Open iToim app
Эдийн засаг | 6 мин уншина

М.Буянбадрах: Г.Ёндон сайд аа, үйлдвэрлэгчид чинь дампуурчихлаа

М.Буянбадрах: Г.Ёндон сайд аа, үйлдвэрлэгчид чинь дампуурчихлаа
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2022 оны 4 сарын 7
Манай улс нөхөн сэргээгдэхгүй ашигт малтмалынхаа 90 гаруй хувийг түүхийгээр нь экспортлосоор нэмүү өртөг шингэсэн бүтээгдхүүн үйлдвэрлэх боломжоо улам алдсаар байна. Төмрийн болон жоншны хүдэр баяжуулдаг, түүхий нүүрс угаадаг нэмүү өртөг шингээдэг үйлдвэрүүд хаалгаа бариад байна. Энэ талаар “Монголын баяжуулах үйлдвэрүүдийн нэгдсэн холбоо” ТББ-ын Зөвлөх М.Буянбадрахтай ярилцлаа.           
-Юуны өмнө та холбооны үйл ажиллагааны онцлог, зорилгыг танилцуулаач?
-Манай холбоонд өөрийн ашигт малтмалын ордгүй 20 гаруй  баяжуулах үйлдвэрүүд нэгдээд байгаа. Тэд агуулга багатай төмрийн болон жоншны хүдэр, мөн түүхий нүүрс худалдан авч нэмүү өртөг шингээж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортолж, Монгол Улсын эдийн засагт чухал хувь нэмэр оруулах зорилготой компаниуд байдаг. Ихэнх нь Хэнтий, Дархан-Уул  аймагт орон нутгийн иргэдийг мэргэшүүлж ажлын байраар хангаж үйл ажиллагаа явуулдаг.
-Боловсруулах, баяжуулах үйлдвэрүүдийн өнөөгийн байдал ямар байна вэ?
-Манай улс цөөхөн баяжуулах үйлдвэрүүдтэй шүү дээ. Өөрийн ордтой “Эрдэнэт-Үйлдвэр” ТӨҮГ, “Оюу толгой” ХХК зэсийн баяжмал, “Монголросцветмет” ХХК жоншны баяжмал, төмрийн хүдэр, баяжмал, “Цайрт минерал” цайрын баяжмал, “Энержи Ресурс” угаасан нүүрсээ экспортолж байна. Харин өөрийн ордгүй баяжуулах үйлдвэрүүдийн хувьд маш хүнд байдалд орсон.
“Ашигт малтмалын тухай хууль хэвийн мөрдөгдөж байтал Сангийн яамнаас төсвийн орлогоо нэмэгдүүлэхийн тулд төлөвлөлт, судалгаа муутай Ашигт малтмалын хуулийн төслийг УИХ-аар 2019 оны гуравдугаар сарын 26, дараа нь 2019 оны 11 сарын 22-ны өдөр оруулж батлуулсан. Ашигт малтмалын тухай хууль мөрдөгдөж эхэлснээс хойш АМНАТ/royalty/-ийг ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч төлж ирсэн. Гэтэл агуулга багатай төмрийн хүдэр, жоншны хүдэр, түүхий нүүрс АМНАТ шингэсэн, НӨАТ-тай үнээр худалдан авч баяжуулж экспортлоход олон улсын зах зээлийн жишиг үнээр борлуулсан гэж үзэж дахин өндөр АМНАТ ногдуулдаг болсон. Ийм “тоглоомын дүрэм”-тэй улс орон байдаггүй. Олоогүй орлогын тухайд төмрийн баяжмалыг тн нь 92 ам.доллараар гэрээ хийсэн байхад олон улсын зах зээлийн үнэ 160 ам.доллараар, мөн дагалдах металлын АМНАТ нэмж төлөхийг шаардаж байгаа. Жоншны баяжмал ФФ-97-г 1 тн 220 $-аар гэрээ хийсэн байхад 320 ам.доллароор тооцож, угаасан нүүрс 160$-аар гэрээ хийсэн байхад 460$-аар тооцож АМНАТ төлөхийг шаардаж байгаа. Нягтлан бодох бүртгэлийн хуулиар тэд олон улсын зах зээлийн үнээр буюу орж ирээгүй орлогоор тэд тайлагнах боломжгүй. Ажиллах тусам алдагдал нэмэгдэх тул манай үйлдвэрүүд үйл ажиллагаагаа зогсоосон, зогсоохоос ч өөр аргагүй болсон.
-Үйл ажиллагаагаа зогсоосноор ямар асуудлууд үүсэж байна вэ. Үйлдвэрүүд хэчнээн иргэнийг ажлын байраар хангаж байгаа вэ. Олон хүн ажилгүй, орлогогүй болох уу?
-Одоогоор 1500 орчим хүн ажилгүй, маш олон туслан гүйцэтгэгч нар орлогогүй болсон. Гадаадын хөрөнгө оруулалттай болон зээлээр барьсан Баяжуулах үйлдвэрүүд өртгөө нөхөж чадахгүй дампуурлын ирмэгт хүрээд байна. Агуулга багатай төмрийн болон жоншны хүдрийг эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй боллоо.  Орон нутагт төлдөг татвар, төлбөрүүд төлөгдөхгүй орон нутгийн төсөвт хүндрэл үүсээд байна. Татварын алба татвар төлөгчдийн хооронд үл ойлголцлол үүсээд байна.
-АМНАТ-ийн давхардал үүсдэггүй хасалт хийж өгдөг болсон гэдэг үнэн үү?
-АМНАТ бол үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны үе шат бүрд төлдөг НӨАТ биш “Төлбөр”. Газрын доор буй “Төрийн нийтийн өмч”-ийг тусгай зөвшөөрөлтэй этгээд олборлоход нэг л удаа төлдөг байх зөвшөөрлийн төлбөр. Бусад оронд ийм зарчмаар явдаг. Ашигт малтмалын тухай хуульд өмнө нь ногдуулсан төлбөрийг хасч суутгахаар тооцсон заалт нь давхардал үүсгэхгүй гэж УИХ-ын гишүүдэд тайлбарлаж хуулиа батлан гаргасан. Төлбөр давхардалгүй хасалт хийгдэж байгаа мэт харагдах боловч олборлогчийн болон баяжуулах үйлдвэрийн давхардсан олон өртөг, зардлууд, БНХАУ-д төлдөг татвар, хураамж, тээврийн зардал шингэсэн үнээс буюу олоогүй орлогоос буюу олон улсын зах зээлийн жишиг үнээр тооцож өндөр хувь хэмжээгээр АМНАТ тооцож авахаар болсон үүнээс маш бага хэмжээний төлбөр л хасагддаг болсон. Гэвч АМНАТ ногдуулах орлогод олборлогчийн /шатахуун, цалин гэх мэт/ зардал шингэсэн хүдрийн зардал, баяжуулах үйлдвэрийн /32 төрлийн зардал: цалин, шатахуун, цахилгаан, дулаан, уур, ус, тээвэр, ачиж буулгах зардал, гаалийн хураамж, үйлдвэрлэлд шаардлагатай бодисууд/ ордог бөгөөд гэрээний үнээр бус олон улсын жишиг үнээр буюу олоогүй орлогод ногдуулж байгаа нь эдгээр баяжуулах үйлдвэрүүдийг асар их татварын дарамтанд оруулж байна. Төмрийн баяжмалд дагалдах металлын АМНАТ нэмж төлөхийг бас шаарддаг.
Бидэнд уул уурхай, хүнд үйлдвэрлэл хөгжсөн орнуудын судалгаа хангалттай байгаа. Уул уурхай хөгжсөн Австрали, Чили, Бразили, ОХУ, БНХАУ-ын роялтийн бодлого бол олборлолтын шатанд ногдуулдаг, дотоодын үйлдвэрлэгч компаниудынхаа өрсөлдөх чадвар, дотоодын бусад чиглэлийн үйлдвэрлэлээ дэмжих бодлоготой уялддаг, үйлдвэрлэлийн болон тээврийн зардлыг хасч роялти ногдуулдаг, зарим нь цэвэр ашгаас нь роялти ногдуулж авдаг хуультай. Тэд компаниудаа дэмжиж ашигтай ажиллах боломжоор хангасны дараа ААНОАТ авахаа  боддог. Бид ашиг олохоос нь өмнө алдагдалтай ажиллах тал руу нь түлхээд байна. Бид Африкийн орнуудаас ч маш муу хуультай болсон. Одоо өөрийн нүүрс, жонш, төмрийн хүдрийн ордтой  компаниуд бас л олон улсын жишиг үнээр АМНАТ төлөх болж байгаа.
Засгийн газрын 174-р тогтоолын тухай
Засгийн газрын 174-р тогтоол гарч энэ оны 7 сарын 1-нээс мөрдөгдөж маш том хүндрэл үүсээд эхэлсэн.  “Эрдэнэс-Тавантолгой” ХК эрчим хүчний нүүрсээ 1тн 14$  гэрээ хийж 15$-ын АМНАТ төлдөг болж эрчим хүчний нүүрсээ экспортлохоо зогсоосон гэсэн. Томоохон компаниудын өрсөлдөх чадварыг бууруулсан, татварын өрийг нэмэгдүүлсэн алсын хараагүй харамсалтай шийдвэрийг гаргасан. Ард иргэдийн 1072 хувьцаа эзэмшдэг компани ямар бодлогоос шалтгаалж алдагдалтай өртэй болоод байнаа.
-Дотоодын компаниудын өрсөлдөх чадварыг дэмжих боломж хэр байна гэж та харж байна вэ?
-Манай улс хувийн хэвшлийн нуруун дээр ачааллаа үүрүүлж яваа цаашид ч үүрүүлэх ёстой. Төмрийн болон жоншны хүдэр, нүүрсийг түүхийгээр нь гадаадын компани худалдан аваад шууд экспортлоход Монгол Улсад нэмүү өртөг үүсэхгүй, ажлын байр нэмэгдэхгүй олон төрлийн татвар, төлбөр, хураамжууд төлөгдөхгүй. Хилийн цаахна гарангуут боловсруулалт баяжуулалт хийгдээд бидний олох ашиг тэр улсад татварын орлого оруулдаг мөн тэдний компаниудын ашиг болдог. Бид ийм гадаадын компаниудтай өрсөлдөх боломжгүй. Ерөнхий сайд, Сангийн сайд нь  нэмүү өртөг шингэсэн уул уурхайн бүтээгдэхүүний  экспортыг нэмэгдүүлнэ дэмжинэ гээд яриад байдаг. Гэтэл Сангийн яамны хэлтсийн дарга, мэргэжилтнүүд судалгаа, гарц, дүгнэлт маш муу хийж байна, Засгийн газрын /мөрийн/ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх тал дээр санал санаачилга, сэтгэлгээ ихээхэн дутагдаж байна. 
Манай холбооноос Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын дарга, Үйлдвэржилтийн Байнгын хорооны дарга, Хүнд үйлдвэрлэлийн дэд хорооны дарга, Ерөнхий сайд, Сангийн сайд нарт хандаад ямарч хариу ирүүлэхгүй юм. Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд мэргэжлийн хүний хувьд бидний хүндрэлийг ойлгодог гэхдээ салбарын бодлогоо маш муу хамгаалж байна. 
Оюу толгой гэж алт, зэсийн агуулга өндөртөй асар их нөөцтэй ордынхоо баяжмалаас 5 хувийн АМНАТ, алтны компаниудаас 5 хувийн АМНАТ  авдаг байж агуулга багатай төмрийн болон жоншны хүдрийг АМНАТ шингэсэн, НӨАТ-тай үнээр худалдан авч баяжуулаад экспортлоход дахин АМНАТ ногдуулж төмрийн баяжмалын бодит  Борлуулалтын орлогоос 8,5-14 хувийн АМНАТ авч байна.  Бид 68 хувий татвараар маш том алдаа гаргаж байсан түүнээс ч илүү алдааг одоо гаргаад байна. Алдаагаа хурдан засах хэрэгтэй байна.
-Уул уурхайн эцсийн бүтээгдэхүүний экспортыг дэмжсэн бодлого, хөтөлбөрүүд олон байдаг шүү дээ?
-Сайхан амлалт, хөтөлбөрүүд маш олон. Засгийн газрын  2019 оны 214-р тогтоолоор батлагдсан “Хүнд үйлдвэрийн хөгжлийн үндэсний хөтөлбөр”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр /Хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлж, эрдэс түүхий эдийн боловсруулалтын түвшинг ахиулан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ/ гэх мэт хөтөлбөрүүд байгаа. Мөн “Алсын хараа -2050” гэдэг урт хугацааны хөгжлийн хөтөлбөр, Ерөнхийлөгч хүртэл “Олборлолтоос-Боловсруулалтад” гэсэн сайхан уриалга дэвшүүлсэн. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын “Аж үйлдвэржилт” гээд бас сайхан хүлээлт гаргаад ирлээ.
-Хүндрэлээс гарах ямар гарц байна вэ?
-Олон гарц боломж байгаа. 2019.03.26 хүртэл мөрдөгдөж ирсэн Ашигт малтмалын тухай хуулийн 47 зүйлийг дахин сэргээж хэрэгжүүлэхэд хамгийн хялбар. Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар эдийн засгийг эрчимжүүлэх, Шинэ сэргэлтийн бодлогын “Аж үйлдвэржилт”-ийг дэмжих маш чухал асуудлуудыг авч хэлэлцэхээр болсонд Холбооны зүгээс талархаж байна.
Хуулийг засч залруулснаар Баяжуулах үйлдвэрүүд маань ашигт малтмалаа баяжуулж, боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болох Ган, төмөр /арматур/ бүтээгдэхүүн, Кокс, жоншноос химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөөгөө сэргээж ажлын байрыг нэмэгдүүлж, гадаадын хөрөнгө оруулалттай үйлдвэрүүд ч дахин байгуулагдах боломжтой болно.
-Ярилцсанд баярлалаа.
 
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн