Open iToim app

А.Амаржаргал: Цахим спорт холливудын кино болон хөгжмийн зах зээлээс ч том салбар болсон

А.Амаржаргал: Цахим спорт холливудын кино болон хөгжмийн зах зээлээс ч том салбар болсон
Нийтэлсэн 2020 оны 6 сарын 12
Монголын электрон спортын холбооны нарийн бичгийн дарга А.Амаржаргалтай ярилцлаа.
-Цахим спортын талаар бүрэн ойлголтгүй байгаа хүмүүст зориулж, энэ яг юу болох, ямар төрөл зүйтэй байдаг тухайгаас яриагаа эхэлье?
-Монголд esport-ыг нийтээрээ спорт хэмээн хүлээн зөвшөөрөөгүй хэвээр байгаа. Нэг талаас шууд компьютер тоглоом талаас нь хүлээж авч, нөгөө талаас гүйж, хөлс гарж, маш их эрчимтэй хөдөлгөөн хийж байж л спорт болно гэж ойлгоод байдаг. Гэхдээ олон улсад арван жилийн өмнөөс esport-ыг  хэдийнээ спорт хэмээн хүлээн зөвшөөрсөн. Дэлхий дээр нийт 7000 гаруй төрлийн спорт байдаг. Дэлхийн спорт холбоодуудын холбоо буюу GAISF -аас спорт гэдэг бол нэгд аз шаардсан биш, хоёрт эрсдэлгүй, гуравт өрсөлдөөнтэй, дөрөвт дүрэмтэй байх ёстой хэмээн тодорхойлсон байдаг. Энэхүү дөрвөн чанарыг агуулсан байх юм бол спорт мөн гэж үзнэ гэсэн үг. Тэгэхээр цахим тоглоом нь спортын төрөл зүйлд тооцогдож байгаа юм.
-Хүмүүс цахим спортыг PC л гэж ойлгоод байдаг. Ер нь уг спортын ач холбогдол нь юу юм бэ?
-Ирээдүйн хамгийн их ашиг орлого олох, өрсөлдөх, хөгжих боломжтой спорт гэж хардаг болох хэрэгтэй байна. Бид хөл бөмбөг, сагсан бөмбөг гээд бусад багийн спортоос хэдэн арван жилээр хоцорсон. Харин цахим спортоор яг л нэг гараанаас эхэлсэн. Тийм ч учраас манай тамирчид Азид босоо амжилттай яваа. Дэлхийн улс орнууд хол, тасархай түрүүлээгүй байгаа энэ үед мөр зэрэгцэн хөгжих юм бол И-спортын зах зээлийг эх орондоо бий болгох боломжтой. Хөдөлгөөнтэй буюу атлетик төрлийн спортуудыг л спорт гэж үздэг ойлголт хэвээр байна хэмээн өмнө дурдсан. Гэтэл цахим спорт нь спортыг дагаагүй ч спортоос авч болох үнэ цэн, сайн сайхан зүйлсийг залууст үлдээж байгаа гэж боддог. Багаар ажиллах чадвар, цэгцтэй сэтгэх, сэтгэлзүйгээ удирдах гээд олон үнэ цэнийг спорт бий болгодог. Нөгөө талаас заавал тамирчин биш байлаа ч үүнийг сонирхдог, тоглодог залуусын хувьд тунг нь тааруулаад найзуудаараа стрессээ тайлж, ажлын ачааллаасаа салах, кайф авах маш том хэрэгсэл нь болж байна.
-Ер нь уг спортоор хичээллэж, олон улсын тавцанд гарч, мэргэжлийн тамирчин болохын тулд яах ёстой вэ? 
-Хүүхдүүд хөл бөмбөг, сагсан бөмбөгийг ч 7-8 цаг тоглож л байдаг. Хүүхэд хөл бөмбөг тоглоод хөл болон биеэндээ гэмтэл авдаг шиг, цахим спортоор хичээллэхэд ч сайн, муу тал гарна. Сайн тал нь гэвэл олон ажил зэрэг хийж чаддаг, богино хугацаанд шийдвэр гаргадаг, юмыг систэмтэй ойлгодог, эмх замбараатай сэтгэдэг болдог. Esport-ын төрлөөсөө хамараад маш олон үйлдлийг зэрэг хийх, дараагийн олон үйлдлийг тооцоолох, багаараа урьдчилсан бэлдсэн тактик зохиох, хөдөлгөөн үйл хөдлөлөө секунд, секундээр нь тооцоолох шаардлагууд үүсдэг тул тархины хөгжилд маш эерэг нөлөөллүүд үүсгэдэг нь батлагдаж буй. Сахилга баттай байж, амьдрал, тоглоомоо ялгаж салгаж системтэйгээр бэлтгэл хийх юм бол амжилтад хүрч чадна.  
-Одоо хоёулаа цахим спортын хөгжлийн тухай ярилцъя. Зарим судлаач цахим спортын хөгжил манай улсад удаан байна гэж хэлсэн. Харин та өмнөх яриандаа дэлхийтэй зэрэгцээд явж байгаа гэж хэллээ. Яагаад?
-Дээр дурдсанчлан манайх энэ спортод бусад мэргэжлийн спортуудыг бодвол дэлхий нийтээс хоцроогүй зэрэгцээд явж байна. Гэхдээ зарим талын дутагдмал байдлаас болоод дэлхийн өндөр хөгжилтэй орнууд шиг хурдацтай, систэмтэй хөгжиж чадахгүй л байна. Бид нэг гараанаас эхэлсэн ч зөв замаар явж, хурдан хөгжих арга замуудыг эрэлхийлэхгүй бол орхигдож, хоцрох эрсдэл байгаа. Энэ нь магадгүй манай улсын өөрийн чадамжаас хамааралтай. Үүн дээр нэмээд засаглах байгууллагын оролцоо муу байсантай холбоотой болов уу. Бид үүнийг ухамсарлан шат дараатай ажлууд төлөвлөөд эхнээсээ үр дүнг нь үзээд явж байна. И-спортын хөдөлгөөн, зах зээлд хурдхан л өөрсдийн байр сууриа эзлэхгүй бол хаягдах аюултай. Спортод улсаараа нэг хоцорчихвол буцаж гүйцэж, зэрэгцэж очиход асар хүндрэлтэй.
-Нэг талаараа хүмүүсийн хандлага цахим спортын хөгжилд нөлөөлж байна уу?
-Манай холбоо экосистем талаас нь харж, хөгжүүлэх байгууллага. Дэлхий нэг хоногт үүсээгүйтэй адил бидэнд ч хийх, шинэчлэх, зүйл цөөнгүй байна. Манай холбоо жилийн өмнө удирдлага, менежмэнтийн хувьд шинэчлэл хийж одоогийн бүтэц зохион байгуулалтаар ажлаа эхлүүлсэн. Ингэхдээ экосистем буюу оролцогч талуудын харилцан хамаарал, эрх ашгийг тэгш хуваарилж,  ажиллах дүрэм, журам, бодлогыг  тодорхой шат дараалалтайгаар буюу долоон жил хийхээр төлөвлөсөн. Харин хандлага, сөрөг бодлууд цаг хугацаа өнгөрөх тусам аяндаа өөрчлөгдөнө гэдэгт итгэж байна.
-Цахим спорт тоглогчоос гадна тайлбарлагч, өрсөлдөгч судлаач, тоглогч, дасгалжуулагч  зэрэг олон хүний бүрэлдэхүүнтэй баг болж ажиллах ёстой. Манай улс тэдгээр мэргэжлийн боловсон хүчинг бэлдэх боломжтой юу?
-Уг спорт цахим гэдэг утгаараа залуучууд өөрсдөө тоглолт тайлбарлаж, шууд дамжуулалт хийж байна. Нэг ёсондоо, залуус өөрсийнхөө хүсэл сонирхлын дагуу хөгжих бүрэн боломжтой гэсэн үг. Харин холбооны зүгээс сонирхолдоо хөтлөгдөж буй залуучуудыг мэргэшүүлэхэд анхаарч байна. Багийн менежер, e-sport-оор дагнасан дипломатч, шууд дамжуулалтын эфирийн найруулагч гэх мэт илүү нарийн мэргэшсэн ажилтан бэлдэхэд анхаарч байгаа. Залуу спорт, дижитал дээр суурилсан болохоор залуучууд гэрээсээ компьютерынхоо араас маш их ажлын байрыг үүсгэж байна. Цахим спортыг дагаад олон мэргэжилтэн, олон ажлууд, бүрэлдэхүүн бий болдог учраас тэдгээрийг заавал тодорхой компанид харъяалагдаж биш гэрээсээ ч хийгээд мөнгө олох, мэргэших боломжтой юм.
-Дэлхийд цахим спортыг шинжлэх ухааны түвшинд авч үзэхээр судалж байна. Харин манай улсад цахим спортоор хичээллэдэг хүн ямар байдаг, хэрхэн тоглодог зэрэг нарийн судалгаа хийдэг хүн байдаг уу?
-Манай улсад Биеийн тамир спортын газрын дэргэд шинжлэх ухааны хүрээлэн гэж бий. Тус байгууллага шигшээ багийн тамирчдаас судалгаагаа хийж эхэлж байгаа. Хүрээлэнд БНСУ-д цахим спортын тамирчдад хийх судалгаанд оролцож байсан монгол судлаач эмэгтэй оролцсон бөгөөд тэрээр хэлэхдээ “цахим спортын тамирчны гар энгийн хүнийхээс хоёр дахин хурдан хөдөлдөг” гэсэн дүгнэлт гарсан гэж байсан. Ийм ч учраас цахим тоглоом бол спорт гэж тайлбарлаж байсан юм. Өмнө дурдаж байсанчлан цахим спорт нь олон зэрэг сэтгэх чадвар, анхаарал төвлөрөлт, сэтгэлзүйн бэлтгэлжилт гээд маш олон зүйл шаарддаг учраас тархины хөгжилд ач тустай гэж мэргэжилтүүд үздэг. Зарим талаар mindfulness-тэй ижил нөлөө үзүүлж байгаа гэх судалгаанууд ч бий.
-Ер нь цогц мэдлэг, чадвартай болгох академи ч юм уу, сургалт явуулах уу?
-Олон улсад одоо их сургуульд тэтгэлэгтэй сурах боломжтой болчихсон байгаа. Харин бид одооноос хоёр сургуультай цахим спортын чиглэлээр багш, мэргэжилтэн бэлтгэх тухай ярилцаж байна. Гэхдээ энэ бол өнөө маргаашдаа шийдэгдчих асуудал биш.
-Монгол тоглогчид өөр улсын харъяанд тоглодог гэж байсан. Одоо ер нь хэчнээн цахим спортоор хичээллэдэг монгол тамирчид гадаадад байна вэ?
-Манай маш олон тамирчин гадаадын байгууллагуудтай мэргэжлийн тамирчны гэрээг байгуулж байсан. Австралийн "Grayhound "багийг үүсгэн байгуулагдах цагаас нь манай Эрдэнэцогт буюу erkast гэж тамирчин ахлагчаар нь тоглож, тухайн багийг дэлхийн аварга буюу major тэмцээнд оролцуулж байлаа. Тухайн бүрэлдэхүүнд байхдаа дэлхийн хэмжээний Faze, SK гэх мэт домогт багийг буулган авахад гол үүргийг гүйцэтгэж байсан. Сагсаар бол NBA-ын багууд, хөлбөмбөгөөр бол аваргуудын лигийн хэмжээний багуудыг буулган авсан гэсэн үг юм. Мөн манай Энхтайван буюу "Machinegune" Америкийн "Splyce" багтай мэргэжлийн тамирчны гэрээ үзэглэж азиас хамгийн анх гадаадын багтай гэрээ хийсэн CS:GO тамирчин болж байлаа.
Өнөөдрийн хувьд гэвэл CS:GO төрөлд манай таван  тамирчин багаараа буюу "Tiger" хэмээх багт Хятадын топ компаниудын нэг Sina-ын харъяалал доор мэргэжлийн тамирчнаар тоглож байна. Мөн Valorant хэмээх шинэ төрөлд дэлхийн хамгийн том esport багуудын нэг Immortals-д монгол тамирчин багтаж чадсан амжилттай байгаа. Цаашлаад DOTA2, FIFA20, Heartstone гээд олон төрөлд манай залуучууд өндөр амжилт үзүүлж байна.
-Цахим тоглоомоос  маш их мөнгө олох боломжтой гэж үздэг. Манай тамирчид олон улсын зах зээлд өрсөлдөх бүрэн боломжтой юу?
-Юун түрүүнд эхлээд спортын мөнгө олох системээ ойлгох хэрэгтэй. Зөвхөн тэмцээнд оролцоод мөнгө олохоос илүү өөр боломжийг судлах нь чухал. Зөвхөн шагналын мөнгөндөө найдаж яваад дампуурсан, тарсан багууд цөөнгүй. Манай тамирчдын чадвар маш сайн. Хамгийн гол нь санхүүжүүлэгчээ олоод цахим спортыг даган хөгжиж буй зүйлсийг судалж, гол тоглогч болох нь чухал. Одоо цахим спорт холливудийн кино болон хөгжмийн зах зээлийг нийлүүлснээс ч том болсон. Үүнээс харахад зоригтойгоор уг спортод хөрөнгө оруулах юм бол маш том амжилт хүлээж байгаа гэсэн үг.
Мөн цахим спортыг дагаад маш том спонсоршипын хэлхээ явж байдаг учраас амжилттай байх тусам том компаниуд хөрөнгө оруулж, ивээн тэтгэж, хамтран ажиллаж олон боломжуудыг эрэлхийлж байдаг. Тиймээс спонсоршип, цалин, стрийм, хандив, нэмэлт орлого, рекламны орлого, шагналын сан гээд мэргэжлийн тамирчдын хувьд орлогын эх үүсвэр олон. Гэхдээ манай улсад энэ боломжууд одоогоор бүрэн утгаараа ажиллаж чадахгүй байгаа учраас тамирчдын маань хувьд гадаадын тамирчид шиг тийм боломжийг эдэлж чадахгүй л байна.
-Уг спортоор хичээллэхэд насны хязгаар байдаг юм уу?
-Залуу байх тусмаа хариу үйлдэл үзүүлэх чадвар нь сайн байна л даа. Ер нь бол спортын хувьд оргил үе буюу бүх юм нь жигдэрсэн үеийг 27  нас гэж үзэж болно. Гэхдээ энэ тогтсон ойлголт биш. Цахим спортын хувьд одоогоор залуу хүмүүс илүү давуу тал үүсгэж байна. Залуу хүний хариу үйлдэл хурдан, тархи нь сэргэг, ачаалал даах чадвар өндөртэй учраас илүү амжилттай байна. Гэхдээ өмнө дурдсанчлан залуу спорт учраас олон хүчин зүйлээс хамаараад наснаас хамааралтай карьерын амжилт өөрчлөгдөж болно. Одоо бол 30-тай хэдий ч дэлхийн топ зэрэглэлд тоглож буй тамирчид зөндөө бий.
-Та хүмүүсийг цахим спортын ойлголтыг хэрхэн хүлээж аваасай гэж хүсдэг вэ. Мөн холбооныхоо зорилгоос хуваалцана уу?
-Манай холбооны хувьд экосистемийг бүрдүүлэгч байгууллага гэдэг утгаар маш олон зүйлийг төлөвлөсөн байгаа. Бид залуу спортын төрөл шинэ, шинэлэг зүйлсийг хийхэд анхаарч ажиллах болно.
Эцэст нь дүгнээд хэлэхэд цахим спортыг ирээдүй гэж хараасай л гэж хүсдэг дээ. Бид энэ техник, технологиос зугтаж чадахгүй. Залуучууд үүнд дурлаж, сонирхож, түүгээр амьсгалж, амьдралаа болгож, түүнээсээ кайф авч аз жаргалтай байж чадаж байна. Үүнийг үгүйсгэж, боож, эсэргүүцэх гэхээсээ илүү яаж давуу талуудыг нь илүү гаргаж, сул талуудыг нь засч зөв замаар явуулах вэ гэдэг дээр маргадаг байгаасай гэж хүсэж байна. Ташаа ойлголтоор нь ойлгоод, хуучнаараа сэтгээд байх буруу хариу үйлдлээр хандах юм бол бид ирээдүй маш том зүйлээс хоцрох, ард нь үлдэх аюултай. Тэгээд сүүлд нь харамсаад суухгүйн тулд, тэр үед л манай дээд үеийнхэн цахим спортод жаахан анхаарчихгүй дээ гэдэг нэг үеийг үзэхгүйн тулд бид хичээж ажиллах хэрэгтэй байна.
-Ярилцсанд баярлалаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн