Хөл бөмбөгийн дэлхийн хамгийн үнэ цэнэтэй тоглогч, Португалийн шигшээ багийн шилдэг мэргэн бууч, энэ удаагийн дэлхийн аваргын долоо дахь хоногийн байдлаар хамгийн олон довтолгоо хийж, гоол оруулсан тамирчин гээд тоочоод байвал мундахгүй их гуншинтай Кристиан Рональдогийн спортын замнал, амжилтын түүхийг хуваалцъя.
Тэрбээр 1985 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр Португалийн Мадейр арлын Фунчал тосгонд дөрвөн хүүхэдтэй өнөр өтгөн айлыг бага хүү болон мэндэлжээ. Аав нь түүнд өөрийн хүндэлдэг АНУ-ын Ерөнхийлөгч Роналд Рейганы нэрийг өгсөн байна. Түүнийг спортын замналыг сонгоход хамгийн их нөлөөлсөн хүн бол тэдний тосгоных нь хөвгүүдийн шигшээ багийн дасгалжуулагч байсан Роналдугийн аав Хосе Диниш байсан гэдэг.
Дунд сургуульд байхдаа Рональдо тийм ч сайн сурлагатай сурагч байгаагүй бөгөөд 14 настайдаа гэр бүлийг нь ядуу хэмээн доромжилсон багш руугаа сандал авч шидээд сургуулиасаа хөөгдсөн байна. Түүний ээж Мариа хүүгээ тийм сургууль руу дахин явуулахгүй байхаар шийдэж, зөвхөн хөлбөмбөгтөө л анхаар хэмээн зөвлөсөн байна.
Рональдо 15 настайдаа төрөлхийн зүрхний хэвийн бус үйл ажиллагаатай гэж оношлогдон спортоо орхих дөхсөн байна. Гэсэн ч ээжийнхээ зөвлөснөөр спортоосоо хэсэг хугацаанд завсарлага авч, хагалгаа хийлгэсний эцэст ногоон талбайдаа эргэн гарсан байна.
Бага насаа далайн эрэг дээр хөлбөмбөг тоглож өссөн түүний Спортын анхны амжилт 2003 онд буюу 18 настай байхад нь Манчестер Юнайтед багаас 14 сая долларын гэрээ хийх саналаар эхэлсэн байна. Тэр цагаас эхлэн Рональдо дөрвөн удаагийн ДАШТ, Европын аварга шалгаруулах зэрэг олон улсын хэмжээний тэмцээнүүдэд оролцсон ба нийт 85 гоол оруулснаараа хөлбөмбөгийн түүхэн дэх хоёр дахь шилдэг мэргэн бууч болоод буй юм.
Лигийн тоглолтын хувьд тэрээр мөн л олон төрлийн рекорд тогтоосон. 2009 онд Реал Мадрид баг түүнийг авахын тулд 131 сая ам.долларын гэрээ үзэглэснээс хойш 2018 оныг хүртэл тоглож байсан юм.
Тэрээр аль ч лиг, шигшээд ялгаагүй энэ цагийн хамгийн хүчирхэг довтлогч гэдгээ баталсаар ирсэн ба 2003-2009 оны хугацаанд Манчестер Юнайтедийн төлөө 196 тоглолтод орж, 84 гоол оруулсан юм. Харин Реал Мадридын төлөө 236 тоглож, 260 бөмбөг оруулсан шилдгийн шилдэг довтлогч билээ.
Рональдо зөвхөн хөлбөмбөг биш загвар, зар сурталчилгааны салбарт ч эрэлттэй бөгөөд Nike, Armani, Jacob.co, Tag Heuer, Samsung, Castrol зэрэг дэлхийн алдарт брэндүүдийн нүүр царай болон ажилладаг юм. Тэрээр дэлхийн хамгийн баян, царайлаг хөл бөмбөгчнөөр нэрлэгдэж, дэлхийн даяар хэдэн зуун фентэй. Түүнчлэн, 2017 Forbes сэтгүүлээс дэлхийн хамгийн баян хөлбөмбөгийн тамирчдын жагсаалтад 400 сая ам.долларын хөрөнгөтэйгөөр нэгдүгээрт бичигдэх болсон юм.
Рональдо өөрийнхөө энэхүү амжилтын ард ямар ч ид шид нууц байхгүй зөвхөн шаргуу хөдөлмөр хэмээн тайлбарлажээ. Тэрээр шигшээ багийнхаа бэлтгэлийг нэг ч удаа тасалж үзээгүй гэнэ.
Өдгөө Рональдо төрсөн нутаг Мадейрын бахархал бөгөөд 2017 онд тус арлын нисэх онгоцны буудлыг түүний нэрээр нэрлэж, түүнд зориулан цээж баримал урлан байрлуулсан билээ.
