Open iToim app
Улс төр | 2 мин уншина

ТББХ: Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ТББХ: Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Нийтэлсэн 2020 оны 7 сарын 6
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Санал хураалтад 18 оролцож 17  нь хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ. Хэлэлцүүлгийн явцад гишүүд асуулт асууж, хариулт авч, үг хэллээ.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаа байгаа юм байна. Мөн БОАЖ-ийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ авах гэж давхар орж ирсэн байна. Энэ алдаа гарсан уу?
ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Ганбат: Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйл дээр төрийн худалдан авах ажиллагаатай холбогдолтой агентлагийн үйл ажиллагааг Шадар сайдын эрхлэх асуудалд орж байгаа. Сангийн сайд дээр төрийн худалдан авах ажиллагаатай холбоотой зохицуулалт үйл ажиллагааны хэрэгжилт нь Шадар сайд дээр байна. Ер нь худалдан авах ажиллагаатай холбогдсон бодлогын томоохон асуудлууд нь Сангийн сайд дээр байгаа юм. Өөрөөр хэлбэл сонгон шалгаруулах үйл ажиллагаатай холбогдолтой худалдан авах ажиллагааны хяналт, бодлогын чиглэлийн өөрчлөлттэй холбоотой зүйл нь Сангийн сайд дээр явж байгаа.  
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Анхдугаар хэлэлцүүлэг болохоор засах байх. Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийн 2.20.4 дүгээр хэсэг дээр БСШУСайд дээр боловсролын тогтолцоог хөгжүүлэх гэж байна. Боловсролын тогтолцоо гэхээр албан, албан бус тогтолцоо гэсэн зөвхөн тогтолцооны асуудал орж ирэх гээд байна. Тэгэхээр боловсролын нэгдсэн бодлого, тогтолцооны асуудал гэж орж ирвэл зөв. Бусад яам дээр ч хүн ам зүйн бодлого, эрх зүйн шинэчлэлийн бодлого гэж байдаг. Манайд ч мөн адил нэгдсэн бодлого гэдэг нь орхигджээ. Нэгдсэн бодлого нь орхигдсон байна. Анхны хэлэлцүүлэг дээр нь би зарчмын зөрүүтэй санал оруулъя.
УИХ-ын нэгдсэн чуулганы дараа Төрийн байгуулалтын байнгын хороо дахин хуралдаж хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн