Open iToim app
Улс төр | 4 мин уншина

З.Энхболд: Хандив өгсөн хүмүүсийн 75 хувь нь шинэ хүмүүс. Тэгэхээр нэр дэвшигчдийн 75 хувь нь цоо шинэ хүн байна

З.Энхболд: Хандив өгсөн хүмүүсийн 75 хувь нь шинэ хүмүүс. Тэгэхээр нэр дэвшигчдийн 75 хувь нь цоо шинэ хүн байна
Нийтэлсэн 2020 оны 2 сарын 13
Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд ажлаа өгч байгаа талаараа мэдээлэл хийж сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрээр өнөөдөр Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаас чөлөөлөгдөх өргөдлөө өгч байгаа аж. Гурван сарын дараа болох сонгуульд нэр дэвших учраас сонгуулийн ажилдаа төвлөрч ажлаа өгөхөөр болжээ.
-Та хаанаас нэр дэвших вэ?
-Би хаанаас ч дэвшиж магадгүй. Судалгаа хийнэ.
-ЕТГ-ын даргын ажлаа өгөөд АН-д ямар нэгэн албан тушаалд очих уу?
-Би АН-д ямар нэгэн албан тушаалд очихгүй. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн АН-ын дарга С.Эрдэнийн орон тооны бус ахлах зөвлөх болсон. Тэр ажлаа бол хийнэ. Сонгуулийн ажилд ямар нэгэн байдлаар оролцоно.
-Таныг намын даргаа өмөөрч Ерөнхийлөгчтэй санал зөрөлдөж ажлаа өгч байгаа гэсэн мэдээлэл байна?
-Би ерөнхийлөгчтэй санал зөрөлдөөгүй. Ерөнхийлөгч “сонгууль дөхөж байна. Юмаа хий” гэсэн. Би хэнтэй ч санал зөрөөгүй. Би амиа бодмоор байна. Сонгууль болоход гуравхан сар үлдэж байна. Өмнөх сонгуулиар би онгоцоор улс тойрсоор байгаад өөрөө унасан. Одоо бол гурван сар аль нэг тойргийг сонгож очоод тэндээ бэлтгэл хийх гээд байна.
-Таны ажлыг хэн авах вэ?
-Миний оронд Хөл бөмбөгийн холбооны Шижир ирнэ. Маргаашаас ажилдаа орно. 
-Өвөрхангайн Цензургүй сурвалжлагыг таныг захиалж хийлсэн гэсэн гэж байгаа?
-Би Өвөрхангай Цензургүй сурвалжлагыг 21.00 цагт гарахад нь үзсэн. Би найман жил Өвөрхангайг төлөөлж Их хуралд суусан. Миний үеийн гишүүд Өвөрхангай аймагт очоод Я.Содбаатар гишүүн шиг тендер авсан гэсэн юм огт сонсоогүй байх. Бид хэд тэгж тендерт оролцдог ёс зүйгүй гишүүд байгаагүй. Сүүлийн дөрвөн жил замбараагаа алдсан байна. Өвөрхангай аймгийн ИТХ-ын гишүүн болоогүй бол тендер олдохгүй балай систем бий болгосон байна. Би энэ нэвтрүүлгийг зөв гэж үзэж байгаа. Цаашид бусад аймгууд ч гэсэн ийм нэвтрүүлгүүд гараасай гэж бодож байна. Тэгэхгүй бол Өвөрхангай аймагт 1992 оноос хойш АН Иргэдийн хуралд нь олонх болж үзээгүй учраас сөрөг хүчингүй байгаа. Ийм газар Цензургүй шиг нэвтрүүлэг очиж ажиллах нь зөв.
-Нийгмийн даатгалын сантай холбоотой асуудлаар АН-ын хоёр газрын даргыг барьж хориод байгаа. Сангийн хөрөнгийг танай намыг засаг барьж байх үед Капитал банкинд байрлуулсан уу?
-Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкинд хадгалаад 30 жил болж байна. 2012-2016 оны үед Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг бүрэн хүлээлгэж өгсөн. Нэг ч төгрөг алдагдаагүй. Н.Номтойбаярын үед энэ мөнгө бүрэн бүтэн байсан. С.Чинзориг сайдын үед банкны байдал муудлаа гэж дохио өгсөөр байтал мөнгөө аваагүй учраас энэ мөнгө алга болсон. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг банкинд байршуулдаг гэрээ гэж бий. Анхны шинж тэмдэг илэрмэгц мөнгөө татах авах эрх С.Чинзориг сайдад байсан. Хэрвээ банкинд нь мөнгө байхгүй бол Төв банкинд хадгалуулдаг нөөц хөрөнгөнөөс нь хүртэл татаж авах эрх байсан. Тэгэхээр 2019 он эхлээд Капитал банк дампуурах эрсдэл байна гэж Төв банкнаас хэлсээр байтал мөнгөө татаж аваагүй С.Чинзоригийн буруу. Энэ мөнгийг алга болсныг хуулийн байгууллага шалгаж байгаа бол маш амархан. Ц.Уртнасан, Ч.Чулуунчимэг, дараагийн сайд Н.Номтойбаяр нарт огт хамаагүй. Мөнгө алга болсныг он сараар нь хайгаад хариуцлага тооцохын оронд огт хамаагүй хүмүүсийг хорьж, шалгаад байгаа нь буруу. Хуулийн байгууллагынхан ажлаа зохих ёсоор хийгээд байгааг би энэ ажлыг хийж байхдаа шүүмжилж болохгүй байгаа юм. Одоо бол би шүүмжилж болно гэсэн үг.
-2012-2016 онд танай нам олуулаа байхдаа 31 тэрбум төгрөг байсан Нийгмийн даатгалын мөнгийг 238 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Тэгэхээр танай нам найдваргүй банкинд аваачиж хийсэн үйлдэлдээ яагаад хариуцлага хүлээхгүй байгаа юм бэ?
-С.Эрдэнэ ажлаа өгөөд явахад энэ мөнгө хэвийн байсан. Н.Номтойбаяр хоёр жил ажиллахад ч хэвийн байсан. Тэгэхээр энэ мөнгө эрсдэлд орох процесс нь 2019 оны эхээр эхэлсэн. Нөхцөл байдал муудсан үед мөнгөө татаж авах ёстой.
-Улс төрийн албан тушаал учраас та ажлаа өгөхгүйгээр сонгуульд нэр дэвшиж болох байсан биз дээ?
-Улс төрийн албан тушаал учраас би огцрохгүйгээр ажлаа өгч болохоор байлаа. Өвөрхангай нэвтрүүлэг энэ тэр гараад надад хамаагүй юмыг надад наагаад байгаа учраас Ерөнхийлөгч “сонгуулиа бод. Энд байгаад байхаар өөрийг чинь янз бүрээр хэлээд байна” гээсэн. Бодвол МАН-ынхан гомдсон юм байлгүй дээ. Юун ч эмзэг юм. Ганц нэвтрүүлэгнээс болоод Ерөнхий сайддаа ховлоод. Тогтохсүрэн эд нар л яваад байх шиг байгаа юм.  
-АН нэр дэвшигчдээс 100 тэрбум төгрөг авч байж нэр дэвших эрхийг нь өгнө гэж байна. Энэ нь 60 тэрбумын гэх хэргээс ямар ялгаатай юм бэ? 
-100 саяын асуудал дээр АН-ыг сайшаах ёстой. Хэнээс хэдэн төгрөг аваад санхүүгээ босгож байгаагаа ил зарлаж байгаа анхны нам. АН-ын санхүүг үзвэл хэн гэдэг нэр дэвшигчид хэн хэдэн төгрөг өгсөн нь нээлттэй бий. Дэлхий даяар улс төрийн намууд хандиваа ингэж л авдаг.  Манай улсын хувьд нэр дэвшигчээр бүртгүүлээд үнэмлэхээ авахаас нааш данс нээлгэж хандив авч болдоггүй. Гэхдээ Улс төрийн намын тухай хуулиар намууд аль ч үед хандив авч болно. 
Жишээ нь би 40+30 сая төгрөгөө хандиваар цуглуулсан. З.Энхболд гэдэг хүнд хандив өгч болохгүй учраас АН-д хандив өгөөч гэдэг уриалга гаргасан. Хувь хүн нэг сая хүртэл, ААН 10 сая хүртэл төгрөгийн хандив өгөх эрхтэй. 70 хувь хүн эсвэл долоон ААН-ээс 70 сая төгрөг бүрдүүлээд өгсөн. Би хувиасаа нэг ч төгрөг өгөөгүй.  Ямар ч хууль зөрчөөгүй, ямар ч албан тушаал худалдаагүй. Энэ бол хуулиар зөвшөөрөгдсөн арга. Хандив өгсөн хүмүүс надаас ямар нэгэн зүйл шаардах эрхгүй. Тэр хүмүүс ямар нэгэн албан тушаалд очихгүй. 
-АН-аас нэр дэвшигчиддээ ямар шаардлага тавьж байгаа вэ? 
-АН залуучууд, эмэгтэйчүүдээ дэмждэг бодлого пропорцианаль системтэй хамт алга болсон. Одоо 15 хүртэл эмэгтэй гишүүн дэвшүүлэх эрхтэй байгаа. АН-аас нэр дэвших гэж байгаа 76 хүний 75 хувь нь өмнө нь гишүүн байгаагүй хүмүүс бий. Гуравны дөрөв нь цоо шинэ хүн. Над шиг гишүүн байсан хүн 10 гаруй л бий. Дээр нь одоогийн долоон гишүүн нэмэгдэнэ. Манай нам цоо шинэ хүмүүсийг нэр дэвшүүлнэ. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн