“Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадмыг ирэх наймдугаар сарын 4,5-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулахаар болсон билээ. Уг наадмын ач холбогдолын талаар Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьдтай ярилцлаа.
-Даншиг наадмыг анх яагаад зохион байгуулж эхэлсэн юм бэ. Даншиг наадмын ач холбогдлын талаар ярилцлагаа эхлүүлье?
-Анх монгол оронд 1639 онд Халхын Түшээт Хан Гомбодоржийн хоёр дахь хүү Ишдоржийг, Анхдугаар богд Жавзандамба хутагтад өргөмжлөн Халхын төв нутагт Ширээт цагаан нуурт Халхын хаадууд, ихэс дээдэс нар Бат Оршил өргөн Монголын шашны тэргүүнээр залсан байдаг. Тэр цагт Өндөр гэгээнд Шар бүсийн хүрээ байгуулж өгрөсөн нь одоогийн Гандантэгчэнлин тэргүүтэй хүрээ хийдүүдийн үүсэл болсон ч гэдэг. Энэ үеэс хойш даншиг наадмын үүсэл эхэлсэн гэж үздэг. Бат Оршил өргөж хурал номын зан үйл үйлдэхийн зэрэгцээ хурсан олны зүгээс эрийн гурван наадам тэргүүтэнд оролцож, бие сэтгэлээ баясгах баяр ёслолын байдалтай өнгөрүүлдэг ёстой юм. Даншиг гэдэг нь бурханы шашны хурал номын зан үйл. Дээдэс лам нарыг урт удаан насалж, өлмий бат, мэлмий тунгалаг, амьтны тусыг өнө удаан жил зохиох, зовсон олонд тусалж байхыг сануулсан утга учиртай зан үйл юм. Энэ үүднээс даншүг буюу Бат Оршил гэсэн утгыг илэрхийлдэг.
Монгол эрчүүд нь чадалтай, хүлэг морьд нь хурдан, харваачид нь мэргэн байхыг билэгдэж нааддаг
-Тэгэхээр даншиг наадмын гол утга нь ард түмэн, улс орон бат оршин байхыг билэгддэг гэж ойлгож болох уу?
-Ер нь Дээдэс Богддоо Даншүг өргөж байгаа нь гүрэн улсын их үйл хэрэг байсан болов уу. Мөн ном эрдэм олонд гайхагдсан дээдэс багш нарт Даншүг өргөх тохиолдол байдаг. Энэ нь зөвхөн номын үйл хэрэг голчлон явагдаж өнгөрдөг. Даншүг өргөөд наадам хийж байсан гол агуулга нь 300 гаруй жилийн өмнө Монгол улс харийн дайсны хамааралд буюу Манжийн харъяанд орж байсан, тэр үед Богддоо Бат Оршил өргөөд Даншиг наадам нэрээр эрийн гурван наадмаа хийж, ард олноо баясгадаг байжээ. Гол бодлого нь монгол эрчүүд цаг ямагт эрүүл чийрэг чадалтай байж, хүлэг морь нь хурдан шандастай, харваачид нь онч мэргэн байхыг бодож, жил бүр Даншиг наадам нэрээр хийдэг байсан хэмээдэг. Үүний үр дүнд морь нь хурдан, эрчүүд нь хүчтэй байж, 1911 онд эрх чөлөөгөө олж авах нөхцөл бүрдсэн гэж үздэг юм билээ. Энэхүү түүхэн цаг үеийн утга агуулгаар даншиг наадам хүрээ цамыг бид Нийслэлийн төр захиргааны байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна. Гэхдээ өнөөгийн бидний зохион байгуулж байгаа Даншиг наадам-хүрээ цам нь бид мартагдаж үгүй болох дөхөж буй өв соёлоо хадгалах, өвлүүлэх, бусдад мэдүүлэх гаднын улс оронд өөрсдийн нандин түүх, уламжлалаа сурталчлан таниулахыг гол нь зорьдог. Даншиг наадам- хүрээ цам анх зохион байгуулагдаж байснаас даруй дөрөв дэх жилтэйгээ золгож байна. Бид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Цаг үе нь ч их сайхан таардаг. Энэ наадам бол ард түмний наадам, монголчуудын оюун санааны наадам гэж бодож байгаа.

-Энэ жилийн “Даншиг наадам-Хүрээ цам 2018” наадам өмнөх жилүүдийнхээс юугаараа онцлог болох вэ. Шинээр ямар үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа вэ?
-Даншиг наадам-хүрээ цам анх зохион байгуулж байгаа зүйл биш л дээ. Тэгэхээр өмнөх жилүүдийн уламжлалт үйл ажиллагааг зохион байгуулна. Гэхдээ энэ жилийн даншиг наадмын хөтөлбөрт хэд хэдэн шинэ үйл ажиллагаа нэмсэн. Тухайлбал, морьтой давхиж, сур харвахаас гадна жороо морь тойргоор уралдана. Мөн 21 аймаг, есөн дүүргийн томоохон хийдүүд цамын талбайн орчимд гэрээ барьж, өөр өөрсдийн аймгийн түүх, ёс уламжлалаа танилцуулна. Хувилгаад хутагтууд сүсэгтэн олонд айлдвар сургаалиа айлдаж, мутрын адис хүртээн наадамчид сүсэгтэн олон хурал номд даган баясаж, хүрээ хийдүүдээс үрэл, рашаан хүртэх боломжтой. Үүний зэрэгцээ нийслэлийн соёл урлагын газрас олон сайхан үзэсгэлэн дэлгэгдэж, Гандантэгчилэн хийдийн ховор нандин шүтээнүүд үзэсгэлэнд тавигдана.
-Наадмын гол үйл ажиллагааны хөтөлбөрөөс дурдвал?
-Эхний өдөр нээлтийн ажиллагаа болно. Соёмбот тугийг залж, үйл ажиллагааг эхлүүлнэ. Үүний дараа Очирваань шүтээнийг тахих хурал номын үйл ажиллагаа болно. Дээр үед олон урчууд оролцож, олон жил бүтээсэн Очирваань шүтээн хэлмэгдүүлэлтийн үед үрэгдсэнийг сэргээсэн. Очирваань шүтээнийг хүй долоо худагт залж, тахих ёслолыг үйлдэх юм. Монгол орныг Очирвааны орон гэдэг. Очирваань сахиусны орон мөн гэдгийг олон дээдэс багш нар шинжсэн байдаг. Очирваань шүтээн нь Монголыг даасан их сахиус гэж үзэж, нийт монголчуудын заяа буяныг даатгадаг. Үүнтэй зэрэгцэн лам нарын номоор мэтгэлцэх тэмцээн, балин тосон урлалын тэмцээн, умзад голч нарын тэмцээн гээд олон сонирхолтой үйл явдлыг Хүй долоон худагт зохион байгуулна. Тиймээс нийслэл хотын иргэд, хөдөө орон нутгийн ард иргэд сүсэгтнүүд, нийт монгол туургатнуудыг хүрэлцэн ирж сэтгэлийн цэнгэл эдлэхийг урьж байна.
Хоёр дахь өдрийн чухал үйл явдал нь Жахар цам хурж, Хүрээ цам бүрэн ихээрээ цамнах юм. Энэ нь Буддийн шашны хамгийн дээдийн гүрэм засал. Энэ засал нь гүрэн улсын засал гэж хэлж болно. Жахар цамын хурал хурах нь Монгол Улсын ирээдүй сайн сайхан байх, тусгаар тогтнол бат бэх, эв нэгдэлтэй байх, ард иргэд нь амар тайван байх, санасан хэрэг нь сэтгэлчлэн бүтдэг байх, эд таваар элбэг дэлбэг байхыг тэгшитгэхийн төлөө юм. Харин Гандантэгчилэн хийд наймдугаар сарын 2-6 хүртэл их хурал номын зан үйл дээр Дотор цам гарна. Сүүлийн өдөр нь хүй мандлын дэнжид цамын гортиг дээр цам гарах юм.
-Даншиг наадмаар Мандал өргөх ёслол болдог. Уг ёслолын утга учир юундаа байдаг вэ?
-Даншиг наадмын гол үйл явдлын нэг нь мандал өргөх ёслол юм. Бат оршил өргөнө гэдэг нь дэлгэрэнгүй мандал өргөж байгаа хэрэг. Бид даншиг наадмын эхэнд Өндөр гэгээнд мандал өргөдөг. Өндөр гэгээний айлдсан цагийг тохинуулах соёрхлыг лам хувраг, сүсэгтэн олон уншина. Энэ нь бурхан шашны дээдийн тахил гэсэн үг. Мандал өргөсөн сүсэгтэн олон, шавь нарын хамаг заяа буян нь дэлгэрч, буяны чуулганыг ихээр хураадаг. Буяны чуулганыг хураана гэдэг нь ирээдүйд аз жаргалтай байх шалтгаанаа бүрдүүлж байгаа гэсэн үг гэж дээдэс багш нар айлддаг.
-Даншиг наадмыг үзэх сүсэгтэн олонд хандаж юу гэж хэлэх вэ?
-Монголын ард түмэн амар амгалан, төр нь төвшин байлгахыг хүсэж, Монголын бүх хүрээ хийдүүд оролцож, олон зуун лам нар Очирваань шүтээнийг тахина. Монголчууд бидний оюуны соёлын дээд өв Хүрээ цам гарна. Эрийн гурван наадам болно. Мянга сонсохоор нэг үз гэдэг. Тиймээс сүсэгтэн олон ард иргэд даншиг наадмыг зорин очиж, амьдрал ахуйгаа даатгаарай аль чадахаараа буян хураагаарай гэж хэлмээр байна.