Open iToim app
Боловсрол | 3 мин уншина

Г.Тунгалагтуяа: Монгол хэл, бичгийн шалгалтад босго оноо нь хүрээгүй сурагч их, дээд сургуульд элсэх боломжгүй

Г.Тунгалагтуяа: Монгол хэл, бичгийн шалгалтад босго оноо нь хүрээгүй сурагч их, дээд сургуульд элсэх боломжгүй
Нийтэлсэн 2019 оны 5 сарын 7
Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл дуусч, Одоогоор ЭЕШ өгөх сурагчдын суудлыг хуваарилж байгаа юм байна. Үүнтэй холбоотой зарим зүйлийг Боловсролын үнэлтгээний төвийн мэргэжилтэн Г.Тунгалагтуяагаас тодрууллаа.
-Элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэл ажил ямар шатандаа явж байна вэ?
-Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 14-нд эхэлж, дөрөвдүгээр сарын 15-нд дууссан. ЭЕШ өгөхөөр 18130 хүүхэд бүртгүүлсэн байгаа. Бүртгэл дууссанаас 21 аймаг, есөн дүүргийн хүүхдүүдийн ЭЕШ өгөх хичээл, хувийн мэдээллийг нэгдсэн байдлаар тулгаж, сая 1-ний өдөр дууссан. Мөн Монгол хэл, бичгийн шалгалтыг энэ жил хоёр удаа авсан. Эхний шалгалт гуравдугаар сарын 23-нд явагдаж, 2726 хүүхэд босго оноо буюу 400 оноогоо авч чадаагүй. Үүний дараа хоёр дахь удаагийн шалгалтад босго оноондоо хүрч чадаагүй болон эхний шалгалтад хамрагдаагүй нийт 4311 хүүхэд бүртгүүлсэн. Хоёр дахь удаагийн монгол хэл, бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 20-нд авахад 3411 сурагч шалгалт өгсөн. Одоогийн байдлаар ЭЕШ өгөх хүүхдүүдийн суудлыг хуваарилаад эхэлчихсэн байна.
-Монгол хэл, бичгийн шалгалт өгөөгүй болон хоёр удаагийн шалгалтаар босго оноондоо хүрээгүй хүүхэд ЭЕШ өгөх боломжтой юу?
-Боловсролын сайдын тушаалаар их, дээд сургуульд элсэж байгаа хүүхэд бүр монгол хэл, бичгийн шалгалтад заавал хамрагдах ёстой. Ингэхдээ монгол хэл, бичгийн шалгалтыг хоёр удаа шалгалт өгнө. Босго оноог 400 болгож тогтоосон. Тэгэхээр эхний шалгалтдаа босго оноогоо авч чадаагүй хүүхэд дараагийн шалгалтад орно. Хоёр дахь шалгалтдаа тэнцээгүй байсан ч ЭЕШ өгч болно. Гэхдээ их, дээд сургуульд элсэх боломжгүй. Дараа жил монгол хэл, бичгийн шалгалтад хамрагдаад босго оноогоо давсан тохиолдолд энэ жилийн батламж хуудсаараа их, дээд сургуульд элсэх боломжтой болно. Одоогоор монгол хэл, бичгийн шалгалт өгсөн хүүхдүүдэд батламж хуудсыг тараах ажил явагдаж байна.
-ЭЕШ өгч буй хүүхдүүд шалгалтын хугацаанд шипи хэрэглэхээс эхлээд илүү үйлдэл гаргахгүй эрх тэгш байх тал дээр хэрхэн анхаарч байгаа вэ?
-Жил болгоны ЭЕШ-ын үед хуулах асуудал байдаггүй. Бүх 21 аймаг, есөн дүүргийн 34 шалгалт авах анги танхимыг камержуулсан. Мөн гар утас, интернэт ашиглуулахгүй байх үүднээс сүлжээнээс сарниулагчийг байрлуулсан байгаа.
-Өмнө жил зарим аймагт ЭЕШ-ын шалгалтын материалыг автомат машинаар шууд засч байсан. Энэ жил шалгалтын материалыг яаж засах вэ?
-Өмнө жил Орхон, Ховд аймагт шууд засалтыг амжилттай хийж байсан. Энэ жил орон даяар ЭЕШ өгсөн хүүхдүүдийн материалыг шууд засна. Шалгалт явагдаж дуусахад хүүхдүүдийн нүдэн дээр шалгалтын материалыг машинаар шууд засч, дүнг зарлана. Харин хүүхдүүдийн авчирсан үзэг, балыг машин танихгүй байхаас болгоомжилж, ЭЕШ өгөх бүх хүүхдэд балын харандаа тарааж өгнө.
-ЭЕШ-ын материал шууд засах машин нь хүүхдийн шалгалтын материалыг танихгүй байхаас эхлээд ямар нэг алдаа гаргахгүй байх баталгаатай юу?
-2006 оноос хойш ЭЕШ өгсөн хүүхдүүдийн хариултын хуудсыг машинаар уншуулж байсан. Энэ хугацаанд ямар ч асуудал гараагүй. АНУ-д үйлдвэрлэгдсэн Скантрон машин байгаа. ЭЕШ өгч байгаа хүүхэд хариултын хуудсан дээр санамжаас бусад тэмдэгтээр бөглөсөн бол машин танихгүй. Харин хариултын хуудсанд заасан санамжийн дагуу бөглөсөн байхад алдаа гаргахгүй.
-Зарим тохиолдолд хүүхдүүд ЭЕШ өгч байхдаа нүд алдаж бөглөхөөс эхлэн янз бүрийн алдаа гаргах нь байдаг. Энэ тохиолдолд яах вэ? -Ямар ч арга байхгүй. ЭЕШ-ын заасан хугацаанд хариултын хуудсаа зөв бөглөсөн байх нь тухайн хүүхдийн хариуцлагаас хамаарна. Хариултын хуудас дээр сургууль бүр эртнээс ажиллаж эхэлдэг учраас хариултын хуудас дээр ажиллаагүй хүүхэд гэж байхгүй.
-Ер нь хүүхдүүд ЭЕШ өгөхөд нийтлэг байдлаар ямар алдаа гаргадаг вэ?
-ЭЕШ өгөх хүүхдүүд шалгалтад орохдоо иргэнийн үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, бүртгэлийн хуудас, суудлын хувиар гэсэн бичиг баримтыг бүрэн авчрах ёстой. Гэтэл эдгээр материалыг дутуу бүрдүүлж ирэх асуудал байдаг. Дээрх бичиг баримтаас нэг материал дутуу бол тухайн хүүхдийг шалгалтад оруулах боломжгүй. Мөн шалгалтаас хоцорч ирэх тохиолдол гардаг. Гэтэл ЭЕШ эхэлж, сэдэв задарсан тохиолдолд гаднаас ямар ч хүн оруулах орох боломжгүй. Тиймээс ЭЕШ хүүхэд шаардагдах материалыг бүрэн авчрахаас гадна шалгалт өгөх байранд цагтаа ирсэн байх шаардлагатай.
-ЭЕШ өгөх хүүхдүүд ямар хичээлээр хамгийн их өгдөг вэ?
-Элсэлтийн ерөнхий шалгалт өгч байгаа хүүхдүүдийн 85 хувь нь математикийн хичээлээр өгдөг. Үүний дараа нийгэм, англи хэл, монгол хэл, физикийн хичээлээр өгдөг.
-ЭЕШ өгөх хүүхдүүдэд хандаж юу гэж хэлэх вэ?
-Тавдугаар сарын 15-нд ЭЕШ өгөх хүүхдийн суудлын хувиар онлайнаар тавигдана. Хүүхдүүд бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглаад суудлын хувиараа хэвлэж аваарай. Мөн шалгалтын байрандаа нэг цагийн өмнө ирсэн байх ёстой. Манайхаас заасан дөрвөн бичиг баримтаас өөр ямар нэгэн зүйл авч ирэхгүй байхыг анхаарай.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн