Open iToim app
Эдийн засаг | 4 мин уншина

Баримт: Төсвийн захирагч нар хэмнэлтийн горимд ажиллах ЗГ-ын тогтоолыг хэрэгжүүлэхгүй байна

Баримт: Төсвийн захирагч нар хэмнэлтийн горимд ажиллах ЗГ-ын тогтоолыг хэрэгжүүлэхгүй байна
Нийтэлсэн 2021 оны 12 сарын 6
Засгийн газар 2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр бүх шатны төсвийн захирагч нар хэмнэлтийн горимд ажиллах буюу Төсвийн хэмнэлтийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын 43-р тогтоолыг баталж, хэрэгжүүлж эхэлсэн.
(КОВИД-19)-ын цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авч ажиллаж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналт, гааль болон төрийн тусгай чиг үүргийн байгууллагаас бусад улс, орон нутгийн төсвийн бүх шатны байгууллагын төсөв захирагч, төрийн болон орон нутгийн өмчит тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж байгууллагын дарга, захирал, эрхлэгч нар 43-р тогтоолыг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй. Дарга нар шинэ машин худалдаж авахгүй, контор, өрөөгөө засварлахгүй, шинэ тавилга худалдан авахгүй, ой тэмдэглэхгүй, соёлын арга хэмжээ, найр наадам төсвийн мөнгөөр зохион байгуулахгүй байхыг үүрэгдсэн. Гэтэл бодит байдал дээр хэмнэлтийн горимд ажиллах Засгийн газрын тогтоолыг төсвийн захирагч нар хэрэгжүүлэхгүй байна. Захиргааны шинэ санаачилга ТББ-аас 2021 оны арваннэгдүгээр сарын 15-19-нийг дуустал дөрөвхөн өдөр төрийн худалдан авалтын газрын цахим системийн худалдан авалтад ажиглалт хийж үзэхэд дараах зөрчил илэрчээ.
43-р тогтоолын  1.1. үндсэн үйл ажиллагаатай холбоотой, зайлшгүй шаардлагатайгаас бусад бүх төрлийн зардал, төсөл, арга хэмжээг тэвчиж, зардлыг гаргахгүй байх зэргээр батлагдсан төсөвт зардлын дүнд 10-аас доошгүй хувийн хэмнэлт гаргахаар тооцож, урсгал болон хөрөнгө оруулалтын зардлыг төлөвлөн хуваарилах; гэсэн заалтын хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авалтын хуулиар байгууллагууд худалдан авалтыг зарлаж байгаа боловч дээрх заалтыг хэрэгжүүлэхгүй байна. Тухайлбал,
  • Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас орон нутгийн төсвөөс Хорооны байр худалдан авах /Төв  бүсийн 2/  1.0 тэрбум төгрөгийг гаргахаар шийдвэрлэжээ. 
  • Чингэлтэй дүүргийн худалдан авах ажиллагааны газраас 16 дугаар хорооны Хайрхан инноваци Хөгжлийн төв ОНӨТҮГ гадна талбайг хашаажуулахад 98.0 сая төгрөгийг орон нутгийн төсвөөс гаргажээ.
  • Увс аймгийн Давст сумын Засаг даргын тамгын газраас Давст суманд зургаан газар хашаа тохижуулахад 45 сая төгрөг
  • Хөвсгөл аймгийн орон нутгийн өмчийн газар гэхэд Цагааннуур суманд цагаан загас үржүүлгийн судалгааны байр барих/Орон нутгийн төсөв/15.0 сая төгрөгний  худалдан авалтын зарыг тус тус төрийн худалдан авалтын цахим систем байршуулан зарласан нь тогтоол хэрэгжүүлэхгүй байна.
Тус тогтоолын 1.4. энэ тогтоол батлагдахаас өмнө  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарлагдаснаас бусад автомашин, албан конторын тавилга, албаны болон ажлын дүрэмт хувцас, амралт, алжаал тайлах фитнесийн тоног төхөөрөмж, хэрэглэлийг худалдан авалтыг зохион байгуулахгүй байх; гэсэн заалтыг нэлээд байгууллагууд хэрэгжүүлэхгүй байгаа нь төрийн худалдан авалтын үйл ажиллагааны зараас харж болохоор байна. Тухайлбал,
  • Монголбанк өөрийн хөрөнгөөр ажилчдын автобус нийлүүлэх 200.0 сая төгрөг худалдан авалтын урилгын зарыг 2021 оны арваннэгдүгээр дугаар сарын 11 өдөр байршуулжээ.
  • Чингэлтэй дүүргийн худалдан авалт газраас орон нутгийн төсвөөс Чингэлтэй дүүргийн прокурорын газарт суудлын машин нийлүүлэхэд 40.0 сая төгрөгний урилгын зарыг  арваннэгдүгээр сарын өдөр байршуулжээ.  
  • Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газраас орон нутгийн төсвөөс /Галшир сум/ 70.0 сая төгрөгийн автомашин худалдан авах урилгын зарыг  арваннэгдүгээр сарын 17 өдөр tender.gov.mn -д  байршуулсан байна.
  • Багануур дүүргийн худалдан авах ажиллагааны  албанаас Энэрэлт Өлзий ЭМӨТ, дүүргийн Прокурорын албаны газар албан хэрэгцээнд  машин худалдан авах 50 сая төгрөгийн зар байршуулсан байна.
  • Нийслэлийн төрийн аудит газраас шаардлагатай тавилга худалдан авах 48.0 сая төгрөг зарцуулах худалдан авах зар тавьжээ. Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр заасан байв.
  • Өмнөговь аймгийн орон нутгийн өмчийн газраас Орон нутгийн төсвөөс хөгжим жүжгийн театрын нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авах 100.0 сая төгрөг зарцуулах зар тавьжээ.
1.6. Засгийн газрын шийдвэр гарснаас бусад баяр ёслол, тэмдэглэлт ой, урлагийн наадам, спортын уралдаан тэмцээн, салбарын өдөр, аялал зугаалга зэргийг зохион байгуулахгүй байх гэсэн заалтыг мөн зөрчжээ.
  • Соёл урлагийн газраас арваннэгдүгээр сарын 17-ны өдөр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар UB фестиваль арга хэмжээнд 300 сая төгрөг төсөвлөсөн зар оруулжээ.
  • Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Засаг даргын Тамгын газар сумын баяр наадмын тайзны тоног төхөөрөмж лед дэлгэц худалдан авах /ОНХС/ 52.6 сая төгрөгний худалдан авах урилгын зар          
  • Үндэсний урлагийн их театраас арваннэгдүгээр сарын 16-ны өдөр улсын төсвөөс 80 сая төгрөг гаргаж "Монгол угаастны билиг "уран бүтээлийн үндэстэн ястаны дээл, хувцас хийж гүйцэтгэжээ.
Энэ нь зөвхөн төрийн худалдан авалтын цахим системд хийсэн ажлын дөрвөн өдрийн ажиглалтаас илэрсэн үр дүн. Төсвийн орлого бүрдэлт төдийлөн сайн биш байгаа. Гэтэл бүх шатны төсвийн захирагч нар төсвийн хэмнэлтийн бодлогыг ажил, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхгүй, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулж байгаа байдал хэвээр байна. Уг тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих үүрэг хүлээсэн Сангийн сайд Б.Жавхлан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж нар ажлаа хийнэ үү!
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн