СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор Б.Баяртөртэй дүрслэх урлаг, дизайны салбарын хөгжлийн талаар ярилцлаа.
-Саяхан “Монголын дүрслэх урлаг, дизайны хөгжил” нэртэй эрдэм шинжилгээний хурал болсон. Үүнийг танай Дүрслэх, дизайны сургуулиас зохион байгуулсан уу?
-Тэгсэн. Энэ нь БСШУСЯ-ны захиалгаар Шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилттэй төсөл манайд хэрэгжиж байгаа. Түүний хүрээнд “Монголын дүрслэх урлаг дизайны язгуур суурь шинжийг судлах нь” гэсэн суурь судалгааг үндэслэсэн “Монголын дүрслэх урлаг, дизайны хөгжил” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан. Гүйцэтгэгч байгууллага нь СУИС-ийн Дүрслэх, дизайны сургууль. Энэ хурлыг Монголын уран зургийн галерейд зохион байгуулж тус галерей нь хамтрагчаар оролцсон. Мөн дээр дурдсан байгуулагууд уг хурлыг хамтран зохион байгуулсан. Энэ хурлаар 13 илтгэл хэлэлцсэн бөгөөд үүнд монгол зураг, хувцас дизайн, зураасан, миниатюр зураг гээд дүрслэх урлагийн бүх л чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэн судлаачид илтгэлээ хэлэлцүүлсэн.
-Энэ эрдэм шинжилгээний хурал нь ямар үр дүнтэй болсон гэж үзэж байна?
-Манай дүрслэх урлагийнхан цуглаад салбарынхаа талаар ярилцах нь цөөхөн байдаг. Уг арга хэмжээнд судалгаа хийдэг, манай сургуулиас гадна энэ чиглэлийн боловсон хүчний бэлтгэдэг МУИС зэрэг бусад сургуулиуд, дүрслэх урлаг, дизайны чиглэлээр судалгаа хийдэг, эрдэмтэн багш, докторантууд зэрэг мэргэжлийн хүмүүс нийлээд өнөөгийн Монголын дүрслэх урлагийн хөгжлийн талаар илтгэл тавьж, саналаа хэлж, мэргэжлийн дүгнэлт өгч задалж, анализ хийсэн. Бид үүнийг маш үр дүнтэй хурал болсон гэж үзэж байгаа.
-Мэргэжлийн хүмүүс, судлаачид цуглаад энэ салбарын өнөөгийн байдаг, хөгжлийн талаар ярьсан гэж та хэллээ. Өнөөдөр манай энэ салбарын хөгжил бусад улс орнуудтай харьцуулах юм бол ямар түвшинд байна?
-Манай монголын дүрслэх урлагийн үүсэл хөгжил, түүх, өв сан бол маш арвин. Мэргэжлийн байгууллага үүссэн, орчин үеийн мэргэжлийн зураач бэлтгэдэг сургууль анх 1942 онд байгуулагдсан бөгөөд түүнээс хойш 78 жил өнгөрлөө. Дүрслэх, дизайны урлагийн сургуулийн түүх нь 1940-өөд оноос эхлэлтэй бөгөөд энэ жил 75 жилийн ой нь тохиож байгаа. Социализмын үед зураачдын Оросын Репины академи, Суриковын академид, хуучин социалист гэдэг байсан орнуудад бэлтгэдэг байлаа. Тэр үеийн зураачид орчин үеийн дүрслэх урлагийн салбарын үндэс суурийг тавьсан, олон ч ардын, гавьяат зураачид төрсөн. Нэг үгээр хэлэхэд бол маш сайн суурь тавигдсан байдаг. Түүнээс хойш гадаад боловсон хүчнээ бэлтгэх нь ховордож ихэвчлэн дотооддоо сургасан. Дүрслэх урлаг, дизайны хөгжлийн түвшинг ярих юм бол 1990-ээд оноос хойш бүх юм нээлттэй болж барууны орнуудад сурч, олон улсын хэмжээний уралдаан, бениалд оролцож, байр эзэлж үнэлэгдэж байгаа. Манай зураачид зарим төрөл, уран зураг, уран барималаар дэлхийд тун муугүй байгаа. Хамгийн сүүлчийн нэг жишээг дурдахад НҮБ-ын Нью-Йорк дахь төв байрны өмнө Монголын уран бүтээлчийн барималыг байрлуулсан. Ийм байдлаар тэд маань дэлхийн хэмжээнд үнэлэгдэж байгаа. Энэ бол нэг тал нь. Нөгөө талаас нь авч үзэх юм бол бид олон жилийн туршид социалист-реализм гэдэг дүрслэл уран сайхны нэг л аргаар уран бүтээлээ туурвиж ирсэн бол 1990-ээд оноос хойш олон ургалч үзэл дэлгэрч, өөрийгөө дүрслэх урлагийн ямар аргаар илэрхийлэхийг өөрөө сонгох боломж бий болсон. Түүнээс хойш өрнөдөд нэлээд өндөр хэмжээнд хөгжсөн байсан модерн, пост модерн гээд олон урсгалууд нь манайд орж ирсэн хүмүүс ч их сонирхож эхэлсэн. Үүнтэй уялдуулаад манай уран бүтээлчид янз бүрийн аргаар уран бүтээлээ турувиж байгаа. Кубизм, модернист гээд эдгээр урлагууд нь цаана тогтсон арга хэлбэртэй, өөрийн гэсэн онолтой бөгөөд түүнийг нь маш сайн ойлгосон, мэдсэн байж хөгжүүлнэ. Тэдгээрийг өнгөцхөн дууриах хүмүүс ч бий.
-Та түрүүн социализмын үед хуучин Зөвлөлтөд уран бүтээлчдээ бэлтгэдэг байлаа . Гэтэл энэ хооронд АНУ болон баруун Европт дүрслэх урлаг, дизайны янз бүрийн урсгалууд нэлээд өндөр хөгжсөн. Хуучин Зөвлөлтөд боловсон хүчнээ бэлтгэхээ больсон хэдий ч барууны орнуудад энэ чиглэлээр сурч боловсрох үүд хаалга нээгдсэн. Гэсэн хэдий ч манай дүрслэх урлагийн салбар бол хөгжлөөрөө тэднээс хамаагүй доогуур . Тэдний хэмжээнд дөхөж очихын тулд уран бүтээлчид маань юу дээр анхаарах ёстой вэ?
-Урчуудын эвлэл маань манай зураачдыг хамгийн олноор бэлтгэдэг. Би түрүүн хэлсэн байгуулагдаад 78 жил болж байна гэж. Зураачид маань бүгд чөлөөт уран бүтээлчид, Урчуудын эвлэлийн хорооны дэмжлэгэ байгаа хэдий ч ер нь бол өөрсдийн бор зүрхээрээ явж байгаа хүмүүс. Төрийн зүгээс эдгээр уран бүтээлчид тусламж дэмжлэгэ бол бараг байхгүй. Ялангуяа дэлхийн түвшинд хүрэхэд дэмжлэгэ маш чухал. Дүрслэх урлагийн шинэ бүтээлүүд олноороо төрж, маш олон үзэсгэлэнгүүд гарч байгаа. Үүнд мэргэжлий куратор, сайн менежер хэрэгтэйгээс гадна мэргэжлийн шүүмжлэгчид бараг байхгүй гэж болно. Шүүмжлэгчид цөөхөн байдаг хэдий ч тэд маань багшилж байгаа бөгөөд яг энэ ажил дээрээ суугаад зөвхөн түүгээрээ дагнах боломж алга. Соёл, урлагийн судлалын хүрээлэнг гэж байгаа. Тус байгууллага байгуулагдаад удаагүй байгаа Соёлын яамны харьяанд очсон. Тэнд яг дүрслэх урлаг судлалаар ганцхан хүн ажиллаж байна. Тиймээс хамгийн гол нь мэргэжлийн урлаг судлаачид маань шүүмж судлалыг хөгжүүлэх хэрэгтэй. Эдгээр хүмүүс гарч ирж байж манай дүрслэх урлаг, дизайны урлаг ямар түвшинд байгааг тодорхойлож, юу нь болохгүй байгааг мэргэжлийн хүний хувьд хэлж өгнө.Хүмүүс бол янз бүрээр л ярина.
-Соёлын яам байгуулагдлаа. Тиймээс энэ асуудалд анхаарал хандуулах байх гэж найдаж байна. Шүүмж судлал маш чухал гэж Та хэллээ. Ийм мэргэжлийн хүмүүсийн бэлтгэдэг нэлээд өндөр түвшиний мэргэжлийн сургууль хэрэгтэй гэж ойлголоо?
-Манайд МУИС-д Ж.Бадраа гуай урлаг судлалын ангийг нээснээс хойш бүжиг, дуу судлаач бэлдэж байгаа.Манайх бол зураач, сийлбэрчин, барималчин бэлддэг. Харамсалтай нь манайд дүрслэх урлаг судлаачын анги гэж байхгүй. Хөтөлбөр байгаа боловч яг энэ чиглэлийн судлалаар ажилласан хүн алга. Бүгд л уран бүтээл туурвиж байна.
-Танай сургууль дүрслэх урлаг судлаачыг бэлтгэх асуудалд хэр зэрэг анхаарал хандуулж байна?
-Тэднийг бэлдэхийн тулд бид I курст элсэн орсон оюутнуудыг ерөнхий суурь хичээлээ заахын хажуугаар юм бичиж, судалгаа хийхээр оюутныг II курсээс нь урлаг судлал руу оруулдаг. Ийм маягаар бэлтгэх бодлогыг хэрэгжүүлж явна. Харамсалтай судлагааны чиглэлээр явах хүсэлтэй оюутнууд маш цөөхөн байдаг. Ихэнх нь зурах, барималчин болох хүсэлтэй. Өнөөгийн нийгмийн эрэлт хэрэгцээ байна уу, залуучуудын сонирхол байна уу? Түүнээс гадна суугаад л уншаад, бичээд судлаад байгаа хүмүүс нь үнэлэгдэхгүй байх шиг байна.
-Энэ асуудлаар Соёлын сайдтайгаа ярилцсан уу?
-Манай сургууль дээр Соёлын сайд маань ирж уулзсан. Мэдээжийн хэрэг мэргэжлийн зураач, барималчин зэрэг энэ чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг хамгийн том дээд сургуулийн хувьд Соёлын яамтайгаа хамтран ажиллана.