Open iToim app
Нийгэм | 3 мин уншина

Судалгаа: Цахилгаан тамхи энгийн тамхинаас хэд дахин илүү донтуулдаг

Судалгаа: Цахилгаан тамхи энгийн тамхинаас хэд дахин илүү донтуулдаг
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2022 оны 1 сарын 26
“Чи хэзээ гарах юм. Би чамайг гарна гэвэл маргааш гарлаа” гэсээр хэдэн сар, жил эцэстээ архаг тамхичин болчихдог. Дэлхий даяарх тамхины хамааралтай 1.1 тэрбум насанд хүрсэн иргэний 60 хувь нь тамхинаас гарах хүсэлтэй байдаг талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаанд дурджээ. Хэдий архагшсан ч маргаашаас л гарна гэх бодлыг тээх тэдний хамгийн зөв шийдэл нь электрон тамхи буюу цахилгаан тамхи байв. Сүүлийн гурван жилийн хугацаанд манай улсад хөгшин залуугүй цахилгаан тамхийг хэрэглэдэг болсон. Харин эцэстээ энэ нь зөв эсвэл буруу гэдэгтээ эргэлзэж эхлэх шиг. Нэг хорноос салах гэж өөр нэг хороор орлуулчихвуу гэж санаа зовнисон иргэд хаа сайгүй.
Хэдий цахилгаан тамхи ихээр хэрэглэж байгаа ч уламжлалт навчин тамхи байсаар л байна. Тэгвэл ердийн тамхины утаанаас 7000 гаруй орчим химийн нэгдлүүд үүсдэг. Эдгээрийн 250 гаруй нэгдэл нь 69 төрлийн хорт хаврыг үүсгэдэг байна. Харин цахилгаан тамхи нь шингэн төлөвт никотиныг халааж ууршуулах зарчмаар ажилладаг тул уламжлалт тамхинаас ялгарах химийн элементүүд багтдаггүй ч 35 хувиар бага химийн элементүүдийг агуулдаг байна. Гэтэл ямар ч хор хөнөөлгүй  зөвхөн чихэр, жимс, элдэв амт л бий хэмээн эндүүрсэн иргэд гэртээ уугуулж, хүүхдүүд нь сургуулийнхаа хажуу дэлгүүрээс авах болжээ. Чамирхах гэсэн нь хэрээс хэтэрч өсвөр насныхан дунд дэлгэрч, өдөр тутамдаа өглөөний цай шигээ хэрэглэх нь элбэг.
Гэтэл цахилгаан тамхины амтанд дурлах нь тийм ч таатай зүйл биш. Тэдгээр  олон төрлийн амт оруулагч нэмэлтүүдийн 75 хувьд нь диацетил хэмээх бодис ашигладаг. Энэ нь “эрдэнэшишийн өвчин” гэх өвчнийг үүсгэдэг аж. Диацетил бодисыг хүнсэнд хэрэглэж болох ч удаан хугацаанд татаж, амьсгалж хэрэглэвэл уушгины судсуудыг нарийсгаж, үрэвсэл, шарх үүсгэх аюултай. Амтанд болсон өсвөр насныхнаас гадна тамхинаас гарах хүсэлтэй иргэд ихээр сонирхоно. АНУ-д уламжлалт тамхи татдаг хүмүүсийн 40 хувь нь цахилгаан тамхи татах болсон. Дан ганц АНУ-д гэлтгүй цахилгаан тамхины хэрэглээ манай улсад ч эрс нэмэгдсэн. Бүр жижиг том сүлжээ дэлгүүр, онлайн дэлгүүр, фэйсбүүк пэйж, бичиг хэргийн дэлгүүрт хүртэл зарагдах болсон. Гэвч манай улсад цахилгаан тамхи оруулж ирэх зөвшөөрөлтэй гаалийн татвар төлдөг гурванхан компани л байдаг. Хэрэглээ ихсэх тусам хуурамч зүйлс нэмэгдэх нь бараг л зах зээлийн хэвшмэл төрх. 2020-2021 оны байдлаар манай улсад 822.7 мянган ширхэг цахилгааан тамхи импортоор орж ирсэн бөгөөд эдгээрийн нэгэнд нь ч онцгой албан татвар төлөөгүй байна. Мэдээж зөвшөөрөл, татвар төлөөгүй зүйлс шаардлага хангах нь эргэлзээтэй. Харин эдгээр  чанаргүй цахилгаан тамхийг өсвөр насныхан хэрэглэх нь хэр зохистой вэ. Олон улсад 21 наснаас доош насны хүүхдүүдэд зарахгүй байхыг хуульчилсан байх аж. Бүр цаашилбал дэлхийн 27 улсад цахилгаан тамхийг бүрэн хориглосон байна.    
Цахилгаан тамхины талаар Анагаах ухааны доктор Г.Цэцэндарь: Манай улсын стандартаар нэг ширхэг янжуур тамхинд агуулагдах никотин нь 1.3 миллиграмм байдаг. Харин цахилгаан тамхи нь никотин 25 миллиграмм болон түүнээс дээш зарим тохиолдолд 100 миллиграмм хүртэл байдаг учир энгийн тамхинаас хэд дахин донтуулах үйлчилгээтэй. Гэтэл 60 миллиграмм никотин нь хүнийг үхэлд хүргэх аюултай байдаг гэж анхааруулсан байна.
Хэдий уламжлалт тамхинаас зарим талаараа давуу талтай ч удаан хугацаандаа 20-30 жил хэрэглэснээр энгийн тамхинаас хэд дахин хор хөнөөлтэй гэдгийг BBC агентлаг онцоллоо. Үүний  жижиг илрэл нь АНУ-д цахилгаан тамхинаас болж 2020  оны хоёрдугаар сард 2807 уушгины өвчлөлөөр эмнэлэгт хэвтсэн бөгөөд 68 хүн нас барсан байна. Энэ маягаар электрон тамхинд дурласаар хэдхэн жилийн дараа нийтээрээ нэг өвчнөөр зэрэг өвдөж болох юм. Тамхинаас гарахын тулд цахилгаан тамхи хэрэглэх бус цахилгаан тамхинаас ч бас татгалзах нь зөв сонголт аж.
Л.Гантөгс
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн