Хэн нэгэн амжилтад хүрч, аливаад мэргэшихэд амар хялбар замаар бус хөлс хүчээ урсган байж хүрдэг. Харин хөлс хүчээ шавхан байж олсон амжилт амттай, арвин туршлага болдог.
Тиймээс iToim агентлаг зочны хоймортоо сурч, мэдэж, зорилгодоо хүрэхийн төлөө хөлс хүчээ шавхан хөдөлмөрлөж, салбартаа мэргэшсэн боловсон хүчин болж чадсан залуу захирлуудын нэг болох “Орчлон” олон улсын цогцолбор сургуулийн гүйцэтгэх захирал А.Ууганбаярыг урьж, түүний ажлын туршлагаас хуваалцлаа. Тэрээр мэдээлэл технологийн инженер мэргэжлээр БНСУ-ын Чёнгжү их сургуулийг төгсөж, тухайн үедээ Солонгост фэйсбүүкийн тоглоом хөгжүүлэгч “Tada ” компанид ажиллаж байсан юм.
-Салбартаа мэргэшсэн тоглоом хөгжүүлэгч, удирдлагын албан тушаал хашихын өмнөх А.Ууганбаяр хүүхэд ахуй насандаа юу мөрөөддөг ямар хүүхэд байсан гэдгээс ярилцлагаа эхлүүлье. Хүүхэд байхдаа компьютертой ойр байсан уу?
-Миний бага нас гэхээр 1999,1998 оны үе юм. Тухайн үед сургуулийн комьютерийн лабораторид ганц нэг компьютер байдаг ч өрөө нь ихэвчлэн цоожтой байдаг байсан. Тэнд байгаа компьютерийг хаалганых нь завсраар хараад асааж үзэхийг их хүсдэг байлаа. Тэгээд компьютер ажилуулж сурмаар байгаа талаараа ээж, аавдаа хэлэхэд дүү бид хоёрыг Хүүхдийн ордны компьютерийн дугуйланд явуулсан юм. Дугуйланд явснаас хойш дээд ангийн хүүхдүүд интернет рүү ороод зураг үзэж байгааг хараад “хэзээ ийм болох бол” гэж их боддог байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа үйлдлийн систем ашиглаад тодорхой хэмжээний програмчлал хийдэг болсон. Тухайн үед программчлалыг өргөн төвшинд ашиглах ойлголт байгаагүй учраас гайхамшиг мэт санагддаг байж. Хар дэлгэцэн дээр ямар нэг юм бичихэд хариулт нь гарч ирээд л үнэхээр кайфтай байсан санагддаг.
-Багаасаа компьютерийн дугуйланд явсан нь мэдээлэл технологийн чиглэлийн мэргэжил эзэмшихэд нөлөөлөв үү?
-Арван жилээ төгсөх үед ШУТИС-ийн Уул уурхайн баяжуулалтын ангид 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцах боломж байсан ч MIU сургуулийн мэдээлэл технологийн ангийг сонгосон юм. Гэхдээ нэгдүгээр курсээ төгсөөд Солонгос улсын Чёнгжү их сургуульд сурахаар болсон. Тэнд очиход бүх зүйл өөр байсан. Мэдээлэл технологийн чиглэлээр илүү хөгжсөн, оюутнууд нь сүүлийн үеийн тоног төхөөрөмж дээр дадлагажихаас эхлээд олон зүйл гайхшруулж байсан. Тэгээд номын санд өдрийг өнгөрүүлэх болсон. Тухайн үед англи хэлтэй байсан учраас англи хэл дээрх бүх программчлалын номыг уншиж дуусгаж байлаа. Гуравдугаар курсээс эхлээд 100 хувийн тэтгэлэгт хамрагдаж, төгсөх курстээ Сөүл хотод орших фэйсбүүкийн тоглоом хөгжүүлэгч “Tada” компанид мэргэжлээрээ ажилд орсон. Тухайн үед фэйсбүүкээр хамтарч тоглодог тоглоомууд ид хөгжиж байсан юм. Тухайлбал, "candy crush", "angry birds" гэх зэргээр. Миний хувьд Солонгос улсад хөгжүүлэгчээр ажиллаж байхдаа "Clop clop" нэртэй морины дүрс сонгож аваад морио тэжээдэг тоглоомыг хөгжүүлдэг байсан.

-Оюутан байх үедээ номын санд ихэнх цагийг өнгөрүүлдэг байсан гэлээ. Тэгэхээр оюутан цагаа хэрхэн өнгөрүүлсэн талаараа хуваалцахгүй юу?
-Оюутан байхдаа хичээлийнхээ хажуугаар ажил хийдэг байсан учраас 24 цаг бараг хүрэлцдэггүй байсан. Аав, ээж маань Солонгос руу сургуульд явуулахдаа эхний зургаан сарын сургалтын төлбөрийг төлсөн байсан. Тиймээс үлдсэн хугацаанд сурах зардлаа өөрөө олох шаардлагатай болсон юм. Зуны амралтаараа ажил хийгээд сурах зардлаа олно гэж бодож байсан ч мөнгө олж чадаагүй. Тэгээд хоёрдугаар улирлын хичээл ороход үрэлжлүүлэн сурах, эсэх дээрээ тулсан байсан. Тэгээд хичээлээ тараад шөнийн цагаар ажил хийж эхэлсэн. Хоёр цаг унтаад л хичээлдээ явдаг байлаа. Солонгос хэлээ сайн сураагүй байхдаа биеийн хүчний ажил хийж байсан гэсэн үг. Хэлээ сураад биеийн хүчний ажлаа багасгаж, хөнгөн ажил хийж эхэлсэн. Ингээд Солонгос хэлээ сайн сурч, амрах цагтай ажил хийж, хичээлдээ анхаарах цаг илүү нэмэгдсэн юм. Тиймээс сургуулийнхаа 100 хувийн тэтгэлэгт хамрагдаж чадсан.
-Оюутан байхдаа янз бүрийн хүнд хүчир ажил хийж байгаад өөрийн хүссэн ажлаа хийдэг болох үе хүртэл юу ухаарсан бэ?
-Солонгост анх оюутан болж очихдоо сургуулиа төгсчихвөл мэргэжлээрээ ажилд орж, хүссэнээрээ амьдарч болно гэж бодоод аз жаргалтай очиж байсан. Гэсэн ч нөхцөл байдал өөрчлөгдөж, шөнийн цагаар хар ажил хийгээд биеийн хувьд маш их ядарсан. Залуу хүн учраас тухайн үед анзаарахгүй ч цаана нь өөр зүйлд хүчээ зарах боломжийг нь хязгаарлаж байдаг юм билээ. Тиймээс шөнийн цагаар ажиллах нь бие махбодод сөрөг нөлөөтэй болохыг ойлгож байсан. Сүүлдээ амралттай ажил хийдэг болсон. Амралтын өдрийг маш чухалд тооцож, тухайн өдрүүдээ өөртөө зориулж, өөрийн зорилго мөрөөдлөө ахиулах цаг болгохыг зорьж ирсэн.
-Ажил ороход олон шалгуурыг давах хэрэгтэй болдог. Шинэхэн гадаад төгсөгч тухайн улсын төгсөгчдөөс түрүүлж ажилд ороход юу нөлөөлсөн бэ?
-Номын санд ном уншиж байхдаа амжилттай явж байгаа хүмүүсийн түүх, намтрыг бичсэн хүний өмнөх үгийг сайн уншдаг байсан нь хэлний мэдлэгээс илүү тус болсон гэж хэлж болно. Өмнөх үгэнд орчин үеийн чиг хандлага хаашаа юунд чиглэж байгааг хэлдэг. Түүнээс бус ажлын байрны шаардлагуудыг хардаг байсан.
-Солонгост мэдээлэл технологийн чиглэлээр ажиллаж байсан хүн Монголдоо боловсролын салбарт ажиллах болсон шалтгаан нь юу юм бэ?
-Монголд ирээд мэдээллийн технологийн үндэсний парк болон хувийн компанид ажиллаж байсан. Гэхдээ сурсан мэдсэн зүйлээ залуустаа зааж өгвөл тэдэнд илүү боломж байгаа нь харагдсан. Тиймээс багш болохоор багшлах эрхийн сургалтад сууж байсан юм.
-Хүүхэд залуустай ойр ажилладаг хүний хувьд сүүлийн залуусыг хэрхэн дүгнэдэг вэ. Ер нь залуу хүн ямар чадварыг эзэмшсэн байх ёстой боддог вэ?
-Залуу хүнд сэтгэлийн асар их тэнхээ, урам зориг, эрч хүч байдаг. Гэхдээ үүнийгээ буруу амбиц болгож, мөнгө дагаж явах гээд байдаг тал ажиглагддаг. Тухайн хүн өөрөө бэлэн болоогүй байж, мөнгө, албан тушаалд шунах нь зөв зүйл биш. Албан тушаал ахих тусам илүү олон хүнтэй ажиллах хэрэгтэй болно. Үүний тулд өөрөө бас удирдуулж, хүнд хүчрийг тодорхой хэмжээнд давж туулсан туршлагатай байж хүмүүстэй ажиллана. Ер нь залуу хүн мэдлэгтэй мундаг байхаас илүү зөв л байвал алхам алхмаар хөгжиж дэвшинэ. Туршлага хуримтлагдах тусам эд хөрөнгө, баялаг бага багаар ирдэг.
-Мэдээлэл технологийн чиглэлээр сурах залуус жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь судалгаагаар харагддаг. Тэдэнд илүү хөгжихийн тулд юу хэрэгтэй гэж харж байна?
-Хувь хүний зүгээс гадаад хэлний мэдлэгийн асуудал байна гэж харж байгаа. Сүүлийн үед мундаг инженерүүд их нэмэгдэж байна. Тэдний чадварыг илүү хөгжүүлэх, олон улсын төвшинд гарахад гадаад хэлний мэдлэгтэй байх нь чухал байна. Гадаад хэлтэй байхад мэдээлэл авах эх сурвалжууд маш их болсон байна.
-Таны хувьд өөрийгөө хэрхэн хөгжүүлдэг вэ?
-Мэргэжлийнхээ чиглэлээр шийдэл хайх дуртай. Ихэвчлэн өөрийгөө мэргэжилтэйгээ холбож хөгжүүлдэг. Аливаа зүйл дээр шийдэл олохын тулд судалгаа хийж байхдаа богино хугацаанд маш олон мэдээллийг олж авдаг. Хүсээд хайгаад олж байгаа мэдээлэл тархинд удаан хугацаанд үлддэг. Өөртөө сонирхолгүй зүйлийг хайж судалбал тухайн үед хэрэглэгдээд мартагдана. Тэгэхээр өөрийн сонирхолд хөтлөгдөж өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй гэж хэлмээр байна.
-Зорьсон зорилгоо биелүүлэхэд ямар нэг байдлаар шат даваа таардаг. Түүнд бүдрэлгүйгээр зорилгоо биелүүлэхэд хүнд ямар зан чанар байх хэрэгтэй гэж боддог вэ?
-Хариуцлагатай байх ёстой. Мөн бүтээлч, аливааг тусгаж авах чадвартай, өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Залуу хүний хувьд өөртөө итгэлтэй байдал маш чухал. Зарим газар маш олон чадварлаг залуус дутагдаж байна. Гэхдээ чадвар нь байгаа хэрнээ өөртөө итгэх итгэл нь сул байгаа юм.
-Ажлын арга барилаасаа хуваалцахгүй юу?
-Арга барил гэхээс илүү аливаа зүйлийн 5-10 жилийн цаадахыг харахыг хичээдэг. Таван жилийн дараа энэ хэмжээнд хүрэх, 10 жилийн дараа ийм болно гэх зэргээр зорилт тавьдаг. Ажлын байрандаа төлөвлөгөө гаргаж ажиллана. Харин амьдралын хувьд гэр бүлээрээ ярилцдаг. Түүнд хүрэх арга зам нь ямар ч байж болно.
-Гэр бүлээ танилцуулахгүй юу. Ер нь гэр бүлдээ хэрхэн цаг гаргадаг вэ?
-Одоогийн байдлаар эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдарч байна. Арваннэгдүгээр сард тав дахь хүүхэд маань төрнө. Гэр бүлдээ цаг гаргах нь миний энэ одоогийн гол зорилго болоод байгаа.
-Гэр бүл болгоны хүүхдээ хүмүүжүүлэх арга өөр өөр байдаг. Танай гэр бүл хүүхдүүдийнхээ хүмүүжилд яаж анхаардаг вэ?
-Сүүлийн үед хүүхдийн боловсролд маш их ач холбогдол өгдөг болсон. Гэхдээ манай гэр бүл нөгөө талаас нь буюу хүүхдээ зөв хүн байх талаас нь шахаж байна. Хүнд худлаа ярьдаггүй, хүнийг хуурдаггүй, буруу зүйлийг нуудаггүй, хэлсэндээ байх талаас нь барьж байгаа. Ингэснээр гэр бүлийн хүмүүжлээр дамжаад зөв хүн байхад чиглүүлж байгаа гэж хэлж болно.
-Мөрөөдлөөсөө хуваалцахгүй юу?
-Мөрөөдөл маань цаг хугацааны явцад өөрчлөгдөж байна. Сурагч байхдаа их сургуульд орохыг мөрөөддөг байсан бол их сургуульд ороод ажлын байртай болохыг мөрөөддөг байсан. Ажлын байртай болоод гэр бүлтэй болох юм сан гэж хүссэн. Гэр бүлтэй болоод ирэхээр хүүхдүүдээ зөв хүмүүжилтэй, зөв хүн болгох юмсан гээд л мөрөөдөл маань илүү хөгжөөд байгаа юм. Одоогийн байдлаар хүүхдүүдээ их сургууль төгсгөж, хамт зургаа авахуулах юм сан гэж мөрөөдөж байна. Үүний дараа магадгүй ач зээгээ харж, асрах, агаар салхинд хамт гарах мөрөөдөлтэй болох болов уу гэж бодож байна.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.