Түүний бие дээр нэг ширхэг ч шивээс байхгүй. Учир нь Рональдо идэвхтэй цусаа хандивлагч бөгөөд тэрээр 24 настайгаасаа тогтмол цусаа хандивладаг болжээ. Энэ тухайгаа тэрээр “Шигшээд тоглож байх үед Мартинсийн хүү ясны хавдартай болж түүнд донор хэрэгтэй байсан. Бүх зүйл маш хэцүү, бид хүссэн ч юу ч өгч чадахгүй тийм нөхцөлд орсон. Тэр цагаас хойш би өөрийн чадах хэмжээгээрээ хүмүүст туслахын тулд цусаа өгөх болсон” хэмээн 2012 онд ярьж байсан байна. Мөн тэрээр 2015 оноос хойш цус хандивлах хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн ба түүний ачаар Португал даяарх цусны доноруудын тоо хоёр дахин нэмэгдсэн байна.
Тэрээр архи огт амсдаггүй
Мэдээж дэлхийн хэмжээний тоглогч архи уухгүй байх нь тийм ч онцгой үзэгдэл биш. Гэхдээ Рональдогийн хувьд энэ нь хувийн шалтгаантай. Түүнийг 20 настай байхад нь олон жилийн турш согтууруулах ундааны хамааралтай байсан аав нь элэгний өвчлөлөөс бол нас барсан юм. Роналдо энэ тухай “Аав маань уусан үедээ их хөгжилтэй болдог байсан. Гэхдээ л түүний үнэн сэтгэлд юу байсныг бидний хэн нь ч тааж мэдэхгүй. Зарим үед миний энэ бүх амжилтыг хамт туулах аав минь байсан болоосой гэж боддог” хэмээн өгүүлж байв.
Одоо тэрээр дөрвөн хүүхдийн аав болсон бөгөөд 2010 онд Рональдо Крис Жуниор гэдэг хүүтэй болсон ч хүүгийн ээж хэн гэдгийг одоо болтол хэн ч мэдэхгүй. Тэрээр одоогийн найз охин Жоржиана Родригес нар тээгч эх ашиглан хоёр ихэр охинтой болсон бол мөн тус ондоо бага хүүгээ өлгийдөн авсан юм.
Дээр дурдсанаар тэр бол дэлхийн хамгийн баян хөлбөмбөгч түүний амьдрал тэр чигтээ тансаглал дунд оршдог ч тэр үргэлж хуваалцахыг илүүд үздэг байна. Өөрийн бүхий л амьдралын хугацаанд тэрээр олон төрлийн сайн үйлсийн ажилд 10 гаруй сая ам.долларын хандив өгсөн байна.
Тухайлбал, Рональдо Сири, Индонез, Палестин, Непал зэрэг хөгжил буурай байгалийн гамшиг, зэвсэгт мөргөлдөөн гардаг улсуудын хүүхдүүдэд их хэмжээний хандив өргөсөн юм. Түүнчлэн хэд хэдэн эдгэшгүй өвчтэй хүүхдүүдийн эмчилгээний зардлыг дааж, өөрийн алтан шаахай, хөл бөмбөгчин болгоны мөрөөдөл болсон шилдэг тоглогчийн алтан бөмбөгөө хүртэл дуудлага худалдаанд оруулан ашгийг нь хандивлаж байсан юм.
Кристиан Рональдогийн хэлсэн онцлох эшлэлүүд
-Бусдын хайр намайг хүчтэй болгоно. Харин үзэн ядалт намайг зогcошгүй болгодог.
-Бид гэр бүлдээ туслахгүй бол өөр хэнд туслахгүй, миний хамгийн үнэ цэнэтэй зүйл гэр бүл.
-Өдөр бүр шинэ боломжоор дүүрэн байдаг. Тэр болгоныг алдахгүй барьж авах хэрэгтэй. Учир нь өнөөдөр ирсэн боломж маргааш болоход үгүй болж мэдэх юм.
-Хичээл зүтгэл байхгүй бол хэчнээн авьяастай байсан ч үр дүнд хүрэхгүй
-Амьдралынхаа өдөр бүр өөрийг чинь жаргалтай болгодог зүйлийг л хийж хамгийн сайнаараа амьдрах хэрэгтэй. Миний хувьд тэр л жинхэнэ амьдрал.
-Гоол оруулах үеийн мэдрэмж мэдээж гайхалтай. Гэхдээ миний хувьд хамгийн чухал нь багийн минь хожил, манай баг ялж л байвал хэн гоол оруулах нь хамаагүй шүү дээ.