Open iToim app
Таны сонорт | 2 мин уншина

НӨАТ-ын буцаан олголтыг өгөх хугацааг товлоно

НӨАТ-ын буцаан олголтыг өгөх хугацааг товлоно
Нийтэлсэн 2020 оны 2 сарын 4
2016 оноос иргэд худалдан авсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ  НӨАТ-аас хоёр хувийн буцаан олголт авах эрхтэй болсон. Буцаан олголтыг жилийн эхээр олгодог. Тодруулбал, татварын алба нь тухайн жилийн буцаан олголтын дүнг дараа жилийн эхний сарын 15-ны дотор албан татвар төлөгч бүрээр нэгдсэн системээс баталгаажуулан гаргасан мэдээллийг ажлын ес хоногт хянаж тэмдэглэл үйлдэн албан татварыг буцаан олгуулах саналын хамт Сангийн яаманд хүргүүлдэг байна. Сангийн яам түүнийг нь ажлын 45 хоногт багтаан шийдвэрлэдэг журамтай. Тэгвэл 2019 оны НӨАТ-ын буцаан олголтын хугацааг маргааш болох Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх юм байна.
Мөн НӨАТ-ын буцаан олголттой холбоотойгоор зарим иргэдийн авах мөнгөн дүн багассан мөн өндөр үнийн дүнтэй буцаан олголтыг шалгасан билээ. Шалгалтаар 2.1 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй баримтыг бүртгүүлсэн 996 иргэнтэй холбогдож, шалгаж байгаа талаар Татварын ерөнхий газраас мэдээлсэн.
Тэгвэл тэдгээр иргэдэд  НӨАТ-ын буцаан олголт хэрхэн олгох талаар Татварын ерөнхий газраас тодруулахад “Буцаан олгохоор төлөвлөсөн байгаа 146 тэрбум төгрөгийн ихэнхийг буцааж олгох нөхцөл бүрдсэн бөгөөд 996 иргэний татварын буцаан олголтын хэмжээг хянаж байгаа. Эрсдэл тооцон хянаж үзээд татварын буцаан олголт хийгдэх эсэхийг шийднэ. Хэрвээ зөрчилгүй нь илэрвэл буцаан олголтыг өгнө. Харин хуульд заасан шаардлага хангахгүй бол буцаан олгохгүй цуцлагдана” гэсэн хариултыг өглөө.
Түүнчлэн иргэн таны буцаан олголтын мэдээлэл "Хянагдаж байна" төлөвтэй байвал орон нутгийн иргэд харьяа Татварын албандаа, нийслэлийн иргэд Татварын ерөнхий газарт хандан эрсдэлд тооцож байгаа шалтгааныг тодруулж, асуудлаа шийдүүлснээр буцаан олголтоо бүрэн авах боломжтой юм.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн