Жил бүрийн нэгдүгээр сарын 3-ны өдрийг “ Цусны донорын Үндэсний өдөр” болгосноос хойш зургаа дахь жилдээ тэмдэглэж байна. Энэ жилийн уг өдрийг Цус сэлбэлт судлалын үндэсний төв нь Монголын улаан загалмай нийгэмлэг, JCI Монгол, JCI капитал салбар байгууллагатай хамтран өмнөх онд хамгийн олон удаа цусаа хандивласан доноруудыг алдаршууллаа.
Жишээлбэл 2021 оны хамгийн олон удаа цусаа бэлэглэсэн донороор Э.Нандинцэцэг, С.Хүрэлбаатар, 150-аас дээш удаа хандивласан “Алтан донороор” Ц.Батбаяр, 200 удаа цусаа бэлэглэсэн “Топ донор”-оор Д.Эрдэнэчулуун нар тус тус шалгарав.
Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн захирал Н.Эрхэмбаяр “Цусны доноруудын талаар болон цусаа хандивлахын ач холбогдлын талаар сургалт, мэдээллийг нийтэд түгээхээс гадна өмнөх онд хамгийн олон удаа цусаа бэлэглэсэн донорыг шалгаруулдаг. Мөн тэдэнд цусаа хандивласан тоогоор нь урамшуулал оноог өгөх зэрэг ажлууд нь энэ өдрийг зохион байгуулах гол шалтгаан юм. Эмэгтэйчүүд гурван сардаа нэг буюу жилдээ дөрвөн удаа , эрэгтэйчүүд хоёр сардаа нэг буюу жилдээ зургаан удаа цусаа өгөх боломжтой. Харин манай төв нь технологийн дэвшлийг ашиглан цусыг бүхлээр нь бус бүрэлдэхүүн хэсгээр нь салгаж авах боломжтой болгосон. Ингэснээр иргэнд 2-3 сар хүлээлгүй 14 хоногийн завсартай жилдээ 10-14 удаа цусаа хандивлах боломжтой болсон” хэмээлээ.

“Цусны донорын үндсэний өдөр” болж байгаатай холбоотой цусаа хандивлах гэж буй иргэдийн цуваа тасарсангүй. 2007 оноос хойш цусаа хандивлаж байгаа Д.Ариунболд хэлэхдээ “Анх төрсөн өдрөөрөө цусаа хандивлаж байсан. Өнөөдөр 36 дахь удаагаа өгч байна. Эхний удаа цусаа өгөөд гарч байхад эмч маань “Та гурван хүний амь насыг аварлаа шүү дээ” гэж хэлж байсан. Тэр үгийг сонсоод найзуудтайгаа уулзаж баярласан сэтгэлээ хуваалцсанаа санаж байна. Хүмүүс цусаа өгсөн гэхээр цусны хэмжээ багасаад байдаг гэж ойлгодог. Харин ч эсэргээрээ цус өгснөөр шинээр төлждөг юм шүү” гэв.
Цар тахлын үед цус хандивлах байтугай гэрээсээ гарахад хүндрэлтэй байсан. Энэ үед тухайн ондоо хандиваар авахаар тооцоолсон цусыг бүрдүүлэхийн тулд улаан бүсээс хүртэл доноруудыг зөөх ажлыг зохион байгуулсан. Ийнхүү олон арга хэмжээг цаг тухай бүрт нь авснаар 2021 онд 500 цус авалтаар ахиулж, 27264 донороос цус авч, төлөвлөгөө 102.9 хувь болгон давуулан биелүүлсэн гэдгийг тус төвийн захирал онцоллоо.
Иргэд цусаа хандивлахад биед нь сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж хаширладаг. Тэгвэл цусаа хандивлах нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэдэг нь ташаа ойлголт. Тогтмол цусаа өгдөг донор хүний бие эрүүл чийрэг, зүрхний шигдээсээр өвчлөх магадлал 30 хувь бага байдгийг шинжлэх ухаанаар нотолсон. Нэг удаа 250-300 грамм цус өгөхөд 24 цагийн дотор нөхөгдөж, 21 хоногийн дотор эсийн төвшинд бүрэн төлждөг байна. Манай улсад “Ковид-19”-ээр өвчилсөн иргэдийн 80 гаруй хувь хөнгөн туссан бөгөөд эдгээр иргэд нь бүрэн эдгэрсэн өдрөөс хойш нэг сарын дараагаар цусаа хандивлах боломжтой юм.
Цусаа өгөхөд анхаарах зүйлс:
Биеийн жин 45-аас дээш кг байх.
Цусаа өгөхөөс өмнө согтууруулах ундаа, тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглээгүй байх.
6-аас дээш цаг унтаж амарсан байх.
Өөх, тостой хоол хэрэглээгүй байх.
Өнгөтэй ундаа, жүүс уугаагүй байх шаардлагатай.