Нацист Германы арми 1939 оны есдүгээр сарын 1-ний өдөр огт анхааруулга өгөлгүйгээр Польшийн нутагт халдан довтолсноор 75 сая хүний амь насыг авч одсон Дэлхийн II дайн эхэлсэн түүхтэй. Дэлхийн II дайнд ЗХУ, АНУ, Их Британи, БНХУ тэргүүтэй Холбоотны эсвэл Нацист Герман, Япон, Итали гэх Тэнхлэгийн гүрнүүдийн эсрэг дайтсан юм.
Хүн төрөлхтөний түүхэнд тод хараар тэмдэглэн үлдсэн уг дайнд Холбоотны эвслийн 16 сая цэрэг, 45 сая энгийн иргэн, Тэнхлэгийн гүрнүүдээс найман сая цэрэг, дөрвөн сая энгийн иргэн нас барсан гэх тооцоо бий. Гэсэн ч дайны үед геноцид, өлсгөлөн, халдварт өвчний улмаас нас барагсдын тоог мэдэх боломжгүй юм. Дайны ажиллагаа идэвхтэй өрнөсөн зөвхөн 15 улсын нутаг дэвсгэрт учирсан нийт хохирлын хэмжээг тухайн үеийн ханшаар 1.3 их наяд ам.доллар хүрсэн гэж тооцоолдог. Дэлхийн II дайн 5.8 жил найман өдөр буюу яг 2077 өдрийн турш үргэлжилсэн юм. 1945 оны хавар Холбоотны арми Нацист Германы нийслэл Берлинд довтлон орж, тавдугаар сарын 8-ны өдөр Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчилль дэлхий дахинд Холбоотнуудын дайнд ялсан болохыг тунхагласан юм. Маргааш нь буюу тавдугаар сарын 9-ны өдөр дэлхий дахинд аймшигт дайны хар өдрүүд дууссан баярын парад үргэлжилснээр ийнхүү “Ялалтын баяр”-ыг тэмдэглэх болсон байна.
Энэ онд Ялалтын баярын 75 жилийн ой тохиож байна. Дэлхий дахинд цар тахал гарсантай холбоотойгоор Засгийн газрууд энэ жил ялалтын баяраар нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэсэн. Тиймээс Дэлхийн II дайн болон Ялалтын баяртай холбоотой, хүмүүсийн тэр бүр мэдээд байдаггүй, дайны нөхцөл байдлыг өөр өнцгөөс харуулах сонирхолтой баримтуудыг танилцуулахаар бэлдлээ.
Энэ өдрийг ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан болон хуучин социалист лагерын орнууд “Агуу их эх орны дайны ялалтын баяр” гэж тэмдэглэн өнгөрүүлдэг. Харин Их Британи, Франц тэргүүтэй Европын орнуудад Европ тивд Дэлхийн II дайн дууссан ялалтын байрыг тавдугаар сарын 8-ны өдөр тэмдэглэдэг. Ялалтын баярын бэлгэдэл гэж хэлж болох “День Победи” дууг энэ жил дэлхийн 60 гаруй орон өөрийн хэл дээр дуулж, ахмад дайчид болон дайнд амь үрэгсэдийн ар гэрт хүндэтгэл үзүүлэх юм.

ОХУ-д өнөөдрийн байдлаар Агуу эх орны дайнд байлдаж явсан 20000 орчим ахмад дайчин, фронтод дэмжлэг үзүүлж байсан 1.5 сая иргэн амьд сэрүүн байгаа аж. АНУ-ын хувьд өнөөдрийн байдлаар Дэлхийн II дайнд оролцсон 16 сая цэргийн албан хаагчдаас 380000 орчим ахмад дайчин амьд сэрүүн, энх тунх аж төрж байна. Дэлхийн II дайнаас амьд үлдсэн хамгийн ахмад дайчин өдгөө 110 настай АНУ-ын иргэн Лоуренс Брукс. Тэрээр дайны үед АНУ-ын армийн 91 дэх инженерийн баталионы ар талд зүтгэж байжээ. Лоуренс Брукс өнөөдөр таван хүүхэд, 12 ач, 23 гучтай болсон байна.

1945 оны тавдугаар сарын 7-ны өдөр, орон нутгийн цагаар шөнийн 02:41 цагт Францын Реймс хотноо Нацист Германы арми Холбоотнуудад өчиггүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Бууж өгөх гэрээний хоёрдугаар хэсэгт Нацист Германы дээд командлал Европын цагаар 1945 оны тавдугаар сарын 8-ны оройн 23:01 цагт бүх цэргүүддээ цэргийн идэвхтэй үйл ажиллагаагаа зогсоох тушаал өгөхөө мэдэгдсэн юм. Харин тухайн үед ЗХУ-д цагийн зөрүүний улмаас аль хэдийн тавдугаар сарын 9-ны өдөр болоод байжээ. Тиймээс өнөөдөр “Агуу их эх орны дайны ялалтын баяр” болон “Европ тивд Дэлхийн II дайн дууссан ялалтын байр”-ыг нэг өдрийн зайтай тэмдэглэдэг. Өөр сонирхолтой зүйл бол Холбоотны талаас уг гэрээнд гарын үсэг зурсан хүмүүсийн нэг нь АНУ-ын ирээдүйн Ерөнхийлөгч Дуайт Эйзенхауер байв. Одоо энэхүү гэрээний нэг хувь АНУ-ын Үндэсний архивд хадгалагдсаар байна.

Дэлхийн II дайны дараа Нацист Герман буюу Гуравдугаар Рейх нуран унаж, дэлхийн хүчний тэнцвэрт ЗХУ болон АНУ гэх хоёр том их гүрэн бий болж, НҮБ байгуулагдсан зэрэг үр дүн гарсан юм. Нацист Германы удирдагч Адольф Гитлер дайн албан ёсоор дуусахаас хэдхэн хоногийн өмнө буюу 1945 оны дөрөвдүгээр сарын 30-нд өөрийгөө буудаж амиа хорлосон байна. Тэрээр үхэхээсээ нэг хоногийн өмнө удаан хугацаанд амрагийн харилцаатай байсан Эва Браун гэх эмэгтэйтэй гэрлсэн юм. Эва Барун Адольф Гитлерын хамт хор ууж амиа хорлосон байдаг. Гэрлэлтийн өмнөх шөнө Гитлер Фашист Италийн удирдагч Бенито Мусолини дөрөвдүгээр сарын 28-нд эсэргүүцэгч нарт баригдаж, цаазлуулсан талаар олж мэдээд байжээ.
Дэлхийн II дайнд амь үрэгдсэн анхны Герман цэргийг Японы цэрэг хөнөөсөн байдаг. Тэгвэл дайнд амь үрэгдсэн анхны Америк цэргийг мөн холбоотных нь Оросын цэрэг хөнөөсөн байдаг аж.
Европ тив дэх дайны ажиллагааны үеэр Холбоотны 100000 орчим нисгэгч амь үрэгдсэн байна. Дэлхийн II дайнд АНУ-ын Тэнгисийн явган цэргээс олон тооны Агаарын хүчний нисгэгчид амь насаа алдаж байжээ.
Польшийн Католик шашинтай эх баригч Станислава Лесчицска гэх эмэгтэй Дэлхийн II дайны үед Еврей нарыг хамгийн аймшигтайгаар хомроглон устгасан холокаустүйлдэгдсэн гэгддэг Аушвицын хорих лагерт 3000 гаруй хүүхдийг эх барьж авсан байна.
Дэлхийн II дайны үед Их Британийн цэргүүд өдөрт ердөө гурван хуудас ариун цэврийн цаасны хангамжтай байжээ. Харин Америк цэргүүдийн хувьд өдөрт 22 хуудас 00-ын цаасны нормтой байв.
Дайнд амь үрэгдсэн Нацист Германы таван цэрэг бүрийн дөрөв нь зүүн фронтод алагдсан байна. Зүүн фронтод ЗХУ болон Германы хооронд дайн үргэлжилсэн. Дайны хамгийн том, шийдвэрлэх тулаанууд өрнөсөн энэхүү фронт 1941 оны зургадугаар сард нээгдэж 1945 оны тавдугаар сарын 8-нд Нацист Герман бууж өгөх хүртэл үргэлжилж 30 сая хүн нас барсан гэж үздэг. Зүүн фронтод Нацист Германы арми ЗХУ-ын Сталинград хотыг нийт 900 өдрийн турш бүсэлсэн байдаг. Сталинградын бүслэлтээр Дэлхийн II дайны турш амь үрэгдсэн АНУ болон Их Британийн цэргүүдээс ч олон ЗХУ-ын дайчид болон энгийн иргэд амь насаа алдсан байдаг.
1923 онд төрсөн ЗХУ-ын нийт эрчүүдийн ердөө 20 хувь нь дайнаас амьд үлдсэн. Дэлхийн II дайнд тухайн үеийн ЗХУ-ын нийт хүн амын 15 хувь нь буюу 16.8 сая хүн амь үрэгдсэн гэж үздэг.
АНУ-ын хамгийн залуу байлдагч ердөө 12 настай Калвин Грэм гэгч байжээ. Японы Эзэн хааны Тэнгисийн цэргийн агаарын хүчин 1945 оны наймдугаар сарын 15-нд АНУ-ын Хонолулу арал дахь Сувдан эрэгт байрлаж байсан Америкийн Тэнгисийн цэргийн баазыг бөмбөгдөх үеэр шархадсан түүнийг тухайн үед л насаа нууж цэрэгт элссэн гэдгийг мэдэж байсан аж.

Дэлхийн II дайны үед Японы тагнуулын хамгийн том бүлэглэл АНУ-тай хил залгаа Мексик улсад байрлаж байв. Тэд Нацсит Герман болон Фашист Итали бууж өгсөн ч дайны ажиллагаагаа үргэлжлүүлсээр байсан юм. Ийнхүү АНУ 1945 оны наймдугаар сарын 6-нд Японы Хирошима хотод “B-29s” ураны цөмийн бөмбөг хаяж 20000 цэрэг, 126000 энгийн иргэн хөнөөсөн байдаг. Үүнээс гурван өдрийн дараа Японы Нагасаки хотод “B-29” плутонийн цөмийн бөмбөг дэлбэлсний улмаас 226000 хүн амь насаа алдсан юм. АНУ-ын Засгийн газар гурав дахь байгаар Японы нийслэл Токио хотод цөмийн бөмбөг хаяхаар төлөвлөж байсан баримт үлдээ. Аймшигт явдлын дараа Япон эзэн хаан Хирохито наймдугаар сарын 15-ны өдөр бууж өгөх гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Дэлхийн II дайны энэхүү эмгэнэлт төгсгөлийн дараа хүн төрөлхтөн цөмийн зэвсгийн аюулыг бүрэн ойлгож, Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх олон улсын гэрээнд улс орнууд нэгдсэн юм.

Нацист Германы удирдагч Адольф Гитлерын үеэл Уильям Гитлер Дэлхийн II дайны үед АНУ-ын Тэнгисийн цэрэгт алба хааж байв. Мөн Адольд Гитлер болон Америкийн тэрбумтан Хенри Форд нар Дэлхийн II дайны үеэр уулзалдаж байсан болохыг гэрчлэх түүхэн зураг үлдсэн байдаг. Мөн Жон Рокфеллер, Прескотт Буш(АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Бушийн өвөө) зэрэг нөлөө бүхий эрхмүүд Нацистуудтай хамтран ажилладаг байсныг батлах баримтууд хэдхэн жилийн өмнө ил болсон.