Open iToim app
Боловсрол | 3 мин уншина

А.Энхтогтох: Хоцрогдол арилгах төлөвлөгөөгөөр бага анги танхимаар хоёр цаг, зайнаас 40 минут хичээллэнэ

А.Энхтогтох: Хоцрогдол арилгах төлөвлөгөөгөөр бага анги танхимаар хоёр цаг, зайнаас 40 минут хичээллэнэ
Нийтэлсэн 2021 оны 8 сарын 10
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах  гурван жилийн /2021-2023 он/ цогц төлөвлөгөө боловсруулж буй билээ. Тус төлөвлөгөөний талаар Боловсролын хүрээлэнгийн боловсрол хөтөлбөрийн судалгааны тэнхимийн эрхлэгч А.Энхтогтохоос тодрууллаа.
-ЕБС-ийн сурагчдын хоцрогдол арилгах, нөхөх төлөвлөгөөний хүрээнд голчлон юунд анхаарах вэ?
-Цар тахлын улмаас 2020 болон 2021 онд хичээл сургалтын үйл ажиллагаа танхим бус цахим хэлбэрт шилжсэн билээ. Судалгаагаар техник хэрэгсэл, интернэт хэрэглээ зэргээс шалтгаалан сурагчдын цахим сургалтад оролцох, идэвхтэй байдал зэрэг учир дутагдалтай байсан бөгөөд улмаар хүүхдүүд маань хоёр жилийн сурах арга барил, агуулгын хоцрогдолд орсон байна гэсэн үр дүн гарсан. Иймд, бид 2021-2022 оны хичээлийн жилээс гурван жилийн хугацаанд сурагчдыг сургуульдаа эргэн холбогдох, сурах арга барилын хоцрогдол, алдагдлыг нөхөх цогц төлөвлөгөөг боловсруулсан. Тус төлөвлөгөө нь 2023 он хүртэл хэрэгжих төлөвтэй байна. Учир нь, цар тахлын үеийн 1,5-2 жилийн сурлагын хоцрогдлыг ганцхан жилийн дотор нөхөх боломжгүй. Шат дараатай байдлаар гурван жилийн хугацаанд хийж гүйцэтгэх төлөвлөгөөтэй байгаа юа.
Цогц төлөвлөгөөний дийлэнх хувь нь сургалтын арга технологийг сайжруулах буюу сургалтын орчин нөхцөлийг сайжруулах, хосолсон сургалтын арга зүйг нэвтрүүлэх талд дээр илүү анхаарсан. Гурван жилийн хугацаанд тус бүр зорилт дэвшүүлсэн. Тодруулбал,
-2021- 2022 оны энэ хичээлийн жилийн гол зорилго нь суралцагчийн бие даан сурах арга барил, хоцрогдлыг арилгахад чиглэнэ.
-2022 оныг сургууль, багш нарт дэмжлэг үзүүлэх буюу сургалтын дэд бүтцийг сайжруулах, тоног төхөөрөмжөөр хангах асуудал руу чиглэнэ
-2023 оныг сурлагын хоцрогдлыг арилгах, тогтворжуулах үе гэж харж байгаа. Ингээд цааш сургууль бүр сургалтын хоцрогдлыг арилгах энэ тогтолцоог бие даан хэрэгжүүлснээр эргэн хэвийн хэмжээнд хүрэх энэ үйл ажиллагааг бүрэн хангагдана гэж харж байна.
-Энэ оны хувьд сурагчдын хоцрогдлыг арилгах, бие даан суралцах чиглэлд түлхүү анхаарах юм байна. Энэ хүрээнд ямар удирдамжийг гарган ажиллаж байна вэ?
-Энэ оны хувьд ЕБС-ийн суралцагчдын сурлагын хоцрогдлыг арилгах, нөхөх, цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэх удирдамжийг боловсруулж, улмаар үндэсний хэмжээнд сургуулийн багш нартаа танилцуулан явж буй. Эхний шатны боловсруулалтыг сургууль, багш нарт танилцуулж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт 5400 гаруй багш нараар хэлэлцүүлж санал дүгнэлтийн дагуу сайжруулах тал дээр анхаарч байна.
Мөн Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн арга зүйч, үндэсний сургагч багш нарыг бэлтгэх сургалтууд эхлэхээр явж байна. Энэ сарын 24-27 өдрүүдэд үндэсний хэмжээнд 47000 гаруй багш нарыг сургаж, бэлтгэх юм.
Мөн есдүгээр сарын 1-нээс ногоон гэрэл үйл ажиллагааны удирдамжийг боловсруулж байгаа. Энэ нь хүүхдийн нийгэм, орчны сэтгэл зүйг дэмжихэд чиглэх болно.
Дээрх боловсруулж буй бүх загвар, арга зүй сургууль бүрд нэгэн зэрэг хэрэгжих боломжгүй болов уу. Учир нь халдварт өвчний тархалт, дэгдэлт нийгэм соёлын ялгаатай байдал, орон нутгийн онцлог зэрэг нөлөөлөх байх. Иймд сургууль бүр өөрсдийн онцлогт тохируулан, тодорхой хэмжээний  зохицуулалт хийн авч явах боломжтой.
-Жишээлбэл, өмнө жил нэгдүгээр ангид  орсон хүүхдийн хоцрогдлыг хэрхэн арилгах вэ?
-Бага ангийн сурагчдад суурь чадвар буюу унших, бичих, математик зэрэг чадвар нэлээн хоцрогдолтой байгаа дүр зураг харагдаж байна. Иймд бид 2021-2022 оны эхний улирлыг өмнөх ангийн хоцрогдсон агуулгыг нөхөх, сурах арга барилыг эзэмших, бие даан сурах арга барил руу чиглэсэн хөтөлбөрт илүү анхаарах болно. Өөрөөр хэлбэл, ирэх есдүгээр сард хүүхдүүд орж сургууль, орчиндоо дасан зохицох, өмнөх ангийн хоцрогдлыг арилгах, янз бүрийн хоцрогдлын ялгаатай хүүхдүүд орж ирэх учир үүнийг илүү ойртуулж цааш хичээл тогтвортой үргэлжлэх боломжийг бүрдүүлэх болно.
-Цогц төлөвлөгөөтэй холбоотой хичээлийн цаг минут өөрчлөгдөх үү?
-Монгол хүүхдийн онцлог, хүүхдийн ачаалал даах чадварыг сайн тооцож үзэх болно. Өмнө бага ангийн хүүхэд танхимд таван цаг, ахлах, дунд анги долоон цаг, үүний дараа хоёр цагийн бие даалтын ажил уламжлалт ёсоор хийж ирсэн. Бид энэ жишгийг ерөнхийдөө барих бөгөөд бага ангийн хүүхэд танхимд хоёр цаг, зайнаас 20-40 минут, бие даан 30 минут суралцахаар байхаар цагийн хязгаарыг тогтоож өгч байна. Магадгүй цар тахлын байдлаас үүдэн сургууль бүрэн нээх боломжгүй хэсэгчилэн нээх болвол бид 5/9 зарчмаар хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх болно. Өөрөөр хэлбэл тав хоног суралцагчид танхимд хичээллэнэ. Ахлах, дунд, бага анги гээд тус бүр өөр өөр цогц төлөвлөгөө гарсан. Аль болох хүүхдүүдэд ачаалал үүсгэхгүй байх талаас анхаарах болно. Сургалтын төлөвлөгөөний үр дүнг бид он оноор гарган харах нь зүйтэй гэж үзэж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн