Open iToim app
Улс төр | 9 мин уншина

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн Ерөнхийлөгч Х.Баттулгад хаягласан онцлох үгс

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн Ерөнхийлөгч Х.Баттулгад хаягласан онцлох үгс
Нийтэлсэн 2020 оны 7 сарын 20
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн захирамжаар байгуулсан Оюутолгой далд уурхайн төлөвлөгөө /Дубайн гэрээ/-тэй холбоотой хэргийн шүүхийн шийдвэр гарч, нэр бүхий хүмүүст ял оноосон.  Энэхүү хэргийн шүүхийн шийдвэр гарсны дараа Ерөнхий сайд асан Ч.Сайханчилэг гадаадаас Ерөнхийлөгч Х.Баттулга хаягласан үгтэй захидал бичжээ. Түүний захидлаас анхаарал татахуйц зарим мэдээллийг эшлэл байдлаар хүргэж байна. 
1. Урд шөнө нойроо хугаслан Монголын шүүхийн, бишээ Ерөнхийлөгчийн халаасанд байсан шийдвэрийг сонслоо. Монгол Төрийн тэргүүний хувьд Таныг хүндэтгэн гуайлах ёстой ч уучлаарай, ёстой чадахгүй нь. Баттулгаа чи сонс! Зэвүү дургүй хоёр зэрэг хүрч байна шүү, Чамд!  Бүх юмны ард ганц эзэн л байгаа. Бүх “Шорон операци”-ийг ганц Маэстро л удирдаж байгаа. Тэр нь ганц Баттулга! 
2. 2019 оны 3 дугаар сард Монгол Улсад жижгээр хэлбэл Ордны эргэлт болсон. Ордны хуйвалдаан ч гэж нэрлэдэг. Томоор хэлбэл Төрийн эргэлт гарсан. Олон улсад үүнийг Soft coup буюу Төрийн “зөөлөн” эргэлт гэдэг.  Үндсэн хуулийн нэг тулгуур багана Шүүх засаглалыг ҮАБЗ-ийн мэдэлд, Ерөнхийлөгчийн шууд мэдэлд аваачсан, нэг өдрийн дотор, “төмсөгдүүлсэн” гишүүдээр баталсан хуулийн өөрчлөлтийг би энд хэлж байна.
3. Баттулга дуртай үедээ, дуртай шүүгчээ солино шүү, хална шүү гэдэг хувийн мэссэжээ Салхитын гэх хэргийн далбаан доор бүх шүүгчдэд харуулсан. Асуудалд холбоотой 6 шүүгчээр хязгаарлалгүй албаар (17 чингэлэг спиртийнхээ хэргийн өшөө авалт ч юм билүү?) 17 шүүгчийн ажил амьдралаар тоглосон. Алийг чинь ч ингэж чадна шүү гэдгээ анхааруулж байгаа үйлдэл.
4. С.Баяр, бид хоёрыг эхэлж нэг сар хориод одоо үргэлжлүүлж хорих үндэслэл байхгүй байна гээд суллах шийдвэр гаргасан шүүгчийг үгэнд ороогүй гээд зохиомол хэрэгт хутгаж, 2019 онд Ерөнхийлөгч зарлиг гаргаж чөлөөлсөн. Өнөөдөр Ерөнхийлөгчийн хармаанд Их хурал, Засгийн газар, шүүх, прокурор, АТГ, цагдаа бүгд багтлаа. 
5. Төрийн эргэлт гаргасан өөрчлөлтийн дараа Үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт хийсэн шүү дээ гэж эндүүрч магадгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт энэ чиглэлээр юуг ч өөрчлөөгүй, юуг ч хөндөөгүй. Ерөнхийлөгчийн Шүүх засаглалыг атгасан атгалт хэв хэвээрээ. Засаглалын гурван баганы нэг болох Шүүх засаглалын хараат бус байдал өнөөдөр бүрэн устсан. Өнөөдөр Үндсэн хуулийн 3 тулгын нэг Шүүх засаглал нь Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын нэг агентлагаас ердөө ялгаагүй болсон. Хольж солих, хариуцлага тооцох, дарамтлах, даалгавар үүрэг өгөх утгаараа.
6. ОТ, бусад томоохон хэргүүд Баттулгын биш Монголын шүүхээр шийдэгдэх ёстой. Баттулгын хүслээр бус Монголын хуулиар шийдэгдэх ёстой. Баттулгаар бус түүх, цаг хугацаагаар шүүлгэх ёстой. Улс төрийн шийдвэрүүд, бодлогын асуудлуудын зөв бурууг УИХ-ын Танхимд, Засгийн газрын хуралдаанаар шийддэг болохоос Шүүхийн танхимд шийддэггүй юмаа.
7. “Эрэл”-ийн Эрдэнэбатын хормойнд зүүгдэн улс төрд “ногоон”-оороо орж ирэхдээ чи миний найз С.Баярцогтоос суралцана, зааж зөвлөж өгч байгаач гэж гуйж байсан чинь өчигдөрхөн. Дараа нь чи гэрээр нь орж гарж гарынх нь хоолыг хүртдэг байсан ч С.Баярцогтын хоёр хөгшинг хужаа болгож нэгийг нь сэтгэлээр нь өөд болгосон. Өнөөдөр чи хүүгийнх нь эрх чөлөөг, хөгшин эхдээ үнсүүлэх духыг нь булааж авлаа.
8. Чи өөртөө хэрэг болно гэж 6 нялх хүүхдийн эцэг Б.Бямбасайханг хажуудаа 2 жил зарлаа. Хамаг санаа, хичээл зүтгэлийг нь ашиглаад эцсийн мөчид сурсан зангаараа өшиглөлөө. Ардчиллын лидерүүдийг бөөнд нь гүйцээж дарахын тулд Да.Ганболдыг ч хоморголон хэлмэгдүүлэхээ чи мартсангүй. М.Энхсайхантай хамтарч ажилласан багахан хугацаандаа боловсрол мэдлэг, үндэслэл баримтаар дандаа даруулж байсан болохоор өшөөгөө авч, Терроризмээр сүртэй эхлүүлж тэрэг машин төдийхнөөр хэнз үрсээс нь холдуулж чи хээвнэг цоожлох шив.
9. Олон залуусын хийх, зүтгэх сэтгэлийг унтрааж Б.Бямбасайханд Шоронгийн томилолт өвөртлүүллээ. Баабарын хэлдгээр би олон жил “Nice guy” явах гэж хичээлээ. Одоо үнэхээр залхаж байна. Хүн битгий хэл, Хорхой ч гэсэн өөрт нь хүрэхээр арвалздаг юм шүү!
10. Н.Алтанхуягийг хажуудаа байлгаж Ц.Элбэгдоржийн эсрэг 3 жил ашиглаад эцсийн мөчид гуйлтыг нь тоолгүй найз Б.Ариунсанг нь “хугацаат албанд” явууллаа. Харин ч бага хугацаа өгсөн шүү гэж л амыг нь хааж байгаа байх даа, зайлуул. Н.Алтанхуяг чиний бүлэглэлийн эсрэг үзээд анд Л.Гансүхийнхээ, чиний улыг долоож долигоносон ч анд Б.Ариунсангийнхаа хувь заяагаар тоглоод л дуусах шив. Ч.Сайханбилэг рүү бүх буруугаа тох гэж Н.Алтанхуяг хичнээн зөвлөсөн ч өөрийнх нь хэлдэг Хонгилын махны машинд хэрчүүлээд л дууслаа. 
11.  Баттулгаа, чи Ж.Эрдэнэбатыг хорих даалгавраа урьдчилж өгчихөөд, МАН-ынхны галыг өөрөөсөө холдуулахын тулд хөгшин эхтэй нь уулзах нүүр гаргадаг, би янз бүрийн гаргалгаа гаргах гээд хичээж байна гэж хуурдаг, түүнийгээ хэвлэлээр цацдаг, үнэхээр Холливуудын, Солонгос “Савангийн дуурь”-ны зохиолчид ч атаархмаар хоржоонтой зохиолын найруулагч болжээ, чи.
12. Төрийн өндөр албан тушаал болох ЕС-ын хариуцлагатай албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж улс төрч хүний карьерийн өндөрлөгт хүрсэн болохоор улс төрч хүний хувьд нам гүн амьдарч болох хэдий ч, иргэн хүний хувьд эх орныхоо хувь заяаны асуудлаар дуугарахгүй байж тэвчсэнгүй.
13. Надад авсан авилга, хулгайлсан мөнгө байхгүй учраас үнэхээр гарах ёсгүй зардал их гарч байгаад би өөрөө ч бухимдаж бна. Олон улсын хуулийн товчоо Таны хэрэг үнэхээр улс төр хутгалдсан, хамгаалж нотлоход ямар ч хүндрэлгүй зохиомол хэрэг байна, таны санхүүгийн хүндрэлийг ойлгоод, манай амжилттай хамгаалсан дуулиантай хэргийн нэг болох өндөр магадлалтай тул бид танаас өөрсдийнхөө тарифаас эрс хөнгөлж өгье гэсэн. Зүгээр харьцуулахад би гадаадын хуулийн энэ компанид Монгол дахь өмгөөллийн компаниасаа ч хамаагүй бага үнэ төлж байгаа гэдгээ энэ дашрамд мэдэгдье.
14. Надад тохсон хэрэг ердөө хоёрхон. Эхнийх нь Монголчуудын сүүлийн 40 жил хөдлөөгүй том төслийг хөдөлгөсөн. 4,2 тэрбум долларын гадаадын хөрөнгө оруулалтыг эдийн засаг руугаа оруулсан. УИХ-ын заавал 34% эзэмших ёстой гэсэн нөхцлөөс шалтгаалан ОТ-ын 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээгээр ОТ-н Ил уурхай 30 орчим жил үргэлжлээд л дуусч, Монголчууд 6 орчим тэрбум долларын ашиг хүртээд мөн тэр хэмжээний зээл, хүү төлөөд үйл ажиллагаа нь зогсох байв. Харин Дубайн Санхүүжилтийн төлөвлөгөөгөөр нийт нөөцийн 80 хувь байдаг далд уурхайн үйл ажиллагаа эхэлж уурхай 30 жил бус 99 жил ажиллаж Монголчууд 6 тэрбум бус 46 тэрбум доллар хүртэх боломжтой болсон. Дубайн гэрээ гэж андуурдаг Санхүүжилтийн төлөвлөгөөг нэг өгүүлбэрт багтаа гэвэл ийм л энгийн.
15. ОТ-ын хөрөнгө оруулалтын ачаар өнгөрсөн 4 жил хэн ч гадаадын хөрөнгө оруулалт алга боллоо гэж санаа зоволтгүйгээр, долларын ханш харьцангуй тогтвортойгоор зөвхөн хоосон популизм хийх санаа амар 4 жилийг эрх баригчдад олголоо. Дубайн Санхүүжилтийн төлөвлөгөөгөөр татварын хохирол учирсан гээд байгаа бол улс төрчдийн оролцсон бус, тэдний дарамт шахалтанд ажилладаг төрийн албан хаагчдаас бүрдсэн бус олон улсын байгууллага, шинжээч, мэргэжилтнүүдээс бүрдсэн хөндлөнгийн ажлын хэсгээр тооцоолол хийлгүүлээч! Бидний үед манай талын хөлсөлсөн олон улсын 2 байгууллага, шинжээчид тооцоолоод Засгийн газар, Рио Тинтогийн нийт төслийн үр өгөөжөөс хүртэх 54:46 харьцаа татварын энэ нөхцөлд тохирч байна гэж үзсэн. Хэрвээ тооцоо мөргөхгүй бол Б.Бямбасайхан, Д.Ганболд, Б.Ариунсан нарыг шийтгэх бус тооцоо хийсэн байгууллагаас хохирлоо төлүүлж, гэрээгээ шинэчлэхийг Монгол хүний хувьд би ч гэсэн бас хүсч байна.
16. УИХ-ын шийдвэр, Засгийн газрын шийдвэрээр ажилласан энэ хүмүүс яагаад буруутай болж байгааг Баттулгаас л асуу. Засгийн газар асуудал шийдэхдээ хэзээ ч ард түмнээсээ асууж байгаагүй. ОТ-ын төслийг хөдөлгөх үү гэдгээ шууд ардчиллыг анх удаа хэрэгжүүлж мэссэжээр ард түмнээсээ асуусан. 360 мянган хүний олонхи нь Засгийн газраа энэ төслийг хөдөлгөхийг зөв гэж зөвшөөрсөн. З.Энхболдын удирдсан УИХ ОТ-ын төслийг шийд гэж 2 удаа тогтоол гаргасан. УИХ дахь намын бүлгүүдийн удирдлага бүгд урьдчилан танилцсан. Хамтарсан Засгийн газар (МАН оролцоод) хэлэлцээд дэмжсэн. 
17. Надад тохсон 2 дахь хэрэг нь одоохондоо ОТ-той бараг л адил хүчин чадалтай байгаа Эрдэнэтийн үйлдвэрийн бараг тал хувийг харийн орны өмчлөлөөс Эх орондоо авчирч чадсан асуудал. Энд хүмүүсийн андуураад байдаг шиг Эрдэнэтийн ямар ч хувьчлалын асуудал огт байхгүй. АТГ, Прокурорын байгууллагаас намайг 4,5 их наяд төгрөгийн хохирол учруулсан гэж ялладаг. Юун 4,5 их наяд вэ гэхээр Оросын эзэмшиж байсан 49 хувьд ноогдох өмч хөрөнгө, 49 хувьд ноогдох Оросод очих ёстой ирээдүйн ашиг гэдэг. Та нар Монгол Улсын өмнөөс яллаад байна уу, ОХУ-ын өмнөөс ажиллаад байна уу, Монгол Улсыг 4,5 их наяд төгрөгөөр хохироосон юм уу, Монгол Улсад 4,5 их наяд төгрөгийн ашиг авчирсан байна уу гэж асуухаар хариулдаггүй. ОТ, Эрдэнэтийн асуудлаар өнөөдөр хэрвээ шийдвэр гаргах байсан бол би гаргасан шийдвэрээ зөв байсан гэдэгт 100 хувь итгэлтэй учраас энэ шийдвэрүүдээ би дахин эргэн яг ингэж л гаргах байсан.
18. Их хурал сонгуулийн сурталчилгааны үеэр ярьсан хуулийн их өөрчлөлтүүдээ хийхээс өмнө хамгийн эхэнд Баттулгад Ордны эргэлтээр онцгой эрх олгосон хуулиа хүчингүй болгох ёстой. ЖДҮ-гээр барьцаалагдсан УИХ алдаж болно, алдаагаа засахаас айж болно. Та нар ЖДҮ-гээр барьцаалагдаагүй, шинээр багаараа Монгол Улсынхаа төлөө зүтгэнэ гээ биз дээ. Монгол төрийг бусниулсан, Үндсэн хуулийг уландаа гишгэсэн энэ алдааг нь засах хуулийг шинэчлэл амалсан хэн нэгэн нь зориг гаргаж санаачлаач. Засгийн газрын эсхүл намын бүлгийн нэгдсэн санал болгож чаддаггүй юмаа гэхэд эсхүл хувь хүний хувьд жийрхэж айгаад байгаа бол нууцаар хэлэлцэх горимын санал гаргаад гишүүд итгэл үнэмшлээрээ саналаа өгнө гээд өөрчлөөч.
19. ОТ-г хөдөлгөсөн улс төрийн бодлогын шийдвэрийн буруу зөвийг Парламент шийдэх болохоос шүүх шийдэх төвөгтэй байгаа. Тэд хараат бус баймаар байгаа, хүнд бус хуульд захирагдахыг хүсч байгаа. Тэд хуулиар хориотой учраас бусад салбарынхан шиг гараад жагсаж болохгүй, байр сууриа илэрхийлж чадахгүй, ганцаараа шийдэх боломжгүй. Бантан хутгаснаараа улс төрчид л засах ёстой.
20. Чи өөрийгөө 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн цорын ганц горилогч байлгахын тулд Монгол төрийн хоёр тулгуур баганын нэг Ардчилсан намыг бодлогоор шороотой хутгалаа. Дараалж ялагдуулах бүх нөхцлийг нь хангаж өглөө. Өнөөдөр манай намын өнгөтэй өөдтэй хүн бүхэн чиний ачаар ямар нэгэн “цол чимэг”-тэй болсон. Ардчилсан намын нийт гишүүдээ, 30 жилийн өмнө АН дарангуйлагч дэглэмийг нураан гарч ирсэн шигээ 30 жилийн дараа жинхэнэ шинэ Дарангуйлагчид намынхаа өмнөөс нэр дэвшихэд нь нийтээрээ Үгүй гэж хэлцгээе!
21. Хүн шоронд хийснээр авилга устахгүй. Баттулгын дургүй хүмүүс шоронд орж, дотно хүмүүс нь үлдсэнээр авилга устахгүй. Авилга авсан нэг хүн хариуцлага хүлээсэн ч дараагийн авилгач орыг нь залгах л болно. Бодлогын, тогтолцооны өөрчлөлтөөр л амжилт ирнэ. Швед, Норвеги, Сингапур, Америк хүмүүс Монгол хүнээс илүү шударга, шуналгүйдээ биш авилга авах үндсийг нь бодлогоор, зарчмаар, тогтолцоогоор нь шийдэж хянаж чаддаг болсонтой нь л холбоотой.
22. Өнөөдөр Ерөнхийлөгч, түүний төлөөний ямар ч хүн өрөөндөө шүүгчийг, прокурорыг, АТГ, цагдаа, тагнуулын ямар ч хүнийг шууд дуудаж, үүрэг даалгавар өгөх нь байтугай, шууд бусаар утсаар, шуудангаар, бичгээр, зуучлагч этгээдээр дамжуулан холбогдохыг нь хуулиар шууд хориглоё. Зөрчсөн тохиолдолд ямар ч албан тушаалтныг шууд огцруулдаг хуулийн зохицуулалттай болцгооё. Ингэж байж л Шүүх засаглал, хууль хүчний байгууллагын бие даасан, хараат бус байдал хангагдана.
23. Хараат бус байдал нь алдагдсан Шүүх, хууль сахиулах байгууллагуудаа улс төрчдийн гараас, нөлөөнөөс салгаж бие даасан байдлыг нь эргэн сэргээе. Баттулгад олгосон Үндсэн хуулийн бус эрх мэдлийг цуцалъя.
24. Бүртгэлийн, татварын тогтолцооны реформоо дуусгая. Хүн бүр ХОМ гаргадаг болъё. Хөрөнгө, бэлэн бэлэн бус мөнгөн гүйлгээгээ бүрэн бүртгэлжүүлье. Хэн ч ирж ажилласан авилга авах боломжгүй тогтолцоог бүрдүүлье. Авилга өгсөнд биш авсанд зөвхөн хуулийн хариуцлага хүлээлгэе.
25. Баттулгаа, чамд биш хуульд захирагдах сайхан цаг эх оронд минь ирнэ. Ерөнхийлөгч болоод Прокурор дээр хүчээр хаалгуулсан Төмөр замын 280 сая долларын хэрэг чинь эргээд сөхөгдөнө, хувьдаа завшсан ТЭЗҮ-гийн мөнгө чинь чамайг орооно, өнгөрсөн 3 жилд хууль зөрчсөн бусад олон асуудал, тухайлбал Шинэ төмөр замын санхүүжилтийн асуудал, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх хуулийг зөрчсөн хэргүүд чинь хуулийн дагуу босч ирнэ. Тэр үед чамайг Хонгил чинь хамгаалахгүй, Хууль харин даллах болно.
Эцэст нь Баттулгаа чамд өгөх нэг зөвлөгөө байна: Чи долоогсдоороо хүрээлүүлэн дэндүү вакумжсан байна. Р.Эмүжин чамд хандан 2 жилийн өмнө хэлж байсныг дахин сануулья. Хаантан шалдан байна!
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Хүмүүсийг их хорьж, хэлмэгдүүлсэн хорь хорь-н оны 7 сарын хорь-ны өдөр.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн