагаа үрэхгүйгээр сургуулиа амжилттай нэр хүндтэй төгсөхийг хичээж байна.
-Олон газруудад амьдарч байсан юм байна лээ. Ямар ямар улсад сурч байсан вэ. Хэдэн хэлтэй вэ?
-Би Парисд ирээд дөрвөн жил болж байна. Өмнө нь Солонгос болон Италид сурангаа шоу компаниудтай гэрээ хийж ажиллаж амьдардаг байсан. Хэлний хувьд Монгол, Солонгос, Итали, Франц , Англи хэлээр ярьдаг. Одоо байгаа орчинд бол ихэвчлэн Англи, Франц хэлээ хэрэглэдэг.
-Залуу хүнийхээ хувьд Монгол Улсын ирээдүйг хэрхэн хардаг вэ?
-Монголын ирээдүй болсон залуусыгаа гэрэл гэгээтэй, зөв бодолтой, аливаа зүйлийг эерэг талаас нь хардаг байгаасай л гэж хүсэж байна. Би Монголын мэдээлэлтэй ойрхон байдаггүй учир шууд Монголын ирээдүйг ийм тийм гэж хэлэхгүй. Гэхдээ Монгол хүн гэдэг агуу их тэвчээртэй, авьяас чадвартай, гайхалтай хүмүүс байдаг. Тиймээс хүн өөрийнхөө дуртай хамгийн сайн чаддаг зүйлээ хөгжүүлж хийж байхад ямар ч газар нэр хүндэд хүрэх боломжтой гэдгийг хэлмээр байна.