“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хөгжлийн бодлогын газрын дарга Д.Нэмэхбаяраас үйлдвэрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар зарим зүйлийг тодрууллаа.
-Лондоны Арбитрын шүүхээс “Эрдэнэт үйлдвэр”-ийг битүүмжлэх, 99 сая ам.доллар дээр нэмж хоногийн 30 мянган ам.долларын хүү төлөх шийдвэр гаргасан. Одоогийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа болов уу?
-Миний хувьд “Эрдэнэт үйлдвэр”-ийн хөгжлийн бодлогыг хариуцан ажилладаг. “Эрдэнэт үйлдвэр” 40 жилийн түүхэндээ 2017 онд хамгийн сайн, ашигтай ажиллалаа. Үйлдвэрлэл, боловсруулалтын хэмжээ, ашиг орлого аль аль нь хамгийн өндөр төвшинд ажилласан жил байлаа. Одоогоор “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагаа болон санхүү хэвийн явж байна.
-Тэгэхээр Арбитрын шүүхийн шийдвэр “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй байгаа гэж ойлголоо. Нэгэнт шүүхийн шийдвэр гарчихсан учраас авах арга хэмжээний талаар бодлогын төвшинд яригдсан зүйл бий юу?
-Хуулийн процессын талаар надад ямар ч мэдээлэл алга. “Эрдэнэт үйлдвэр”-ийн хууль, эрх зүйн газар энэ асуудал дээр ажиллаж байгаа. Одоогоор үйлдвэрийн үйл ажиллагаанд хориг тавьсан, саад учруулсан зүйл байхгүй. Нөгөө талаар энэ бүхнийг үйлдвэрийн ТУЗ, үйлдвэрийн даргын төвшинд ярьж шийднэ.
-“Стандарт банк”-ны өрөө төлж эхэлсэн гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-“Стандарт банк”-тай холбоотой ямар ч мэдээлэл надад алга.
-Үйлдвэрийн нөөц багассан гэдэг асуудлыг сүүлийн үед ярих болсон. Ер нь цаашид хэдэн жил ажиллах нөөцтэй гэж үзэж байгаа вэ?
-Сүүлийн гурав, дөрвөн жилийн хугацаанд “Эрдэнэт үйлдвэр”-ийн нөөцийг нэмэгдүүлэх судалгааны ажлууд нэлээд хийж байгаа. Үүний үр дүнд 2016 оны есдүгээр сард нөөцөө нэмэгдүүлэн батлуулсан. Гэхдээ энэ хангалттай биш. Цаашид нөөцөө нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлууд хийхээр төлөвлөсөн. Одоогийн байдлаар ил уурхайн төлөвлөлт 39 жилийн хугацаатай гэсэн судалгаа гарсан. Нэг үгээр хэлбэл, “Эрдэнэт үйлдвэр” ирэх 39 жил ажиллах нөөцтэй гэсэн үг. Цаашид нөөцөө нэмэгдүүлэх боломж бий.
-Нөөцийг нэмэгдүүлэх судалгааны ажлууд хийж байна гэлээ. Яг ямар бодитой ажил хийж байгаа талаараа мэдээлэл өгч болох уу?
-“Эрдэнэт үйлдвэр”-т тогтоогдсон хоёр тэрбум орчим тонн зэс болон молибден агуулсан нөөц байгаа. Энэ нь ойролцоогоор 7.8 сая тонн цэвэр зэс гэсэн үг. Тэгэхээр “Эрдэнэт үйлдвэр” жилд 120-130 мянган цэвэр зэс үйлдвэрлэдэг гэж тооцвол энэ бол асар их нөөц. Ирэх 15 жилийн төлөвлөлтийн баримт бичгээ боловсруулан батлуулаад байна.
-Тухайлбал, ямар ажлууд хийхээр төлөвлөөд байна вэ?
-Ирэх 15 жил “Эрдэнэт үйлдвэр” яаж ажиллах вэ гэдэг төлөвлөлтийг хийсэн. Үүнд, томоохон төслүүд, техникийн дэвшилтүүдийг хийнэ. Мэдээж үүнд ашиг орлогоо тооцсон байгаа. Тухайлбал, зургаан төсөл хэрэгжүүлнэ. Ил уурхайдаа хүдрийн бутлалт, тээвэрлэлтийн систем нэвтрүүлнэ. Баяжуулах үйлдвэрээ бүхлээр нь шинэчилнэ. Мөн зэсийн хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийг барьж байгуулахаас гадна дэд бүтцийн ажлууд багтаж байгаа.