Open iToim app
Нийгэм | 3 мин уншина

Цагаан сарын хүнс, идээ будаагаа үйлдвэрийн болон хямдралтай үнээр авах боломжтой газрууд

Цагаан сарын хүнс, идээ будаагаа үйлдвэрийн болон хямдралтай үнээр авах боломжтой газрууд
Нийтэлсэн 2018 оны 2 сарын 7
Монгол түмний уламжлалт Цагаан сарын баяр удахгүй тохиох гэж байна. Сар шинийн баярын бэлтгэлээ хийж буй иргэдийн цаг завыг хөнгөвчлөх зорилгоор ITOIM агентлаг томоохон худалдааны төвүүдийг зорьж, идээ будаа, баярын бэлэг, хүсний ногооны үнийн сурвалжлагыг бэлтгэлээ. 
"Мишээл эскпод" монгол цамц, дээл, малгай, гутал 30-50 хувийн хямдралтай худалдаалж байна 
Бид хамгийн түрүүнд "Мишээ экспо" төвийг зорин очиход сар шинийн баярт зориулсан үзэсгэлэн худалдаа болж байв. Суман гүн, Атар өргөө, Өгөөж, Бамбууш, Тэнгэрийн хишгийн хэвийн боов, Хэнтий, Архангайн ааруулын үзэсгэлэн баруун талын эгнээг эзэлжээ. Хойд хэсгээр үндэсний үйлдвэрлэгчдийн монгол цамц, дээл, малгай 30-50 хувь хямдарсан байв. Харин зүүн талын эгнээнд монгол хөөрөг урлаачдын хөөрөг өнгө алаглан байхаас гадна зүлгэсэн мэт гялалзах мөнгө, гуулин домбо, мөнгөн аяга, ууц мах, идээний царыг яриад ав гэх нь олон сонсогдоно. 
Ингээд үзэсгэлэнгээс монгол хүний хөлс хүчээ урсган байж бүтээсэн цөөн хэдэн бүтээгдэхүүнийг зөвхөн эрчүүд, бүсгүйчүүддээ зориулан онцоллоо.      
Эрчүүдэд 
undefined
Баянзүрх дүүргийн хөөрөг урлаач П.Дэлгэр гуай Өвөрхангай аймгийн Богд сумын халтар манатай хөөрөгнүүдийнхээ нуух, хажийг алт, гуулиар урлаж, 600 мянгаас хоёр сая төгрөгийн хооронд үнэ амлаж, үзэсгэлэнд тавьжээ. Мөн “Гурван ур” ХХК-ийн урласан хөөрөгнүүдийг 3-5 сая төгрөгийн хооронд худалдаалж байлаа. Орц ихтэйгээрээ бусад хийцээс ялгагддаг “Батноров” хийцийн эмээл 15 сая төгрөгийн үнэтэйгээр эзнээ хүлээж байх нь тэр. Харин дээл өмсөж буй эрчүүд заавал авах ёстой зүйлийн нэг бол гутал байдаг. Мишээл төвийн үзэсгэлэнд орос, монгол хромнууд тавигдсанаас “МТОТ” ХХК-ийн монгол хромыг 38-43 размерыг 180 мянган төгрөгөөр худалдаалж байв.  
Бүсгүйчүүддээ    
Охид бүсгүйчүүдийн толгойн гоёлыг 20-30 хувь хямдруулан дахин давтагдашгүй загвараар Их хатадын гоёлынхон урласан байлаа. Хүүхдийн толгойн гоёл гэхэд гурван төрлөөр 15-25 мянган төгрөг, бүсгүйн толгойн гоёл 10 төрлөөр 38-130 мянган төгрөгийн хооронд худалдаалж байв. Мөн 10 төрлийн ээмгийг 10-35 мянган төгрөгөөр худалдаалж байв. Цагаан сараар гэрийн эзэгтэй сүлэрсэн сүүтэй цайгаа хийх гялалзсан домбонууд 250-350 мянган төгрөгийн үнэтэй байсан юм. Мөн битүүний орой алаг мэлхий өрөх, морь уралдуулах эсвэл ах дүүгийнхээ хүүхдүүдэд бэлэглэж болохоор шагай 28 ширхэгтэй нь 7000 төгрөг, 35 ширхэгтэй нь 10 мянган төгрөг гэв.   
Харин хэвийн боовны хувьд “Атар өргөө”ХХК-ийн зүсэлттэй хэвийн боов ширхэг нь 2000, зүсэлтгүй 1900, “Өгөөж”ХХК-ийн хэвийн боов 2180, “Тэнгэрийн хишиг” ХХК-ийн хэвийн боов 2700, “Бамбууш” ХХК-ийн хэвийн боов 3100 төгрөг байсан юм.
Тавгийн идээгээ авах бол Дүнжингаравыг зориорой
Дараа нь Дүнжингарав худалдааны төвд зохион байгуулж буй цагаан сарын үзэсгэлэн худалдааг зорилоо. Тус худалдааны төвийн хашаанд машин тавих зайгүй байгаагаас харахад хүн их байгаа нь тодорхой болов. Өмнө зүгийн хаалгаар ороод эргэн тойрноо ажвал “Архангайн ааруул амтлаад үзээрэй” гэх нь чихэнд тод сонсогдлоо. Арын сайхан хангай нутгийн сүүн ааруул килограмм нь 24 мянга бол Хан Хэнтий нутгийн ааруул килограмм нь 15 мянга, сүүн ааруул нь 25 мянган төгрөгийн үнэтэй байсан. Хажууханд айргийн сайхнаар алдартай Булган нутгийн айраг литр нь 5000 төгрөг гэж байв.   
undefined
Үзэсгэлэнд амталгаатайгаа тавигдсан хэвийн боовны үнийг сонирхоход “Өгөөж амтлаг” ХХК-ийн шар тостой боов ширхэг нь 2800, “Гурван Эрдэнэ” ХХК-ийн хэвийн боов 2300, “Суман гүн” ХХК-ийн зүсэлттэй боов 2700, зүсэлтгүй нь 2700, “Өгөөмөр нутаг” ХХК-ийн түмэн наст боовны зүсэлттэй 2000, гүрмэл 2500, зүсэлтгүй нь 1500 төгрөг байсан юм. Үүнээс гадна идээ, махны цар хосоороо 120-200 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байлаа.
Харин дээлийн хувьд булган оруулгатай дээл 250-300 мянган төгрөг, булган оруулгагүй дээл 130-210 мянган төгрөг бол хосоороо 300-500 мянган төгрөгийн үнэтэй байсан юм.  
Сар шинийн баярын хүнсээ Арви дэлгүүрээс үйлдвэрийн үнээр авах боломжтой  
undefined
Бидний хамгийн сүүлд очсон газар бол Сүхбаатар дүүрэг таван буудалд байрлах “Арви” дэлгүүр байсан. Тус дэлгүүрээс үйлдвэрийн үнээр ямар бүтээгдэхүүн авч болох талаар сонирхсон юм. “Арви” дэлгүүрийн гишүүнчлэлтэй үйлчлүүлэгч өргөн хэрэглээний бүхий л бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр авч болохыг худалдааны зөвлөх дуулгасан. Гэхдээ сар шинийн баярын хүнс ялангуяа цайны сүү, хүнсний ногоог эднийхээс хамгийн хямдаар авах боломжтой санагдсан. Тухайлбал, Гацууртын төмс килограмм нь 550 төгрөг, ердийн үнээрээ 700 төгрөг бол лууван килограмм нь 850\гишүүн\, ердийн үнэ 1000 төгрөг, сонгино килограмм нь 1000\гишүүн\, ердийн үнээрээ 1250 төгрөг байгаа юм. Үүнээс гадна “Суман гүн”, “Алиман сар”, “Өгөөж”  зэрэг компанийн хэвийн боовыг үйлдвэрийн үнээр худалдаалж байсан. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн