Эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай 2022 оны төсвийн талаар ярилцлаа.
-Ирэх оны төсвийн төслийг УИХ-д өргөн бариад анхны хэлэлцүүлгийг хийж байна. 2022 оны төсвийн бодлого, төлөвлөлтөд та ямар байр суурьтай байна вэ?
-Өнөөг хүртэл Монгол Улсын төсөв тодорхой бодлогогүй явж ирсэн. Өөрөөр хэлбэл, төсвийг тухайн жилд зарцуулдаг мөнгө мэтээр ханддаг, төсвийн тогтвортой байдал алдагдчихсан байлаа. Өнгөрсөн хоёр жилд төсөв нягтлан бодох бүртгэл талаасаа цэгцэрч ирсэн бол энэ жил агуулгаараа шинэлэг байна. Тэр тусмаа бодлогын шинэчлэл хийхэд чиглэсэн байна гэж харж байгаа.
Нэгд, энэ жилийн төсөв хөгжлийн төсөв гэх нэртэй орж ирсэн. Хоёрт, энэ жилийн төсвийн үндсэн санаа нь хөдөлмөр-бүтээмж-өсөлт гэсэн бодлогын чиглэлээ нарийн тодорхойлж өгсөн. Үүний дагуу хийх ажлуудаа өмнөх төсвүүдээс илүү Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлье гэсэн санаанууд суулгаж өгчээ. Ялангуяа, халамжаас хөдөлмөрт чиглэх, төрийн байгууллагуудын удирдлага, алба хаагчдын цалин хөлс, төрийн өмчит ААН-үүдийн үйл ажиллагааг сайжруулах зэргээр дэвшил ажиглагдаж байна.
-Агуулгын хувьд ийм байгаа ч хэрэгжихгүй бол улам дордох эрсдэлтэйг Үндэсний аудитын газраас зөвлөсөн байсан. Жишээлбэл, орлогыг хэт өөдрөг төсөөлснөөс зарим санхүүжилт дутах эрсдэлтэйг сануулж байна?
-Тийм. Агуулгын хувьд сайжирсан ч төсөв дээр анхаарах зүйлс байна. Төсөв өндөр тэлэлттэй байгаа нь үнэн. Төсвийн орлого 15.7 их наяд, зарлага 18 их наяд. Нийт орлогын өсөлт 20 орчим хувиар, тэнцвэржүүлсэн орлогын өсөлт 30 орчим хувьтай, нийт зардал цэвэр зээлийн өсөлт 15 орчим хувьтай байна.
Энэ тэлэлт нь Монгол Улсын эдийн засагт эерэг үр дагавар авчрах уу, энэ үр дагаврын цаана төсвийн агуулга нь хадгалагдаж чадах уу гэдэг дээр анхаарууштай. Монгол Улс нэг л том сав. Төсвийн бодлогын хэт тэлэлт нь нөгөө талдаа мөнгөний бодлого нь эдийн засгаа дэмжих орон зайг хязгаарлаж өгдөг. Мөн төсвийн хүрээнд Засгийн газрын нэмэгдүүлэх боломжтой өр, баталгааны дээд хэмжээ таван их наядаас давсан том тоо байна. Үүнийг гүйцэлдүүлэхийн тулд Засгийн газар гурван их наядын дотоод бонд гаргах юм билээ. Энэ нь Засгийн газар мөнгөний зах зээлийн тэнцвэржилтийг хангах эерэг талтай. Гэвч нөгөө талаар цар тахлын үед санхүүжилтийн эх үүсвэр хомс байгаа учир хувийн хэвшил рүү явах мөнгөн урсгалд тодорхой хэмжээний хязгаарлалт үүсгэж болзошгүй.
-Сангийн яамнаас бол орлогыг өөдрөг төлөөлсөн гэдэгтээ өөрсдөө санал нэгдэж байгаа юм билээ. Үүнийгээ бүрдүүлэхийн тулд нүүрсээ 36.7 сая тонныг гаргая, ТӨХК-уудаас орж ирэх орлогыг 2.5 дахин нэмэгдүүлье зэрэг зорилт дэвшүүлсэн байна?
-Сангийн яамнаас цар тахлын өмнөх үеийн адилаар бүх зүйл нээлттэй болно гэж төсөөлж төлөвлөсөн байна лээ. Гэтэл одоо он дуусаж байхад тохиолдлын тоо ихээр гарч, иргэдийнхээ амь насыг алдсаар байгаа нь санаа зовоож байна.
Орлого бүрдүүлэхэд нэгд, Сангийн яамнаас боомтуудын нэвтрүүлэх чадвар, гаалийн шинэчлэлд ихээхэн найдаж байгаа нь харагдсан. Энэ нь боломжтой. Хоёрт, ТӨХК-уудад цогц шинэчлэл хийж, алдагдлыг багасган орлогыг нэмэгдүүлнэ гэж байгаа. Гэхдээ энэ ажлыг нэг жилийн дотор хийх хэцүү, үүнийг бодох хэрэгтэй. Гуравт, технологийн шийдэл ашиглан татварын орлогыг хамгаалж, сууриар нь тэлнэ гэсэн.
Орлого өөдрөг байна уу, өөдрөг байна. Эрсдэл байна уу, байна. Ер нь орлого тал дээр суурь хүчин зүйлийг нь харвал бид уул уурхайн бүтээгдэхүүндээ илүү их найдсан төлөвлөлт хэвээр байна. Хэрвээ орлого тасалдвал төсвийн хэрэгжилтэнд асуудал тулгарна.
-Бас төсвийн алдагдал нэмэгдэх үү?
-Сүүлийн жилүүдэд төсвийн алдагдал өндөр байгаа шүү дээ. Ирэх жилийн төсвийн алдагдлыг 2.3 их наяд төгрөгөөр тооцоолсон байсан. Ингэх нь хэр аюултай вэ?
-Төсөв алдагдалтай байж болно, болохгүй гэсэн хоёр чиг хандлага бий. Төсөв үр ашигтай, ухаалаг, шинжлэх ухаанч удирдлагатай байхад тухайн улс оронд зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай зүйл гарсан тохиолдолд төсвийн алдагдалтай баталж болно. Өнөөдрийг хүртэл манай улсын төсөв үр ашиггүй, тарамдсан байсан учраас өмнө нь би төсвийн алдагдлыг бүрэн эсэргүүцдэг байсан. Төсвөө үр ашигтай байлгаж чадахгүй алдагдал үйлдвэрлэж, эдийн засагтаа дарамт болох, өрийн дарамтыг нэмэгдүүлэх, валютын ханшийг өсгөх, төлбөрийн тэнцэлд дарамт үүсгэх шаардлага байхгүй.
Гэхдээ 2022 оны төсөв бол бодлого, агуулгын хувьд шинэчлэлийг авчирна гэж найдаж байгаа учраас төсвийн алдагдлыг арай өөр өнцгөөс харахад хүргэж байна. Бидэнд хоёр сонголт бий. Үнэхээр төсвийн шинэчлэлийг бодлогын түвшинд цогцоор нь шийдэж чадна гэвэл алдагдлыг хуульд заасны дагуу ДНБ-ий хоёр хувиас хэтрэхгүй байх бодлогыг барих хэрэгтэй. Төсөв үр ашигтай ч байх хэрэгтэй, алдагдлаа ч бууруулах хэрэгтэй. Харамсалтай нь, бид Төсвийн тогтвортой байдлын тухай хууль батлагдсанаас хойш өр, алдагдлын хувьд энэ хуульд заасан суурь зарчмаа хэрэгжүүлэхгүй байна. Энэ хуулийн төсвийн тусгай шаардлагуудыг байнга өөрчилж байдаг нь бидний алдаа.
-Жил болгоны төсвийг өргөн барихын өмнө эдийн засагч, шинжээчид мөн Үндэсний аудитын газар нь ч шаардлагагүй хөрөнгө оруулалтыг тана, төсвөө хэмнэ гэж онцгойлон сануулдаг шүү дээ. Гэтэл энэ жилийн төсөв дээр тэвчиж болохуйц хөрөнгө оруулалтууд байсаар л байна. Та үүнийг юу гэж харж байна вэ?
-Тодорхой хэмжээнд санал нэг байна. Хөрөнгө оруулалтуудыг эрэмбэлсэн байдал, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг түлхүү сунгасан байдал, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хадгалахад чиглэсэн байдал, Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэх асуудал гээд сайн талууд байгаа. Гэхдээ эерэг талаас нь харахад ийм.
Сул тал нь төсөвт хөрөнгө оруулалтын хэмжээ их, хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт их байна. Дээрээс нь хөрөнгө оруулалтын бүтцэд сайдуудын багц, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Соёлын сайдын багцад спорт цогцолбор, соёлын төвүүд байсан. Мөн 2011 оноос улбаатай хуримтлагдсан хөрөнгө оруулалтуудыг энэ жил нэлээд шахаж оруулсан тал байна. Үүнээс бид татгалзах, хойшлуулах шаардлагатай байсан юм. Энэ тал дээр бусад эдийн засагчидтай санал нэг байна.
Цар тахлын үед бид нэн шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийх ёстой болохоос эргээд эдийн засагт дэмжлэг болохгүй хөрөнгө оруулалтаас татгалзах хэрэгтэй. Нөгөө талаар төсөвт улс төрийн нөлөөлөл их байна. Үүний улмаас нэг гишүүний тойрогт 4 тэрбумын санал авсан гэдэг буруу үзэгдэл харагдсан. Үүнийг бид анхаарч аль болох улс төрийн нөлөөллөөс сулрах хэрэгтэй. Яг энэ асуудал дээр харахад УИХ-ын гишүүд юун төлөө тэнд сууж байгаагаа ухамсарлахгүй байна. Монгол Улсын төсөв бол Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн тухай асуудал болохоос нэг тойргийн хөгжлийн тухай асуудал биш.
-Засгийн газраас энд онд “Эдийн засгийг сэргээх 10 их наядын цогц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд ирэх жил эдийн засаг сууриараа өснө гэж Сангийн дэд сайд ярьсан байсан. Энэ боломжтой юу?
-“Эдийн засгийг сэргээх 10 их наядын цогц хөтөлбөр” их онцлог хөтөлбөр болсон. Тухайн цаг хугацаанд эдийн засаг ямар байдалтай байсныг бид мэднэ. Энэ хөтөлбөрөөр эрүүл мэндийг дэмжих, эдийн засгийг сэргээх бодлогыг зөв барьсан. Ирэх онд энэ хөтөлбөрийг үргэлжлүүлээд явна гэж байгаа юм билээ. 2022 онд цар тахлын нөлөөллөөс гарч чадна гэж үзвэл эдийн засгийн сэргэлтэд эерэгээр нөлөөлөх нь гарцаагүй.