Бүгд найрамдах Турк улсад Монголыг төлөөлж суугаа Консулын дипломатч, жолоочийн хамт Германы хилээр нэвтрэхдээ мансууруулах бодис тээвэрлэж, үйлдэл дээрээ баригдсан хэрэг тавдугаар сарын 3-нд гарсан талаар мэдээлсэн. Энэ асуудалтай холбоотойгоор Тагнуулын ерөнхий газраас мэдээлэл хийлээ.
Тагнуулын ерөнхий гарын Тамгын газрын дарга, хурандаа Э.Эрдэнээ “Манай байгууллагаас товч мэдээлэл хийж байна. 2019 оны тавдугаар сарын 3-ны өдөр Монгол Улсаас Бүгд найрамдах Турк Улсын Истанбул хотод суугаа ерөнхий Консулын газрын дэд консул Баттүшиг дипломатч, жолооч Эрдэнэбилэг гэсэн хоёр хүн Чех улсаас ХБНГУ-ын хилээр нэвтэрч байх үедээ дипломат дугаартай автомашинтай саатуулагдсан. Энэ үедээ 70 кг героин буюу мансууруулах бодис их хэмжээгээр тээвэрлэж явсан нь тогтоогдсон. Нэг ёсондоо үйлдэл дээрээ саатуулагдан, баригдсан гэсэн үг. Энэ асуудалтай холбоотойгоор Германы прокурорын байгууллагаас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Мөн Тагнуулын байгууллагаас энэ хэрэгтэй холбоотой зохион байгуулагч, нийлүүлэгчдийг шалгаж судлах ажлыг хийж, хэрэгжүүлж байна. Ер нь 2018 оны сүүл болон 2019 оны эхээр Европын холбооны улсуудад дипломат албан паспорт, дипломат дугаартай автомашин ашиглан хууль бус эд материал хилээр нэвтрүүлж байж болзошгүй мэдээллүүд авагдаж эхэлсэн. Үүний дагуу Гадаад харилцааны яам, ТЕГ хамтран хэд хэдэн чиглэлээр шалгах, судалгаа хийх саналыг зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн ХБНГУ-ын хууль хяналтын байгууллагатай энэ чиглэлээр хамтарч ажиллаж байсан. Энэ явцад тавдугаар сарын 3-нд энэ хэрэг гарсан. Германтай Монгол Улс эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх хэлэлцээр байхгүй учраас энэ хэрэг Германы хууль тогтоомжийн дагуу шийдэгдэнэ.
Нарийн үзвэл дипломат дугаартай автомашин нь хувийн зориулалтынх байсан. Дипломатууд хувийн хэрэгцээндээ авто машин ашиглах бол тухайн орондоо хүсэлт тавьж дугаар авч болдог. Ийм машинаа хэргийг үйлдэхдээ ашигласан байж болзошгүй нөхцөл байдал байгаа. Үүнийг цааш нь нэлээд сайн судлах шаардлагатай. Ямар шалтгаанаар тухайн машинд дипломат дугаар олгосон, Туркт үүрэг гүйцэтгэж байсан хоёр ажилтан яагаад Герман руу явсан бэ. Их хэмжээний мансууруулах бодисыг хаанаас авсан, хэн нийлүүлэв гэдгийг шалгаж, тодруулах шаардлагатай.
-Баттүшиг гэдэг хүн танайхаас томилогдож явсан юм уу?
-Өмнө нь Тагнуулын байгууллагад ажиллаж байсан. Гадаад харилцааны яамны шугамаар хоёр ч удаа үүрэг гүйцэтгэж ажилласан. Төрийн алба, дипломат албаны шаардлагыг хангаж ажиллаж байсан хүн. Дөнгөж томилогдоод удаагүй байхдаа ноцтой гэмт хэрэгт холбогдсон нь анхаарал татаж байна. Хамгийн гол нь манай улсын иргэд өндөр зохион байгуулалттай гэмт хэрэгт ямар байдлаар ашиглагдаж байгааг шалгаж тогтоох нь чухал. Ийм асуудал дахин давтагдуулахгүй, урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллана.
-Герман улс энэ төрлийн гэмт хэрэгт ямар ял шийтгэл оногдуулдаг юм бэ?
-Маш хүнд гэмт хэрэгт тооцогддог.
-Энэ хоёр хүнээс өөр Монголын иргэн энэ хэрэгт сэжиглэгдэж байгаа юу?
-Энэ талаар нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Их хэмжээний үнийн дүнтэй мансууруулах бодис тээвэрлэж явсан учраас цаана нь олон холбогдогч байна гэсэн магадлал байгаа. Үүнийг дэлгэрэнгүй шалгана.
-Ер нь гадаадад мансууруулах бодисын хэрэгт Монголын хэчнээн хүн холбогдож, ял эдэлж байгаа вэ?
-2018 оны байдлаар гадаадад 1400 гаруй хүн хар тамхи болон бусад гэмт хэргийн зөрчил үйлдэгдсэн гэсэн статистик байгаа. Задалбал 160 гаруй хүн хилийн чанадад ял эдэлж байна. Тэр дунд хар тамхины хэргээр ял эдэлж байгаа олон хүн бий.