Замын цагдаагийн уулзвар дээр баригдах гүүрэн гарц 2.5 жилийн хугацаанд баригдаж, 2020 онд ашиглалт оруулахаар төлөвлөж байсан. Гэхдээ барилгын ажлыг шахаж 1.6 жилийн хугацаанд баригдахаар болж, сая 15-нд барилгын ажил эхэлсэн. Уг гүүрийн бүтээн байгуулалттай холбоотой асуудлаар Нийслэлийн авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индратай ярилцлаа.
-Замын цагдаагийн газрын ойролцоо баригдаж эхлээд буй гүүрэн гарцын бүтээн байгуулалтын ажил одоогийн байдлаар ямар явцтай явж байна вэ?
-Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарцын ажил эхэлчихсэн. Өрмийн ажлыг хийж байна. Нийтдээ 37-40 метрийн гүнтэй 96 тулгуур баганууд хийнэ. Үүнийг хийхтэй холбоотой бүх бэлтгэл ажил эхэлчихсэн. Өнөөдрийн байдлаар 10 нүх ухаад бэлэн болгочихсон байна.
-2.5 жилийн хугацаанд баригдах гүүрийг яаж 1.6 жилийн хугацаанд барих юм бэ?
-Гүүрийг богино хугацаанд барихад техник хэрэгслүүдийг нэмж байгаа. Тухайлбал, нэг өрмийн машинаар өрөмдөх байсан бол гурван өрмийн машинаар тулгуур багануудыг өрөмдөж байгаа. Мөн ажиллах хүчийг нэмж байгаа. Ингээд ажиллах хүч, техник хэрэгсэл нэмэгдэхээр ажлын бүтээмж нэмэгдэн сунжирсан хугацааг богиносгож байгаа юм. Харин гүүрийн бүтэц болоод хийцэд ямар нэгэн өөрчлөлт орохгүй.
-Ер нь гүүрийн барих хугацааг богиносгоход чанар алдагдахгүй гэх баталгаа байна уу?
-Гүүрийг 2.5 жилийн хугацаанд барих ёстой байсан ч 1.6 жилийн хугацаанд барихаар наашлуулсан. Гэхдээ гүүр барих хугацааг түргэсгэх нь гүүрийн чанарт ямар ч байдлаар нөлөөлөхгүй. Гүүрийг гүйцэтгэгч компанийн лаборатори, НАХГ-ын лабораториос гадна Германы лабораториудад судалгаа шинжилгээ хийж, хяналт тавьж ажиллаж байгаа.
-Гүүрийн бүтээн байгуулалттай холбоотойгоор хэчнээн ажлын байр бий болгож байгаа вэ. Үүнд дотор хэчнээн монгол ажилтан ажиллах вэ?
-Гэрээнд зааснаар гүүрийг барих ажилчдын 70 хувь нь Монгол, 30 хувь нь Хятад ажилчид байна. Манай улсад олон төвшинт гүүр хийж байсан туршлагатай компани байхгүй учраас ерөнхий гүйцэтгэгч нь БНХАУ-ын улсын компани хийж гүйцэтгэж байгаа. Монгол компаниуд туслан гүйцэтгэгчээр ажиллана. Нийт 350-500 хятад, монгол ажилтан ажиллуулна. Одоогийн байдлаар тулгуур баганын ажлыг хийж байгаа учраас 180 орчим хүн ажиллаж байна. Ажлын ачаалалтай үеүдэд 450-500 ажилтан гүүрийн бүтээн байгуулалтын ажлыг хийх юм.
-Уг гүүрийг барьснаар авто замын ачаалал буурна гэж үзэж байгаа. Яг аль чиглэлийн ачаалал буурна гэж үзэж байгаа юм бэ. Яагаад?
-Нэгд, замын цагдаагийн баруун урд уулзварын гүүрэн гарц нь төмөр замтай нэг төвшинд огтлолцдог. Ингээд тухайн зам дээр өдөрт 45 галт тэрэг зорчдог. Галт тэрэг зорчих болгонд төмөр замыг хааснаар авто машины түгжрэл үүсдэг. 45 галт тэрэг гэдэг нь цагт 2-3 галт тэрэг явна гэсэн үг. Галт тэрэг явах болгонд зам хаахад босоо тэнхлэгээр буюу урагшаа Home плаза түүний дараагийн уулзвар хүртэл түгжирнэ. Хойшоо Гадаад харилцааны яам хүртэл түгжирдэг. Гадаад харилцааны яамны зам түгжрэхээр зүүн тал руугаа Багшийн дээд баруун тал руугаа Төв шуудан хүртэл түгжирдэг. Харин хэвтээ тэнхлэгээр Нарантуул захын баруун урд уулзвар, баруун тал руугаа Энхтайваны гүүр буюу Моннис цамхаг хүртэл түгжирдэг. Гүүр ашиглалтад ороход эдгээр түгжрэлүүд арилна. Яагаад гэхээр уг түгжрэл нь галт тэрэг явахтай холбоотойгоор үүсдэгээс гадна гэрлэн дохиогоор авто машинууд нэвтрэлцэхээр бие биенийгээ хүлээн түгжрэл үүсгэдэг. Дараа нь явган хүн нарны зам буюу төмөр замын призер дээгүүр зорчихын тулд улаан гэрэл нь асахад авто машинууд түгжирдэг. Эдгээр асуудлыг шийднэ.
Хоёрт, галт тэрэг явах бүрд хөдөлгөөн зогсож бүх автомашин нормалдаж байна. Тухайн зам дээр 200-300 авто машин нормалдахаар агаарын бохирдолд нөлөөлж байгаа юм. Авто машин, галт тэрэг мөргөлдөж, осол аваар маш их гардаг. Үүнээс иргэн, аж ахуй нэгжүүдийн авто машин эвдрэх цаашлаад эд хөрөнгө, амь насаараа хохирдог. Уг асуудлууд байхгүй болно. Тухайн ойр орчмын замын түгжрэл 35 хувиар буурна гэж үзэж байгаа.
-Өмнө нь Замын цагдаагийн газрын ойролцоо нүхэн гарц хийхээр зураг төсөл гарсан гэсэн. Тэгэхээр яагаад нүхэн гарц бус гүүрэн гарц барихаар болсон юм бэ?
-Одоо хийж байгаа өрөмдлөгийн ажлыг авч үзэхэд долоо метр өрөмдөхөд л доороос нь усны судал таарч байгаа юм. Иймд уснаас хамгаалах ажлуудыг хийж байна. Тэгэхээр нүхэн гарцаар хийе гэвэл газрыг 7-10 метрийн гүн ухна. Ухсан газраас гарч байгаа усыг зайлуулах асуудал үүснэ. Хэрвээ усыг зайлуулъя гэж бодоход байнгын арчилгаатай байх шаардлага үүснэ. Байнгын арчилгааны зардал нь гүүр барих зардлаас илүү гарна. Мөн бохирын туул коллектор гэж байдаг. Гүүрэн гарц хийхэд туул коллекторыг зайлуулахгүйгээр дээгүүр нь давуулж, инженерийн шугам сүлжээнд холбоход хоёр орчим сая доллар шаардлагатай болдог. Харин нүхэн гарц хийвэл уг зардлыг 2-3 дахин нэмсэн зардал гарах юм.
Үүнээс гадна давуу налууг яаж хийх вэ гэдэг чухал асуудал байдаг. Газрын гүнээс гарах усыг зайлуулж, урсгал зардалтай ажил хийлээ гэж бодоход давуу налуу нь байх ёстой. Давуу налууг огцом хийвэл манай орон шиг цас, бороо их ордог газар хальтаргаа гулгааны асуудал гарна. Харин нүхэн гарц хийсэн бол нарны зам хаагдах байсан. Нүхэн гарцыг хийхийн тулд нарын замыг эвдэх шаардлагатай болно. Тэгэхээр нүхэн гарц бус гүүрэн гарц барих нь эдийн засгийн үр өгөөжтэй, хөдөлгөөн зохион байгуулалтыг хамгийн зөв шийдэх хувилбар юм.
-Гүүрэн гарцыг яагаад заавал Замын цагдаагийн газрын ойролцоохь байршлаар сонгосон юм бэ?
-Тухайн байршилд гүүрэн гарц баригдсанаар галт тэрэгтэй авто машин мөргөлдөж, осол аваар гарах болон түгжрэлийн асуудал байхгүй болох юм. Мөн 10-р хорооллын уулзвараас Баянзүрх дүүргийн нохойтой хөшөө буюу цаашаа үргэлжилсэн зам хэвтээ тэнхлэгээрээ чөлөөтэй урсах боломжтой болно. Хэвтээ тэнхлэгийн хөдөлгөөн чөлөөтэй болж эхлэхээр босоо тэнхлэг нь гүүрээрээ давсан байгаа учраас авто замын хөдөлгөөн хойш, урагш чөлөөтэй зорчих боломж бүрдэж байгаа.
-Иргэд гүүрийн үнийн дүнг нарны гүүртэй харьцуулж байна. Энэ талаар?
-Нарны гүүр нь 270 метрийн урттай гүүр. Замын цагдаагийн гүүрийн үндсэн урт нь 470 метр, дахиад хөдөлгөөн зохион байгуулалтыг гурван тийш нь задалж байгаа рамп бий. Уг гурван рамп, үндсэн гүүрийн нийлээд 1100 метр урттай гүүр болж байгаа юм. Тэгэхээр нарны 270 метр гүүрийг 36 сая доллараар хийх, 1100 метрийн урттай гүүрийг 42 сая доллараар хийхэд ялгаа бий.
-Гүүрийн бүтээн байгуулалтын хугацаа богиносож байгаа юм чинь гүүрийн зардал багасах уу?
-Төсвийн хувьд өөрчлөгдөхгүй. Гүүрийг барьж, ашиглалтад оруулах хугацаа наашилснаас бусад зүйл өөрчлөгдөхгүй гэсэн үг. Үндсэн төсөвтөө багтаан ажиллах, хүч техник технологио нэмж хийнэ.
-Гүүр барихтай холбоотойгоор зарим замыг хааж, түр замуудыг нээсэн байгаа. Цаашид гүүр баригдаж дуусах хүртэл замын хөдөлгөөний зохицуулалтыг өөрчлөх үү?
-Гүүрэн гарц барихтай холбоотой замын хөдөлгөөн зохицуулалтад дахин өөрчлөлт хийхгүй.