Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ТЕГ-ын удирдлагуудыг томилсон.
Тодруулбал, ТЕГ-ын даргаар П.Одонбаатар, дэд даргаар С.Хүдэрчулуун, тэргүүн дэд даргаар А.Бат-Эрдэнэ нарыг томилсон. Тагнуулын ерөнхий газрын даргаар төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, сүүлийн таван жил төрийн албанд тасралтгүй ажиллаж байгаа Монгол Улсын иргэнийг зургаан жилийн хугацаагаар томилж, чөлөөлөх хуулийн зохицуулалттай. ТЕГ-ын шинэхэн удирдлагуудыг танилуулж байна.
ТЕГ-ын дарга П.Одонбаатар гэж хэн бэ
Пэлжээгийн Одонбаатар 1974 онд Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн. Цэргийн байгууллагад нийт 25 жил ажилласан, цэргийн хурандаа цолтой.
1996-1999 онд Дундговь аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч;
1999-2001 онд Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст мөрдөн байцаагч;
2001-2015 онд Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, хэлтсийн орлогч дарга, хэлтсийн дарга
2018-2019 онд Тагнуулын ерөнхий газарт албаны дарга
2019 оноос Тагнуулын ерөнхий газрын Орон нутгийн газрын дарга
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 55 дугаар тогтоолоор ТЕГ-ын тэргүүн дэд даргаар томилогдон ажиллаж байгаад өнөөдөр ТЕГ-ын даргаар томилогдлоо.
Тэргүүн дэд дарга А.Бат-Эрдэнэ гэж хэн бэ
Аюушжавын Бат-Эрдэнэ 1971 онд Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд төрсөн. Хуульч мэргэжилтэй. Цэргийн байгууллагад 27 жил ажилласан, цэргийн хурандаа цолтой. 1993-1998 онд УМБГ-т мөрдөн байцаагч, 1998-2005 оноос Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байна. Тэрээр мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, Мөрдөн байцаах хэлтсийн дарга, Замын-Үүд дэхТагнуулын газрын даргаар ажилласан байжээ.
ТЕГ-ын дэд дарга С.Хүдэрчулуун гэж хэн бэ
Сүрэнжавын Хүдэрчулуун 1979 онд Улаанбаатар хотод төрсөн. Хуульч эрх зүйч мэргэжилтэй. Цэргийн байгууллагад нийт 17 жил ажилласан, цэргийн хурандаа цолтой. Тагнуулын ерөнхий газарт 2003 оноос одоог хүртэл ажилтан, ахлах ажилтан, тасгийн дарга, хэлтсийн дарга, газрын орлогч, газрын даргаар ажиллаж байжээ.