Улсын онцгой комиссоос өмчийн хэлбэр үл харгалзахгүй МСҮТ, ерөнхий боловсрол, их дээд сургууль болон цэцэрлэгийг гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл улс даяар түр хаахаар болсон билээ. Энэ хугацаанд хичээл, сургалтын төлөвлөсөн үйл ажиллагаа 20 өдрөөр тасарч байгаа юм. Тиймээс БСШУС-ын яамнаас цэцэрлэг, сургуулиудын хичээл, сургалтын үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулахаар болсон талаар мэдээллийг сайд Ё.Баатарбилэг өглөө.
Сурагчдын зуны амралт хойшлогдохгүй
-БСШУС-ын яамны сайд Ё.Баатарбилэг "БСШУС-ын яам Засгийн газрын шийдвэр гарсантай холбогдуулаад тодорхой ажлын төлөвлөгөөнүүдийг гаргалаа. Нэгд, хичээл сургуулиудын үйл ажиллагааг хэрхэн нөхөх чиглэлээр цэцэрлэг, ЕБС-ын сурагчдын зуны амралт заасан хугацаандаа эхэлнэ. Энэ хичээлийн жилд сурагчдын амралт ахлах анги зургадугаар сарын 5, бага, дунд ангиуд зургадугаар сарын 1-нд эхэлнэ. Зуны амралт хойшлохгүй. Хоёрт, гуравдугаар улирлын амралтыг хоёр долоо хоног амрахаар байсан бол тус амралтыг нэг долоо хоногоор багасгаж байгаа. Тэгэхлээр гуравдугаар улиралд буюу гурван сарын сүүлээр, дөрвөн сарын ихээр нэг долоо хоног амарна гэсэн үг. Ерөнхий боловсролын сургуулиуд гурав, дөрөвдүгээр сард таван долоо хоногийн бямба гаригт хичээллэхээр боллоо. Үүнд цэцэрлэг хамаарахгүй гурван сарын 2-ны өдрөөс эхлээд ажлын таван өдрөөр ажиллана. Бямба гаригуудад хичээллэхтэй холбоотойгоор багш нарт илүү цагийн мөнгийг бодож олгоно. Хол хорио тогтоосон байгаа энэ хугацаанд хичээлийг нөхөх чиглэлээр өргөн нэвтрүүлгийн 18 телевизээр теле хичээл гаргахаар боллоо. Эдгээр телевизүүд нь долоо, долоо хоногоор хичээлүүдээ бичээд явна. Хичээлүүдийг цагийг нь зөрүүлж давтаж явуулна. Зарим телевизүүд бэлдсэн хичээлүүдийг аваад гаргаж болно, бид хориглохгүй. Нийт 402 удаагийн 6357 минутын 40 хичээлийг орон даяар хүргэхээр 170 багш ажиллаж байна. Өдөрт 2-4 хичээлийг 10-20 минуттайгаар агуулга хуваарийг батлаад явж байгаа. Мөн хөл хориотой холбоотой багш нарын цалинг бүтнээр, нэмэгдэл, урамшуулалтай олгох хэдий ч илүү цаг олгохгүй. Цэцэрлэг, сургуулиудын хувьсах зардлыг олгох боловч хоолны мөнгийг олгохгүй. Багш нар сагчидтайгаа цахимаар харьцах гэж заасан байгаа ч тэр нь фэйсбүүк биш учир хүүхдүүдэд хаяг нээж өгөхгүй байхыг БСШУСЯамнаас эцэг эхчүүдэд анхааруулж байна. Харин их, дээд сургуулиудын хичээлийг зогсоосон бөгөөд хөдөө орон нутгийн оюутнууд Улаанбаатар руу ирэхгүй байх, оюутны байранд байгаа оюутнуудын халдвар хамгаалал, ариун цэврийг сахих зөвлөмжийг өгөөд байна. Спортын бүх төрлийн тэмцээн, наадмыг зогсоож, олон улсын хэд хэдэн тэмцээний хугацааг хойшлуулсан. Харин үндэсний шигшээ багийн бэлтгэл хэвээр үргэлжлэх бөгөөд БНХАУ-ын багтай хийх хамтарсан хоёр бэлтгэлийг цуцалжээ. Соёл урлагийн салбарын бүхий л тоглолтыг зогсоосон бөгөөд уран бүтээлчид бэлтгэл сургуулилт хийх боломжтой” гэлээ.
Теле хичээл заах телевизүүд
Хичээлийн хуваарийг доорх слайдыг гүйлгэж харна уу.