АНУ-ын Калифорни мужийн шүүхээс тус бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй кофе худалдаалагч, үйлдвэрлэгчдийг бүтээгдэхүүнийхээ шошго дээр “Хорт хавдар үүсгэх бодисын агууламжтай” гэсэн тэмдэглэгээг заавал тавих шийдвэр гаргажээ. Шүүгчид шийдвэрээ 1986 онд батлагдсан “Хорт хавдар үүсгэгч бодис агуулсан бүтээгдэхүүн дээр сануулах бичиг байрлуулна” гэсэн 62 дүгээр тогтоолын биелэлт хэмээн тайлбарлажээ.
Шүүгчдийн болон Видсом Их сургуулийн судлаачдын үзэж буйгаар кофе хуурах явцад бий болдог акриламид гэх бодис нь хорт хавдар үүсгэгч аж. Ийнхүү Калифорни мужид үйл ажиллагаа явуулдаг Starbucks, Eleven, Whole goods, Target зэрэг компаниудын худалдаалж буй нэг аяга кофе бүрт “Хорт хавдар үүсгэх бодисын агууламжтай” гэсэн тэмдэглэлээ тавих шаардлагатай болжээ.
Кофе үйлдвэрлэгч компаниуд акриламид бодис зөвхөн кофе хуурах явцад бий болдог учир, чанаж, найруулсан кофены агууламжид нөлөөлөхгүй хэмээн мэдэгдсэн ч Шүүхээс “Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж нотлох баримт хангалтгүй” гэх үндэслэл гаргажээ.
Акриламид бодис нь хэд хэдэн төрлийн хорт хавдар үүсгэдэг бөгөөд хүний биеийн бодисын солилцоонд сөргөөр нөлөөлдөг. Тус бодис нь дан ганц кофенд бус бидний өдөр тутам хэрэглэдэг жигнэмэг, чипс, шарсан төмс, сериал зэрэг хуурч, хатаасан бүтээгдэхүүнд ихээр агуулагдсан байдаг аж.
Калифорни мужийн шүүхийн шийдвэрийг зарим эрдэмтэд шүүмжилж байгаа бөгөөд нэг аяга кофенд агуулагдах акрималидын хэмжээ зохистой хэмжээнээс доогуур гэв. Тухайлбал, Жон Хопкинсийн Их Сургуулийн судлаач доктор Брюс Ю. Ли “Өдөрт нэгээс хоёр аяга кофе уудаг хүнд акрималид ямар нэгэн нөлөө байхгүй. Харин хэд хэдэн аяга бол зөвхөн акрималид төдийгүй өөр олон асуудал яригдаж эхэлнэ” гэсэн байна.
Түүнчлэн 2016 онд ДЭМБ-аас кофег албан ёсоор хорт хавдар үүсгэгч бүтээгдэхүүний жагсаалтаас хассан бөгөөд тааруулж хэрэглэх нь элэгний хорт хавдар, церозиос сэргийлэх боломжтойг баталсан юм.
Гэхдээ өглөө өлөн элгэн дээрээ кофе уух нь тийм ч зөв санаа бус хэмээн анхааруулаад, дан ганц кофе гэлтгүй шингэнийг 60 хэмээс өндөр халуунтай уувал улаан хоолойн хорт хавдар үүсэх магадлалыг нэмэгдүүлдгийг судлаачид тогтоожээ.
Эх сурвалж:ABC.com. WHO.org