Open iToim app
Нийслэл | 5 мин уншина

Сурвалжилга: Яармагт баригдаж буй Хотын захиргааны шинэ барилгатай танилцлаа

Сурвалжилга: Яармагт баригдаж буй Хотын захиргааны шинэ барилгатай танилцлаа
Нийтэлсэн 2020 оны 5 сарын 25
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу хотын захиргааг Яармаг руу нүүлгэхээр болж, Хан-Уул дүүрэгт шинэ цогцолбор барих ажлыг эхлүүлсэн билээ. Энэхүү бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцахаар Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороог зорилоо.
Яармагт баригдаж буй хотын захиргааны шинэ байр нь A, Б, В гэсэн гурван блокоос бүрдэнэ. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 97 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа аж. Цогцолборын нийт талбайн хэмжээ 65 мянган м.кв.
undefined
Барилгын А блок нь үндсэн дөрвөн хэсгээс бүрдсэн 11 давхар шилэн барилга сүндэрлэж, ашиглалтад ороход бэлэн болжээ. Хажууд цогцолборын Б блокын есдүгээр давхрын төмөр бетон, угсралтын ажил явагдаж байсан бөгөөд В блокын барилгын ажил эхлээгүй байв.
Ингээд бид тус барилгын гүйцэтгэгч “Темпланд” компанийн ерөнхий инженер болон Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Барилга захиалагчийн хэлтсийн дарга Б.Ганзоригийн хамт барилгын явцтай танилцлаа.
Үндсэн барилгын А блок нь дөрвөн хэсгээс бүрдэж байгаа бөгөөд нийт 21 мянган м.кв талбай оффис, үйлчилгээ, хурал, үзэсгэлэнгийн зориулалтаар баригдаж буй барилга аж. Уг барилгад, НИТХ-ын ажлын албан, НИТХ-ын хуралдааны танхим, НЗДТГ, нэг цэгийн үйлчилгээний хэсэг, үзэсгэлэнгийн танхим, музей, хүндэтгэлийн танхим, хурал болон сургалтын олон зориулалттай танхимууд, ресторан байхаар төлөвлөсөн. Нийт 14 том хуралдааны танхимтай аж.
Харин Б блок нь 13 давхар бөгөөд хоёр блокоос бүрдсэн нийт 30 мянган м.кв талбай бүхий оффисын барилга юм. Уг барилгад Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд болон орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрууд байрлах аж. Тухайлбал, авто замын хөгжлийн газар, Агаарын бохирдлыг бууруулах газар, Газрын алба, Байгаль орчны газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газар, Хөрөнгө оруулалтын газар, Дотоод аудитын алба, Гэр хорооллын дэд бүтцийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв зэрэг газрууд байрлах юм.
undefined
Барилгын ажил нь хараахан эхлээгүй байгаа В блокын хувьд гурван давхар байх юм. Нийт 13.316 м2 талбай бүхий иргэдэд үйлчилгээ үзүүлэх барилга аж. Уг барилгад спорт заал, нэг цэгийн үйлчилгээ, олон зориулалттай танхим, Фитнес клуб, олон төрөлт хоолны газрууд байрлах юм.
Нийслэлийн төр захиргааны байгууллагуудаар өдөрт дунджаар 5700 иргэн, аж ахуйн нэгжид 332 нэр төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Хотын төв рүү хоногт дунджаар 200 мянга орчим авто машин зорчдог байна. Хотын захиргаа Яармаг руу нүүснээр дээрх ачаалал тодорхой хувиар буурна гэж үзэж байгаа юм.
Яармагт баригдаж буй нийслэлийн төрийн захиргааны А блок 95 хувьтай явж байна
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Барилга захиалагчийн хэлтсийн дарга Б.Ганзоригоос барилгын явц, ажлын гүйцэтгэлийн талаар тодрууллаа.
-Нийслэлийн төрийн захиргааны барилгын ажил хэдэн хувьтай явж байна вэ?
-Барилга угсралтын ажлыг 2018 оны долдугаар сард эхэлсэн. А блокын барилгын ажил өнөөдрийн байдлаар 95 хувьтай явж байна. Ерөнхийдөө энэ оны хоёрдугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Харин Б блокын 8 дугаар давхрын төмөр бетон угсралтын ажил хийгдэж 40 хувьтай байна. Б блокыг 2020 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулах хуваарьтай ажиллаж байна. В блокын ажил хийгдэж эхлээгүй байна.
-Дулаан шугам сүлжээний ажил хэдэн хувьтай явж байгаа вэ?
-Гадна шугам сүлжээний ажил ерөнхийдөө дууссан. Гадна цахилгаан хангамжийн ажил 80 хувьтай явж байна. Цахилгаан дамжуулах их тойруу шугамаас болон манай барилгын цахилгаан холболт өөрчлөгдсөн тул хугацаан бага зэрэг хойшилж зургадугаар сарын 1-нд дуусна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.
undefined
-А, Б, В блокууд тус тусдаа хэдэн төгрөгийн өртгөөр хийгдэж байгаа вэ?
-Одоогийн байдлаар А блок 27 тэрбумын өртөгтэйгөөр хийгдэж байна. Б блок 41 тэрбум, В блок 17 тэрбум төгрөгийн өртгөөр хийгдэнэ. Бид барилгын дэвшилтэд бараа материалуудыг ашиглаж угсарч байгаа.
-Энэхүү барилга 2019 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад орох байсан. Яагаад хугацаандаа ашиглалтад ороогүй вэ?
-Барилга нь Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа учир бид хөрөнгө оруулалтаа үе шаттайгаар тухайн оны төсөвт тусгаж батлуулан ажилладаг. 2019 онд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн. 2020 онд үлдэгдэл хөрөнгө оруулалтыг нь шийдвэрлүүлэн ажиллаж байна.
-В блокын ажил хэзээнээс эхлэх вэ?
-В блок нь А болон Б блокуудаас талбайн хэмжээ багатай нийт 13 мянган м.кв талбайтай барилга. Энэхүү  барилгын ажлыг зургадугаар сард эхлүүлнэ. Ямар ч байсан 2020 ондоо багтаан ашиглалтад оруулахаар шахуу графиктай ажиллаж байна.
Гадна тохижилтын хувьд 6 мянган м.кв явган хүний зам хийх бөгөөд 14 мянган м.кв талбайд авто зогсоол барих юм. Үүнээс гадна 814 м.кв талбайд  нисдэг тэрэг буух талбай байгуулна.
undefined
Ерөнхий гүйцэтгэгч компаний Ахлах инженер Г.Ариунцэцэгээс бүтээн байгуулалтын үед тулгамдаж буй хүндрэлтэй зүйлсийн талаар тодуурлахад “Сүүлийн үед цементийн хомсдол үүсч барилгын ажил бага зэрэг удааширч байна. Энэ асуудлаас болж Б блокын найман давхрын ажлыг хийх гээд 14 хоног хүлээж байна. Цементийн үнэ нэмэгдэж хомсдол бий болсноор бид ажлаа явуулахын тулд хэд дахин нугалсан үнэтэй цемент, бетоныг авахаас өөр замгүй. Түүнчлэн бетон үйлдвэрлэл багассан.  Энэ барилгын нэг давхарт л 700 гаруй куб метр бетон ордог. Гэтэл үүнийг нэг дор үйлдвэрлэдэг үйлдвэр байхгүй болж байна. Ажил гүйцэтгэхэд хүндрэлтэй зүйл байхгүй. Бид гаргасан график төлөвлөгөөний дагуу явж байгаа учир хоцорсон зүйл бараг байхгүй” гэсэн юм.
Хотын захиргааны шинэ байрны барилгын ажил эрчимтэй явагдаж байгаа бөгөөд ирэх зургадугаар сард А блокыг ашиглалтад оруулна гэж төлөвлөжээ.
undefined
Харин бэлэн болсон шинэ байрандаа Нийслэлийн захиргааны байгууллагууд хэзээ нүүж орохыг Нийслэлийн захиргаа, удирдлагын хэлтсээс тодруулах гэсэн боловч хариулт өгөх хүн олдсонгүй. Харин Нийслэлийн хэвлэл олон нийттэй харилцан албанаас асуухад “Улсын комисс хүлээж авсны дараа энэ талаар мэдээлэл өгнө” гэсэн хариултыг өгсөн юм.
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Яармагт баригдаж буй барилга руу хотын захиргаа нүүж очих эсэхийг ард иргэдийн дунд санал асуулга явуулж, олонх нь эсэргүүцвэл уг байрыг өөр зориулалтаар ашиглах ёстой гэсэн байр сууриа илэрхийлж байсан билээ.
undefined
undefined
undefined
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн