Арван долоон сум, 109000 орчим хүн амтай Сэлэнгэ аймаг нь Монгол Улсын газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй, цемент болон спиртийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч аймаг юм. Мөн газар нутгийн ашигтай байршил буюу хил орчмын үс нутагт хамаардаг билээ. Тус аймаг ОХУ-тай авто тээврийн Алтанбулаг боомт болон төмөр замын Сүхбаатар боомтуудаар хиллэдэг. ОХУ-БНХАУ холбосон Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн авто замын эхлэл бүхий стратегийн өндөр ач холбогдолтой аймаг юм.
Одоогоос 17 жилийн өмнө байгуулсан, 24 цагийн үйл ажиллагаатай Алтанбулаг боомтоор өдөрт 500-700 авто машин, 5,000-7,000 хүн дамжин өнгөрдөг байна. Ачаалал ихтэй учраас тус боомтоор үйлчлүүлж буй иргэдэд оочер дараалал үүсэх чирэгдэл байнга гардаг байна. Урт дараалал үүсэж, иргэдэд чирэгдэл учруулах болсон шалтгаан нь Алтанбулаг боомтын буруу зохион байгуулалт, талбайн зохисгүй менежменттэй холбоотой байсан аж.
Тиймээс Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банкны зүгээс 29,07 сая ам.долларын санхүүжилт бүхий “Хилийн үйлчилгээг сайжруулах бус нутгийн төсөл”-ийг Алтанбулаг боомтод хэрэгжүүлж байна. Уг цогц төслийн нийт санхүүжилтийн 27 сая ам.долларыг Азийн хөгжлийн банкны зүгээс санхүүжүүлж байгаа бол үлдсэн 2,07 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газраас гаргаж байгаа юм. Энэхүү төслийн явц болон Алтанбулаг боомтын үйл ажиллагаатай танилцах боломж олдлоо.
Төслийн гол зорилго нь Алтанбулаг боомтын үйлчилгээг сайжруулах замаар гадаад худалдааг хөнгөвчилж, бараа эргэлтийг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгч болон иргэдийн дамжин өнгөрөх цаг хугацааг хэмнэхэд чиглэж байгаа юм байна. ОХУ-БНХАУ холбох авто замын сүлжээний нэгдүгээр хэсэг болон Хиагтын боомтын хэтийн төлөвтэй уялдуулан хийсэн “Хилийн үйлчилгээг сайжруулах бус нутгийн төсөл”-ийн хүрээнд:
1. Алтанбулаг боомтын барилга байгууламж, тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах, өргөтгөх.
2. Гаалийн цахим мэдээллийн системийг өргөтгөн сайжруулах, шинэчлэх
3. Гадаад худалдааны цахим нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэх юм.

Одоогоор зураг төсөл, ТЭЗҮ нь батлагдан төслийн эхний бүрэлдэхүүн хэсгийг хангах ажил эхэлсэн байв. Хамгийн сайшаалтай нь Алтанбулаг боомтын авто замын урсгалыг ойролцоохь суурьшлын бүсээс тусгаарласан 1,7км хатуу хучилттай замыг барьж байгуулах ажил эхэлжээ. Учир нь боомтоор хийгдэх гадаад худалдааны эргэлт нэмэгдэхийн хэрээр авто замын нэвтрүүлэх чадал хүрэлцэхгүй болж үйлчлүүлэгчдэд хүндрэл учруулахын дээр Алтанбулаг сумын иргэд, хүүхдүүд зам тээврийн осолд өртөх нь ихсэж байгаа тул үүнээс сэргийлэн хийж буй арга хэмжээ аж. Мөн боомтын авто зогсоолын 7,000м2 талбай болон дотор замын 30,000м2 талбайд хатуу хучилт хийх юм. Алтанбулаг боомтод үүсдэг авто машины зохиомол дараалал нь транзитив тээвэр болон иргэдийн зорчих урсгал нэг байдагтай холбоотой аж. Тиймээс үүнийг шийдвэрлэхийн тулд дөрвөн тусдаа транзит, экспорт, импорт болон зорчигчийн авто замын урсгалыг барьж бий болгох юм. Ингэснээр иргэдэд маш чирэгдэлгүй хурдан шуурхай үйлчлүүлэх боломж бүрдэж, Монгол Улсад зорчих гаднын иргэдэд хүрэх анхны сэтгэгдэлд хүртэл сайнаар нөлөөлөх өндөр ач холбогдолтой.
Барилга байгууламжийг сайжруулахын хувьд 2014 оноос ОХУ-Монголын хооронд иргэд харилцан визгүй зорчих болсноор Алтанбулаг боомт нь 24 цагийн ажлын горимд шилжсэнээр ачаалал эрс нэмэгдсэн байна. Сүүлийн жилүүдэд ОХУ болон Монголын хооронд аялал жуулчлал, бизнес, худалдааны эргэлт улам бүр өсөх хандлагатай байгаа аж. Харин одоо ашиглаж буй боомтын барилга нь зорчигчид амрах хүлээлгэн танхим байхгүй, шалган нэвтрүүлэх орц, гарцын зай талбай хангалтгүй, хилийн хяналтын байгууллагууд хэвийн үйл ажиллагаа явуулахад орчин нөхцөл муу байгаагаас болж хилээр нэвтрэх иргэн, аж ахуй нэгжүүдэд хүндрэл, чирэгдэл учруулж, хил дээр зохиомол дараалал үүсгэж байгаа юм. Баяр ёслол зэрэг оргил ачааллын үеэр багтах зай талбай ч олдохгүй маш эмх замбараагүй байдал үүсдэг байна.

Мөн гаалийн мэргэжлийн хяналтын лабораторийн нөхцөл байдал болон хорио цээрийн бүс хангалттай сайн бус байгаагаас болж Монгол Улсад хориотой элдэв хортон шавьж, бараа бүтээгдэхүүн болон хүн, малын халдварт өвчин манай улсад орж ирэх эрсдэл өндөр байгаа аж. Тиймээс энэхүү Алтанбулаг боомтыг жишиг боомт болгох зорилтын хүрээнд:
1. Шалган нэвтрүүлэх байрын 1.080м2 өргөтгөлийн ажил
2. Боомтын барилгын 8.030м2 засвар шинэчлэлийн ажил
3. Гаалийн мэргэжлийн хяналтын лабораторийн 1.029м2 талбайн шинэчлэлийн ажил
4. Агуулах, түргэн муудах хүнсний бараа бүтээгдэхүүний үзлэгийн байр
6. Ус, дулаан дамжуулах дэд станц
7. Инженерийн хангамжийн иж бүрэн шинэчлэл
8. 6,600м2 бүхий боомтын ногоон байгууламжийн ажлыг хийх юм.
Мөн хилийн боомтын нэг цэгийн үйлчилгээний цогцолборыг шинээр барьж байгуулан, орчин үеийн цахим системд оруулан иргэд, аж ахуй нэгжүүдэд шаардлагатай бичиг баримт, мэдээллийг нэг доороос өгч тэдний цаг хугацаа, зардлыг хэмнэснээр нийт бараа эргэлт хурдсаж, ил тод байдал бий болно гэж үзэж байна.
Үүнээс гадна Азийн хөгжлийн банкны санхүүжилтийн хүрээнд боомтын эргэн тойрныг орчин үеийн хяналтын тоног төхөөрөмжөөр хангаж, биет үзлэг хийх байдлыг багасгаж. Аль болох автоматжуулсан шалгах процессыг нэмэгдүүлж байгаа аж. Үүнд том оврын ачааны машин шалгагч рентген төхөөрөмж, мансууруулах бодис болон тэсэрч дэлбэрэх бодис шалгах төхөөрөмж, тээврийн хэрэгсэл шалгагч толь, хяналтын камер, дэлгэц болон бусад төхөөрөмжүүд багтаж байна. Мөн эдгээр шинэ төхөөрөмжүүд дээр хэрхэн ажиллах талаар сургалт, дадлагыг гаалийн ажилтнуудад зориулан зохион байгуулж байгаа аж.
Боомтын үйл ажиллагааг сайжруулах энэхүү төсөл нь 2017 онд эхэлсэн бөгөөд 2022 онд дуусна. Өнөөдрийн байдлаар гаалийн мэдээллийн санг бүрэн цахимжуулж Улаанбаатар дахь гаалийн ерөнхий газар, ОХУ болон бусад орнуудтай шууд мэдээлэл солилцох бололцоотой болсны ачинд иргэд болон худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүдэд өмнө нь тулгамддаг байсан бичиг баримт бүрдүүлэхээр дараалал үүсгэх хүндрэл, чирэгдэл эрс буураад байгаа юм. Төслийн үр дүнд Алтанбулаг боомт нь бүхэлдээ олон улсын стандартыг хангасан, иргэд үйлчлүүлэх ая тухтай, дараалал, чирэгдэлгүй орчинг үүсгэсэн, цахимжсан мэдээллийн сан, харилцаа холбоогоор Монгол Улсын хэмжээн дэх бусад хилийн боомтууд болон олон улстай холбогдон, мэдээлэл солилцох зарчмаар ажилладаг, хил дамнаж орж ирэх элдэв хортон шавьж, халдварт өвчний аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан, ногоон орчин бүхий цогц байгууламж болох юм.