Open iToim app
Хөндөх сэдэв | 2 мин уншина

Ч.Улаан сайдаас унавал яваад л өгдөг юм даа

Ч.Улаан сайдаас унавал яваад л өгдөг юм даа
Нийтэлсэн 2018 оны 11 сарын 17
Ч.Улаан гишүүн сайдад нэр дэвшсэнийг дагасан сайн, муу хоёр мэдээ байна. Сайн нь 64 настай тэрээр энэ томилгоогоор Монголын их улс төрөөс зодог тайлж байгаа бололтой. Ч.Улааны сонгогдсон Сүхбаатар аймагт 2020 онд Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх нэр дэвшихээр усалж эхэлсэн байна. Үүнийг нь баталж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Ч.Улааныг сайдад дэмжихгүй, түүнийг сайдад дэвшүүлсэн Ерөнхий сайдын шийдвэрийн цаана энэ хоёр хүний тойргийн наймаа яваа” хэмээн сэтгүүлчдэд мэдэгдэв. Н.Номтойбаяр гишүүний хардлагаар бол Ч.Улаан гишүүний тойргоо намын даргадаа шилжүүлж буй “ханш” төрийн сайдын суудалтай тэнцжээ.
Харин долоо дахь удаа сайдад нэр дэшиж буй Ч.Улааны хувьд хүний амжилт нь залуу үе, зарим хүнд бол муу мэдээ юм. Дарангуйлагчтай, хаант засаглалтай төрд ч ийм карьертай хүн цөөхөн. Хамгийн муу нь энэ хүн сайдын өрсөлдөөнд ялагдвал, бас засаг нь унавал намаасаа яваад өгдөг гэмтэй. Гэхдээ энэ хүн өөр намд очих, буцаж намдаа ирэх бүртээ сайд болдог нэгэн. Тухайлбал, 2011 онд Сү.Батболдын хамтарсан засгаас  АН гарахад Ч.Улаан нь нам дотроо Сангийн сайдад дөрөв дэх удаагаа нэр дэвшжээ. Гэвч бүлэг дээрээ одоогийн УИХ-ын гишүүн Д.Хаянхярваад ялагдсан. Энэ ялагдлынхаа дараа Ч.Улаан МАН-аас гарч тухайн үеийн МАХН руу явав. Улмаар 2012 оны сонгуулиар  АН ялж, Н.Алтанхуягийн Засгийн газарт МАХН багтахад Ч.Улаан Шадар сайд боллоо. Удалгүй Н.Алтанхуягийн Засгийн газар огцорч, Ч.Сайханбилэгийн Засгийн газар байгуулагдахад МАХН-д ногдох Шадар сайдын квот дээр Ч.Улааныг улираах, эсвэл Ц.Оюунбаатарыг дэвшүүлэх өрсөлдөөн болов. Эцэст нь Ц.Оюунбаатар ялж Шадар сайд болоход сул гишүүн болсон Ч.Улаан  МАХН-аас гарч, буцаад МАН-д иржээ. Ирээд, одоо хоёр жилийн дараа дахин сайдад нэр дэвшээд байгаа нь энэ юм.
УИХ-д 6 удаа сонгогдсон Ч.Улаан нь:
-1992-1996 онд Д.Бямбасүрэнгийн Засгийн газарт Үндэсний хөгжлийн сайд,
-2000-2004 онд Н.Энхбаярын танхимд Сангийн сайд,
-2004-2005 онд Ц.Элбэгдоржийн танхимд Тэргүүн шадар сайд
-2007-2008 онд С.Баярын Засгийн газарт  Сангийн сайд
-2012-2014 онд Н.Алтанхуягийн Засгийн газарт Шадар сайд гээд нийтдээ таван удаа сайдаар ажиллаж, долоон удаа сайдад нэр дэвшснээс нэг л удаа ялагдсан сайдын одонд төрсөн нэгэн юм байна.
 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн