Open iToim app
Анализ | 4 мин уншина

Хоргүй, хиргүй амжилт  “iToim”-ын 5 жилийн түүх ба уриалга

Хоргүй, хиргүй амжилт  “iToim”-ын 5 жилийн түүх ба уриалга
Нийтэлсэн 2020 оны 1 сарын 27
Бидний хэдэн сэтгүүлчид iToim агентлаг, www.iToim.mn-ыг үүсгэн байгуулсны таван жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ хугацаанд манай мэргэжлийн баг сэтгүүлзүйн зарчмаар, редакцын зохион байгуулалтаар, өдөр бүр өөрийн контент хийж түүхээ бичжээ. Монголд шинэ тутам бий болсон цахим сэтгүүлзүйн орчинд www.iToim.mn  шиг ийм түүхтэй сайт одоогоор цөөхөн. “iToim”-ын энэ түүх, сэтгүүлзүйн зарчим,  ёс зүй, мэргэжлийн баг, өөрсдийн бүтээсэн  20 мянга гаруй контент, редакцын зохион байгуулалт бол бидний бахархал. Бас давуу тал. Биднийг дэмждэг уншигчид, редакцын үе үеийн сэтгүүлчид, найз нөхөд, хамтран ажилладаг байгууллага, хувь хүмүүст гүн хүндэтгэлтэйгээр талархлаа илэрхийлье, баярлалаа.  
Эхлэхэд зориг, амжилтад хүрэхэд тэвчээр гэдэг. Анх байгуулалцаж, редакцын “гал тогоо”-г нь удирдсан “Үндэсний шуудан” сониноосоо өөрөөс үл шалтгаалах байдлаар гэнэт гарахад “Сайт хийх гээд эртнээс бэлдсэн байна” гээд л хардсан. Бусдын адил түрээслээд явж байхад “iToim” яаж хотын төвд өөрийн байртай болчихвоо л гэдэг. “iToim”-ын ард санхүүжүүлэгч  байгаа, тэр  нь нэг улстөрч л байгаа, олоод  зөрүүлээд тэрийг нь хус гэх зэргээр, эсвэл нэр нөлөөтэй зарим нь “танайх чинь тэрний сайт байх аа” гэх зэргээр утасддаг. Бүр жижигхэн жишээ гэвэл сэтгүүлзүйн салбарт тасралтгүй 20 гаруй жил ажилласан миний бие хуучин машинаа оролцуулаад солио холиогоор 2016 оны сонгуулиас хамаагүй өмнө авсан, тэр нь ядах юмгүйгээр гэрчилгээ, татвар төлөлтөөр батлагдах, одоо ч унаж буй хуучин машиныг маань “Сонгуулийн дараа засгийн хэвлэлд очоод шинээр нь авсан байх” гээд л харддаг. Энэ бүхэнд бид “Үнэн гутлаа өмсч байхад худал уул давж байдаг” гэдэг зарчмаар ханддаг. Заримдаа “хардаж байгаа мэдээллүүдээсээ аль нэгийг нь нотолбол “iToim”-ыг танд өгье өө л” гэж хошигнодог юм.
Сэтгүүлзүйн ажлынхаа төлөө тагнуулд шалгуулж, цагдаад байцаагдаж, Зөрчлийн хуулиар 20 саядуулахаар хорооны цагдаагийн өмнө очиж байсан, салбарынхаа толгой байгууллагадаа тоогдож, мэргэжлийнхэндээ үнэлэгдэн “оны шилдэг”-ээр тодорч явсан түүх бусад редакцад байдгийн адилаар “iToim”-ын таван жилийн түүхэнд ч бий. Тэгэхдээ манай багт нийгмийнхээ үнэт зүйл, хүний ёс суртахуун чанар, сэтгүүлзүйн алтан хилийг давж гишгэсэн нэг ч удаагийн тохиолдол байхгүй. Энгийнээр, хүн гүтгэж, бусдыг шантаажилж явсан түүхгүй.
