Ромын Пап Францис цар тахлын улмаас орлого нь буурч, хүнд нөхцөлд орсон Католик шашны сүм хийдүүдийн ажилчдын ажлын байрыг хадгалах зорилгоор Ватиканы кардинал болон санваартнуудын цалинг хасах шийдвэр гаргасан байна.
Ватиканы хэвлэлийн төлөөлөгч лхагва гаригт энэ талаар Ромын Папын зарлигаар ирэх сарын нэгний өдрөөс эхлэн Католик шашны кардиналууд болон санваартнуудын цалинг пропорционал хэмжээгээр бууруулна гэж мэдээлсэн юм. Тухайлбал, Католик шашны хамбын дээд хэргэм зэрэг болох кардиналуудын цалинг 10 хувиар, санваартнуудын цалинг албан тушаалаас нь хамаарч 3-8 хувь хасахаар шийдсэн байна.
Ромын Пап Францис цар тахлын улмаас Ватикан болон Католик шашны сүм хийдүүд эдийн засгийн хувьд хүнд байдалд орсон ч жирийн албан хаагчдыг цомхотгохыг хүсэхгүй байгаагаа илэрхийлсээр ирсэн.
Тэгвэл Ватикан дахь кардиналууд сард дунджаар 4000-5000 еврогийн цалин авдаг бөгөөд тэдний дийлэнх нь том орон сууцанд зах зээлийн түрээсийн ханшаас доогуур үнээр амьдардаг байна. Харин Ватиканы ихэнх санваартнууд болон гэлэнмаа нар Ром дахь Католик шашны сүм, хийд, сургууль болон дотуур байранд амьдардаг тул цар тахлаас улбаатай эдийн засгийн хямралд төдийлөн өртөөгүй гэж үзэж байгаа аж. Мөн тэдний амьжиргааны зардал цагдаа, гал сөнөөгч, үйлчлэгч, цэвэрлэгч, урлагийн бүтээл сэргээн засварлагч, засварчин гэх мэт гэр бүлтэй Ватиканы бусад жирийн ажилчдаас бага байдаг байна.
Ватикан жирийн алба хаагчдын зэрэг дэвээс шалтгаалж 10 шатлалаар цалин олгодог бол ахлах албан тушаалтнуудад дөрвөн шатлалаар цалин олгодог аж. Ватиканы ажилчдын цалин жил бүр тогтмол өсөхөөр зохицуулагдсан байдаг. Гэвч Ромын Пап Францис цар тахлаас улбаалан 2023 оны гуравдугаар сар хүртэл хамгийн бага шатлалын цалин авдаг ажилчдаас бусад алба хаагчдын цалинг нэмэхгүй байхаар шийдсэн байна.
Ватиканы эдийн засгийн асуудлыг хариуцдаг дээд албан тушаалтан энэ сарын эхээр “COVID-19” цар тахлын улмаас дэлхийн Католик шашны төв энэ онд 40 сая еврогийн нөөц хөрөнгөө хоёр дахь жилдээ дараалан ашиглаж болзошгүй байгаа талаар мэдэгдсэн. Ватиканы гол орлогын эх үүсвэрийг бүрдүүлэгч Гэгээн Петрийн сүм болон Ватиканы музейгээр 2019 онд 6 сая жуулчин зочилж байжээ. Тэгвэл цар тахлын улмаас эдгээр соёлын өв нь өнгөрөгч оны ихэнх хугацаанд хаалттай байсан бөгөөд цөөн өдөр хэсэгчлэн ажилласан байна. Ватиканы музейг энэ сард нээхээр төлөвлөж байсан ч Итали улсыг коронавирусийн халдварын гурав дахь давлагаа нөмөрч, хөл хорио тогтоосноор музейн үйл ажиллагааг дахин нээх хуваарийг хойшлуулжээ.
Энэ жил “Holy See” буюу Католик шашны төв удирдлага 50 сая еврогийн алдагдал хүлээх төлөвтэй байгаа юм. Харин 2021 оны орлого 213 сая евро байх урьдчилсан төлөв зарлагдсан нь өмнөх оны орлогоос 30 хувиар буурсан үзүүлэлт аж.