Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсийн дарга Б.Эрдэнэцэцэгтэй ярилцлаа.
-Бэлчээрийн даац өвөлжилтийн нөхцөл байдлыг тодорхойлох нэг хүчин зүйл болдог. Танай хэлтсээс ирэх өвөл, хаврын бэлчээрийн даацыг тодорхойлсон байна. Үр дүн ямархуу гарсан бэ?
-Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс жил бүр ирэх өвөл, хаврын бэлчээрийн даацыг гаргадаг. Ингэхдээ баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээр ашиглах хоног зэргийг үндэслэн тооцоолдог. Энэ жилийн тооцоогоор ихэнх газар бэлчээрийн даац хэтэрсэн байна.
Өөрөөр хэлбэл, нийт газар нутгийн 60 хувьд бэлчээрийн даац хэтэрсэн. Аймгийн дүнгээр аваад үзвэл энэ зун гантай, гандуу байсан Баян-Өлгий, Увс, Ховд, Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь, Өвөрхангай, Дорноговь аймгийн ихэнх сум, багийн нутгаар бэлчээрийн даац хэтэрсэн байна. Бэлчээрийн даац нь тухайн зун ямар байснаас шалтгаална. Зургадугаар сарын эхээс наймдугаар сарын 20-д хүртэл баруун таван аймаг, говийн бүс нутгаар гантай байсан. Тиймээс бэлчээрийн ургамал муу ургасан нь бэлчээрийн даац хэтрэх гол шалтгаан болсон. Архангай, Өвөрхангай, Хөвсгөлийн урд хэсэг зэрэг хангайн аймгуудаар энэ жил бороо хур хангалттай орсон. Гэвч бэлчээрийн даац гурав дахин хэтрээд байна. Энэ нь малын тоо их байгаатай холбоотой юм.
Бэлчээрийн даацын үзүүлэлт нь өвөлжилт, хаваржилтын байдлыг урьдчилж тодорхойлох үндсэн үзүүлэлтийн нэг юм. Энэ утгаараа гантай, гандуу байсан баруун аймгууд, говийн бүсийн нутгаар өвөлжилт, хаваржилт, хүндрэх эрсдэл өндөр байна.
-Баруун аймгуудаар зуд болох эрсдэлтэй гэж яригдаад байгаа. Таны хэлж байгаагаас баруун аймгуудад болон говийн бүс нутгаар зуд болох өндөр эрсдэлтэй гэж ойлгож болох уу?
-Зуд гэдэг олон хүчин зүйлээс хамаарна. Цасны хэмжээ, хүйтэн, тухайн газар нутгийн хүмүүсийн отор нүүдэл хийх бололцоо зэргээс хамаардаг. Зуданд хүргэх гол шалтгаан нь гангийн байдал. Гангийн үр дагавар зуд ч гэж хүмүүс хэлдэг. Тиймээс гантай байсан, бэлчээрийн ургац муу байсан, бэлчээрийн даац хэтэрч гарсан зэрэг нь зуд болох эрсдэлийг нэмэгдүүлнэ. Одоогоор цас болон хүйтний улирлын төлөв хараахан гараагүй байгаа учир зудын эрсдэлийн зураг гараагүй байгаа. Ер нь гантай, бэлчээрийн даац хэтэрсэн газарт цас ихээр орвол зуд нүүрлэх эрсдэл бий. Нөгөө талаар цас бага орсон ч гантай зуссан газруудад малын тарга тэвээрэг муу байдаг учир дутуу тарга тэвээрэгтэй мал эхний хүйтрэлтэд эмзэг өртөх магадлал өндөр.
-Бэлчээрийн даацын тооцоог харахад аль аль сумаар голцуу хүндрэхээр байна вэ?
-Бэлчээрийн даацыг таван дүнгээр тодорхойлдог. Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн 23.9 хувь нь бэлчээрийн нөөцтэй байна. Энэ нь Хөвсгөл, Булган, Сэлэнгийн хойд хэсгийн сумд, зүүн аймгуудын хойд хэсгээр бэлчээрийн нөөцтэй буюу боломжийн гэсэн үг. Мөн нийт нутгийн 15.6 хувь нь бэлчээр хүрэлцээтэй. Үүнд, Булган, Сэлэнгэ, Хөвсгөлийн урд хэсгийн сумдаар бэлчээр хүрэлцээтэй байна.
Харин нийт нутгийн 34.4 хувьд бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрсэн, 7.7 хувьд бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрсэн, 18.4 хувьд бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн байна. Өөрөөр хэлбэл, ирэх өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 40 орчим хувьд хүрэлцээтэй байна. Тиймээс малчид малаа өөрийн нутаг усандаа өвөлжүүлэх боломжтой. Харин 60 гаруй хувьд бэлчээрийн даац хэтэрсэн тул бэлтгэлтэй байх ёстой.
Төвийн бүс нутгаар бороо хур элбэгтэй байсан ч агаарын температур олон жилийн дунджаас сэрүүн байсан. Өдөртөө их халж, шөнөдөө их сэрүүсч байсан тул өдөр шөнийн температурын хэлбэлзэл ихтэй байсан. Үүнээс үүдэн бэлчээрийн ургамлын ургацад сөргөөр нөлөөлсөн. Мөн энэ бүс нутгаар малын тоо ихтэй учир бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн.
Бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн сумдыг нэрлэвэл, Баян-Өлгийн Бугат, Алтанцөгц, Баяннуур, Сагсай, Увсын Сагил, Улаангом, Тариалан, Ховдын Эрдэнэбүрэн, Мянгад, Буянт, Ховд, Говь-Алтайн Хөхморьт, Жаргалан, Шарга, Баянхонгорын Гурванбулаг, Галуут, Бөмбөгөр, Баян-Овоо, Баянговь, Баянлиг, Өвөрхангайн Өлзийт, Баянгол, Төгрөг, Төвийн Баянхангай, Өмнөговийн Гурвантэс, Сэрвэй, Мандал-Овоо сумд хамрагдаж байна. /Зураг дээр улаанаар тэмдэглэсэн/
Харин Баян-Өлгийн Алтай, Дэлүүн, Ногооннуур, Булган, Увсын Бөхмөрөн, Ховд, Өмнөговь, Өлгий, Завхан, Хяргас, Ховдын Дөргөн, Мөст, Булган, Зэрэг, Завханы Баянтэс, Сонгино, Эрдэнэхайрхан, Алдархаан, Говь-Алтайн Тайшир, Баянхонгорын Хүрээмарал, Бууцагаан, Богд, Хөвсгөлийн Төмөрбулаг, Өвөрхангайн Уянга, Нарийнтээл, Богд, Сант, Булганы Баяннуур, Төвийн Дэлгэрхаан, Баяндэлгэр, Сүхбаатарын Түвшинширээ, Дундговийн Сайхан-Овоо, Өмнөговийн Ноён, Булган, Цогтцэций, Хүрмэн, Баяндалай, Ханбогд Дорноговийн Мандах, Сайхандулаан, Даланжаргалан сумдын нутгаар 3-5 дахин хэтэрлээ. /зураг дээр улбар шараар тэмдэглэсэн/
-Өнгөрсөн өвлийн байдалтай харьцуулахад ямархуу байна вэ?
-Өнгөрсөн жил бэлчээрийн даац их боломжийн байсан. Нийт нутгийн 30 хүрэхгүй хувьд бэлчээрийн даац хэтэрсэн гэдэг үзүүлэлт гарч байсан. Гэтэл энэ жил хоёр дахин их буюу нийт нутгийн 60 хувьд бэлчээрийн даац хэтрээд байна. Ингэснээр зуд турхан болон мал хоргодох эрсдэлтэй.
-Бэлчээрийн даац нутгийн 60 хувьд хэтэрсэнтэй холбогдуулан малчид, иргэд юунд анхаарч, юу бэлдэх вэ?
-Гантай болон гандуу байсан газар нутагт өвөлжилт хүндэрнэ гэдгийг онцгойлон анхааруулмаар байна. Ялангуяа, зурагт улаан, улбар шар, шараар тэмдэглэсэн газруудад амьдран суудаг малчид өвс хадлан, нэмэгдэл тэжээл олж нөөцлөх, отор нүүдэл хийх, малаа борлуулах, тоог нь бууруулах зэрэг арга хэмжээ авч, өвөлжилт хаваржилтанд эртнээс бэлтгэх шаардлагатай байна.
Монголын өвөл болдгоороо болно. Цастай ч байсан цасгүй ч байсан хүйтэрнэ. Зундаа гандуу болон гантай байсан бүс нутгийн мал тарга тэвээрэг бага авсан учир хүйтэнд эмзэг байна.