Манай улс 2017 оны тавдугаар сарын сүүлээр ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаас хойш ам.долларын ханш харьцангуй тогтвортой байгаа. 2016 оноос огцом өсч 2500 даваад байсан ам.долларын ханш 2430 төгрөгт жил шахам тогтвортой байсан. Шинэ жил, Цагаан сар гээд томоохон баяр ёслолын үеэр ч ханш хүчтэй хэлбэлзээгүй.
Тэгвэл өчигдөр арилжааны банкууд болон хар зах дээр ам.долларын төгрөгтэй харьцах ханш 25-30 төгрөгөөр өслөө.
Найман шарга валютын зах дээр өчигдөр долларын ханш нэг хоёрхон цагийн дотор 20-25 төгрөгөөр нэмэгджээ. Монголбанкнаас зарласан 6-р сарын 19-ны өдрийн хаалтын ханш 2426 ам.доллар, 6-р сарын 20-ны өдрийн хаалтын ханш 2441 ам.доллар байсан бол 6-р сарын 21-ны өдрийн хаалтын ханш 2450 ам.доллар болтлоо өсчээ. Үүний шалтгааныг Монголбанк эрэлт нийлүүлэлтийн харьцаагаар тайлбарлаж байгаа хэдий ч Найман шарга захын валют арилжаачид өөр бодолтой байгаагаа илэрхийллээ. Харин мэргэжлийн шинжээчид сүүлийн гурван удаагийн дуудлага худалдаанд Монголбанк оролцоогүй, зах зээлд ам.доллар худалдаагүйтэй холбон тайлбарлаж байна.
Харьцангуй тогтвортой байсан ханш нэг өдрийн дотор 30 орчим төгрөгөөр нэмэгдсэний шалтгааныг валют арилжаалагч Ц.Ганболд "банк, бүлэглэлүүдийн хийж байгаа санаатай хуйвалдаан хэмээн хардаж байна. Мөн гаднаас авсан өр зээлээ төлөхийн тулд долларын хомсдол үүсгэж ханш өсгөж байна" хэмээн тайлбарлалаа.
Найман шарга захын ам.долларын ханш 2440 төгрөгт тогтвортой байсан бол өчигдрийн байдлаар нэг ам.доллар 2475 төгрөг болтлоо нэмэгдсэн нь ард иргэдийг бухимдуулахад хүргээд байгаа юм. Валют арилжаачдын хэлж байгаагаар бидэнд нэмэхээс өөр арга байхгүй, ам.долларын өсөлт бидэнтэй огт хамаагүй, банк ханшаа өсгөсөн тохиолдолд арилжаачид ч ханшаа өсгөхөөс өөр сонголтгүй гэв.
Арилжааны банкуудын ам.доллар авах, зарах ханшийн зөрүүгээ нэлээд өндөр тогтоож, нэг ам.долларын ханш 2470 төгрөгт тэнцжээ.
Манайх шиг импортоос хараат улсын хувьд долларын ханш өсөх мэдээж сайны дохио биш. Ханшийн 30 төгрөгийн өсөлт эргээд иргэдийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хэд дахин нэмэгдэх далим болдог. Улс орны эдийн засаг дөнгөж сэргэж байгаа энэ үед долларын ханш нэмэгдэх нь ард иргэдэд хүнд цохилт болох нь тодорхой.