Бие даасан редакцын хамгийн том зовлон нь санхүүгийн бэрхшээл. Том редакцуудад ч ийм зовлон бий. Гэвч сэтгүүлзүйд сэтгүүлзүйн зарчмаар ажиллахад мөнгө санхүүгээс илүүтэй, чадварлаг сэтгүүлчид, мэргэжлийн баг юунаас юунаас эрхэм бөгөөд үнэтэй. Тийм багтай, мэргэжлийн ёс суртахуунтай байвал сэтгүүлчээс өөр эзэнгүйгээр ч ажиллаж болдгийг амьдрал дээр харуулж яваа олон редакцуудын нэг нь мөн л “iToim”-ын түүх. Хэрвээ “iToim”-д амжилт байгаа бол, ядаж л таван жилийн туршид тогтвортой, өглөө бүр өөрийн шинэ контенттой байсныг амжилт гэвэл бидний түүх хоргүй, бас хиргүй. Сэтгүүлч эзэнтэй байхын давуу болон сул тал, мөнхүү жаргал хийгээд зовлонг “iToim”-д ажиллаж байсан, одоо ажилладаг, мөн дадлага хийгээд гарсан оюутан ч хүртэл мэдсэн дээ.
Бидний араас “дүү” сайт, редакц олноор төржээ. Тэдэн дунд мөн л сэтгүүлчид нэгдэж байгуулсан, “бор зүрх”-ээрээ яваа нь цөөнгүй харагддаг. Алдаж онож байгаа нь ч байна, амжилт, хүртээмжийн хувьд боловсон хүчнийхээ чадвар, техник технологийн давуу тал, шийдэл, хурд зэргээрээ “iToim” байтугайгаас нь “ах” мэт ажилладаг сайн баг,  мөн дагнаж төрөлжсөн брэнд-контентууд ч цөөнгүй бий боллоо. Энэ бол сэтгүүлзүйн салбарын амжилт, сэтгүүлчид сэтгүүлзүйн салбартаа эзэн байхын таних тэмдэг. Хөрөнгө оруулагчтай байлаа гэхэд тэр нь редакцын өмчийн эзэн байж, сэтгүүлчид нь сэтгүүлзүйнхээ эзэн байя гэсэн санаа.  Хэрвээ сэтгүүлчид сэтгүүлзүйн салбартаа эзэн байж чадвал эрүүл сэтгүүлзүй хөгжинө, эрх ашиг нь улс орны хийгээд нийтийн төлөө байна. Алдаа нь ч манай салбарын хамтынх, гэхдээ ажил, мэргэжлийнх.
Гэтэл өнөөдөр бодит байдал дээр сэтгүүлчдээ нэгдэж ажиллахыг хамгийн хүлээн зөвшөөрдөггүй, биесээ хамгийн их харддаг нь, эзэн хаяг оноодог нь манай салбарынхан өөрсдөө болсон байна. Сэтгүүлчид бид өнөөдөр олуулаа ч, хэтэрхий олон редакцуудад “жижиглэн” тарж, хүчээ ч, зах зээл, санхүүгээ ч хувааж байна. Энэхүү хуваагдал нь зарим хүнд сэтгүүлзүйг улс төр, эдийн засгийн бүлэглэлийн “хотны нохой” болгосон мэт хардагдаж  сэтгүүлзүйг муухай харагдуулдаг тал бий. Олон нийт байтугай салбарын бид ч “үнэхээр тэгж ажиллаад байна уу” гэж эргэлзэхээр редакцууд ч бас байх. Багцлаад хэлбэл, манай салбарын өнөөдрийн ерөнхий өнгө нь  сэтгүүлзүйн том зорилгынхоо гол садаа болж байна.  
Иймд “iToim”-ын таван жилийн энэ өдрөөр сэтгүүлчдээ эвлэрэлд, редакцуудыг нэгдэлд уриалж байна. Мэргэжлийн редакцад тогтмол ажилладаггүй юмаа гэхэд түүнийг дамжихгүйгээр сайн сэтгүүлч болохгүй, бас ганцаараа сайн сэтгүүлч ч байх боломжгүй. Чадвараа, хүчээ нэгтгэе. Сэдэв, салбараар дагнаж мэргэшье. Нийгмийнхээ, нийтийн төлөө сэтгүүлзүй бүтнээрээ, хамтаараа “Хоточ нохой” байя.  Гурван сая хүнийхээ зах зээлийн багтаамжид таарч тохирсон, эрүүл сэтгүүлзүйн хүчтэй баг байцгаая!
Хүндэтгэсэн “iToim” агентлагийг үүсгэн байгуулагчдын нэг Г.Отгонбаяр
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн