УИХ-ын гишүүн Б.Энхбаяртай Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ярилцлаа. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Шүүхийн тухай хуулиар гаргасан саналаа буцаан татах Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүсэлтийг хүлээж авсан. Ингэхдээ дунд суудлын хуралдааны шийдвэрийг хүлээж аваагүй УИХ-ын тогтоол болон дунд суудлын хуралдааныхаа шийдвэрийг хүчингүй болгосон юм.
-Цэц Шүүхийн тухай хуулийг гацаанаас гаргасан ч шийдвэр гаргахдаа процессын алдаа гаргаж Үндсэн хууль зөрчсөн гэж Та хэлсэн. Их суудлын хуралдаанаар дунд суудлын хуралдааны шийдвэр болон УИХ-ын тогтоолыг хүчингүй болгосон нь хууль зөрсөн үйлдэл үү?
-Шүүхийн шинэчлэл Их хурлын гал тогоонд яригдаж эхэлснээс хойш нэг жил өнгөрлөө. Нэг жилийн хугацаанд УИХ хуулиа баталж, Ерөнхийлөгч хориг тавьж, Цэцэд өгч, Цэц дунд суудлаараа Ерөнхийлөгчийн хүсэлтийг хүлээж авч Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ. Дунд суудлын шийдвэрийг УИХ хэлэлцэж хүлээж авахгүй гэж тогтоол гаргасан.
Харин Цэц их суудлаар УИХ-ын тогтоолыг хэлэлцэхийн өмнө Ерөнхийлөгч өмнө нь гаргасан хүсэлтээсээ татгалзсан. Ингээд их суудал хуралдсан. Нэг үгээр, их олон үйл явдал болсон байна. Үндсэн хуульд Цэцийн дунд суудлын хуралдааны дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрөхгүй бол Цэцийн их суудлын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, дунд суудлын хуралдааны шийдвэрийг УИХ хүлээж аваагүй тохиолдолд их суудлын хуралдаанаар дахин хэлэлцэнэ гэсэн үг. Шүүхийн тухай хууль дээр УИХ Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг хүлээж аваагүй талаар 41 дүгээр тогтоол гэж гаргасан. Энэ тогтоолын нэг онцлог нь 10 орчим хуудас буюу маш дэлгэрэнгүй гаргасан. Сүүлийн 30 жилд УИХ-ын тогтоол хүлээж авсугай, хүлээж авахгүй гэсэн нэг л өгүүлбэр, ганц хуудас тогтоол гаргадаг байсан.
Нөгөө талаар нэгд, Үндсэн хуулийн Цэцийн их суудлаар УИХ-ын тогтоолын үндэслэлийг хянадаг. Өөрөөр хэлбэл, тогтоолд дурдсан үндэслэл нь хуулийн үндэслэлтэй байна уу, үгүй юү гэдгийг Цэцийн их суудал хянадаг гэсэн үг. Хоёрт, Үндсэн хуулийн цэцийн маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд Цэцийн их суудал дахин хянан үзнэ гэж заасан байдаг. Дахин хянана гэдэг нь бүр эхнээс нь хянана гэсэн үг. Цэцийн процессын хуульд зааснаар дахин хянах ажиллагаанд УИХ гаргасан тогтоолынхоо үндэслэлийг дэлгэрэнгүйг нэр бүрчлэн танилцуулна, мэтгэлцээн явж, бие биенээсээ асуулт асууна, хариулна. Нэг үгээр, тэнд мэтгэлцэх зарчим явдаг. Гэтэл өнгөрсөн баасан гаригт хуралдсан их суудлын хуралдаанаар Үндсэн хууль Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэц өөрөө Үндсэн хууль зөрчсөн. Их суудлын хуралдаанаар эхлээд Ерөнхийлөгчийн хүсэлтийг хэлэлцээд Ерөнхийлөгчийн хүсэлт үндэслэлтэй байна, хүсэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж шийдэнгүүтээ нэмээд Шүүхийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн дунд суудлын хуралдааныхаа шийдвэрийг хүчингүй болгочихсон. Үүнийг хүчингүй болгочихдог юмаа гэхэд хамгийн гол нь дунд суудлын шийдвэрийг хэлэлцсэн УИХ-ын тогтоолыг огт хэлэлцээгүй. Огт хэлэлцээгүй атлаа энэ тогтоолыг бас хүчингүй болгочихсон.
-Та энэ хуралд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон. Их суудлын хуралдаанаас энэ шийдвэрээ хэрхэн тайлбарлаж байх юм?
-Эхлээд Ерөнхийлөгчийн хүсэлтийг хэлэлцэнэ гээд Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ерөнхийлөгчийн үндэслэлийг Цэцэд танилцуулсан. Танилцуулгатай холбоотойгоор асуулт, хариулт явж, байр суурь илэрхийлсэн. Мөн үүнтэй холбоотойгоор УИХ-ын байр суурийг итгэмжлэгдсэн төлөөлөгч надаас асуусан. Би Ерөнхийлөгчийн хүсэлтийг талархан дэмжиж байгаа байр сууриа илэрхийлсэн. Ингээд Цэцийн гишүүд Ерөнхийлөгчийн хүсэлтийг хэлэлцэнэ гээд зөвлөлдөх тасалгаанд орсон. Үүний өмнө би “УИХ-ын тогтоолыг хэлэлцсэнгүй. Тэгэхээр энэ эцсийн шийдвэр гаргах гэж байгаа асуудал биш гэж ойлгож байна. Ерөнхийлөгчийн хүсэлтийг хүлээж авах уу, үгүй юү гэдгийг л шийдэх үү. Үүний дараа УИХ-ын тогтоолыг хэлэлцэнэ биз дээ” гэж асуусан. Харин Цэцийн дарга “Тийм ээ, Ерөнхийлөгчийн хүсэлтийг л хэлэлцэх гэж байна” гэж хэлээд завсарласан. Завсарлаад дөрвөн цаг зөвлөлдөх тасалгаанд ороод гарч ирэхдээ эцсийнхээ шийдвэрийг шууд гаргачихсан. Тодруулбал, Ерөнхийлөгчийн хүсэлтийг хүлээж авсан гэдэг шийдвэрээ гаргачихсан. Мөн УИХ-ын тогтоолыг хэлэлцээгүй байж хүчингүй болгосон. Түүнчлэн, дунд суудлын хуралдааныхаа шийдвэрийг хүчингүй болгосон. Хэдийгээр Шүүхийн хуулийг гацаанаас гаргаад, зөв гольдрол руу нь оруулах шийдвэр гаргасан боловч энэ шийдвэрийг хуулийн дагуу гаргах ёстой байсан.
-Одоо нэгэнт Их суудлын хуралдаан шийдвэрээ гаргачихсан. Тэгэхээр энэ алдааг засах боломжгүй юм биш үү?
-Цэцийн их суудал бярдаж байна. Яагаад гэхээр Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдааны шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр бөгөөд эцсийн шийдвэр байна гэдэг Үндсэн хуулийн заалт байгаа учраас намайг хэн хэлэх вэ, хэн шүүх вэ гэдэг байдлаар хандаж “хүчиндэж” байна. Хуулийн процессын дагуу шийдвэрээ гаргасан бол асуудал байхгүй. Их суудлын хуралдааны энэ шийдвэр Шүүхийн хуулийг гацаанаас гаргаж байгаа учраас талархалтай байгаа. Гэхдээ ялсан ч хуулийн дагуу, хуулийн хүрээнд ялмаар байна шүү дээ.
-Гучин жилийн хугацаанд анх удаа Ерөнхийлөгч Цэцэд гаргасан саналаасаа татгалзсан гэсэн. Тиймээс процессын хуульд санал гаргасан хүн саналаа буцаан татахад яах вэ гэдэг нь тодорхой биш байгаа учраас өнөөдрийн энэ асуудал үүссэн юм биш үү?
-Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэл, хүсэлтээсээ хэзээ татгалзаж болох вэ гэсэн нарийвчилсан процессын хууль байхгүй. Саяын тохиолдол бол шинэ жишиг болж байна. Ерөнхийлөгч Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг УИХ хүлээж авахгүй гэж тогтоол гаргасны дараа хүсэлтээ буцаан татаж байгаа гэдгээрээ онцлог буюу шинэ байлаа. Тиймээс үүнийг хэлэлцсэн Цэцийн их суудлын хуралдааны шийдвэр цааш цаашдаа жишиг болох учраас их зөв жишиг тогтоох ёстой байсан. Хүсэлт гаргасан этгээд хүсэлтээсээ татгалзсан тохиолдолд түүнийг хэрхэн хэлэлцэх вэ гэдэг өөрөө хэд хэдэн онцлог нөхцөл байдлыг шаардана. Тухайлбал, Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Цэцийн их суудлын хуралдааны шийдвэрийг хуралдаанд оролцсон нийт гишүүний гуравны хоёроор гаргадаг. Өөрөөр хэлбэл, Цэцийн есөн гишүүний зургаа нь дунд суудлынхаа хуралдааны шийдвэрийг хамгаалбал дунд суудлын хуралдааны шийдвэр хүчинтэй болдог. Сая бол Цэц ердийн олонхоор шийдвэрээ гаргасан. Цэцийн их суудлын хуралдаан шийдвэрээ ердийн олонхоор гаргана гэсэн хууль байхгүй. Тэгэхээр үүн дээр ч цэц хууль зөрчсөн гэсэн үг. Ердийн олонх гэдэг бол есөн гишүүний тавынх нь саналаар Их суудлын хуралдааны шийдвэрийг гаргасан гэсэн үг. Энэ нь өөрөө Цэцийн процессын хуулиа зөрчиж байгаа юм. Мөн УИХ-ын тогтоолыг хянаж шийдвэр гаргах ажиллагааг огт хийгээгүй. УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч надад УИХ-ын тогтоолыг танилцуулах, үндэслэлийг тайлбарлах боломж олгоогүй. Сонсоогүй, хэлэлцээгүй байж УИХ-ын тогтоолыг хүчингүй болгож байгаа нь ч хууль зөрчсөн үйлдэл. Цэцийн энэ шийдвэрт зөрчилтэй хоёр асуудал байгаа. Нэгд, Шүүхийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн гэсэн дунд суудлынхаа шийдвэрийг хүчингүй болголоо. Хоёрт, Шүүхийн тухай хууль Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзэж байна гэсэн үг. Гэтэл Шүүхийн тухай хууль Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн УИХ-ын тогтоолыг бас хүчингүй болгочихсон. Тэгэхээр яг яачихсан гээд байгаа нь ойлгомжгүй болчихож байгаа юм. Энэ хоёр шийдвэрийг хоёуланг нь хүчингүй болгочихоор хоёулаа буруу гэсэн үг юм уу. Аль нэг нь буруу эсвэл зөв байх ёстой. Түүнээс хоёулаа буруу байна гэж байхгүй шүү дээ. Ер нь бол эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэдэг шиг бүгдээрээ эндээс хал балгүй салъя гэж байгаа юм шиг уншигдаж байгаа ч Цэц ийм шийдвэр гаргаж болохгүй. Аль нэг нь буруу, эсвэл зөв гэдэг шийдвэр гаргах ёстой болохоос бүгд буруу эвсэл бүгд зөв гэсэн шийдвэр гаргаж болохгүй шүү дээ.
-Тэгвэл Цэцэд санал, мэдээлэл гаргасан хүн хэзээ саналаасаа татгалзах, татгалзсан тохиолдолд яах вэ гэдгийг процессын хуульдаа нарийн тусгаж өгөх хэрэгтэй юм биш үү. Цаашдаа Цэц энэ жишгээр шийдвэр гаргаад байх юм биш биз дээ?
-Үүгээрээ аюултай байхгүй юу. Хэн ч бурууддаггүй шийдвэр гаргаж болохгүй. Цэц яагаад ийм жонхуурсан, нохойн баас шиг, ямар ч хуулиар тайлбарлах аргагүй шийдвэр гаргав гээд бодоход Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэр улстөржсөн, үндэслэлгүй, захиалгаар гарсан учраас үнэнд гүйцэгдэж байна. УИХ-ын тогтоолыг хэлэлцээд хүлээж авах шийдвэр гаргах гэхээр дунд суудлын хуралдаанд орсон гишүүд Үндсэн хууль болон Цэцийн процессын хууль зөрчсөн гэдэг нь нотлогдчих гээд байна. Өөрөөр хэлбэл, тэд буруутай, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэдгээ их суудлаараа нотолчих гээд байсан учраас нүдээ аниад хууль, мууль хамаагүй нулимаад, яаж ийж байгаад УИХ-ын тогтоолыг хүчингүй болгосон гэж би үзэж байгаа. Яагаад гэхээр УИХ-ын тогтоолын үндэслэлийн дөрөв дээр Шүүхийн хууль зөрчсөн гэж маргаан үүсгэсэн, хэлэлцсэн Цэцийн гишүүдийн хууль зөрчсөн ажиллагааг үндэслэлтэйгээр нотолсон. Тухайлбал, дунд суудал УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулалгүй, УИХ-ын тайлбарыг сонсолгүйгээр хуралдсан. Хуралд талуудын бүх байр суурийг авч, оролцуулсан байх ёстой. Мэтгэлцэх зарчмаар хэрэг маргаан, хянан шийдвэрлэх ажиллагаа явсан байх ёстой. Энэ бүх хуулийн шаардлагыг зөрчөөд дунд суудлын хуралдаан Шүүхийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргасан. Тиймээс илтэд Үндсэн хууль зөрчсөн, өөрийг нь нэр дэвшүүлж Цэцэд томилуулсан Х.Баттулга даргадаа таалагдах гэж энэ албан тушаалыг зардаг, Үндсэн хуулийнхаа манаач биш, дарга нарынхаа боол болж байгаа Нанзаддорж нарын Цэцийн гишүүдийн асуудлыг УИХ-аар хэлэлцэж, хариуцлага тооцох ёстой. Энэ Цэцийн гишүүд Үндсэн хуулиа нулимж байна шүү дээ. Үндсэн хуулиа нулимж байгаа гишүүд дараа дараачдаа Үндсэн хуулийн дагуу шийдвэр гаргана гэж итгэхгүй байна. Тиймээс энэ хүмүүсийг огцруулах хүртэл хариуцлага ярих ёстой. Тэгж байж Үндсэн хуулийн байгууллага хүлээн зөвшөөрөгдөж, хариуцлагатай байна.