Open iToim app
Таны сонорт | 3 мин уншина

Хөгжмийн зохиолч Б.Шарав, Н.Жанцанноров нарт Хөдөлмөрийн баатар цол олгоно

Хөгжмийн зохиолч Б.Шарав, Н.Жанцанноров нарт Хөдөлмөрийн баатар цол олгоно
Нийтэлсэн 2019 оны 7 сарын 7
 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар маргааш төрийн дээд одон медаль гардуулах ёслол Төрийн ордонд болох аж.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Монгол Улсын Хөдөлмөрийн  баатар цолоор  Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нарыг шагнахаар болсон байна.
 Монгол түмний хайрлаж, хүндэтгэдэг агуу хөгжмийн зохиолчид ийнхүү нэг өдөр төрийн дээд шагнал болох Хөдөлмөрийн баатар цол хүртэх түүхэн өдөр тохиох аж.
undefined
 Бямбасүрэнгийн Шарав нь  1952 оны 11 сарын 13-нд Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төрсөн. Тэрээр 1983 онд ОХУ-ын Свердловск (одоогийн Екатеринбург) хотын Уралын хөгжмийн их сургуулийг хөгжмийн зохиолч мэргэжлээр төгссөн. 1992 онд Төрийн шагнал, 2002 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртсэн.
2006 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр зарлигаар хөгжмийн зохиолч Б.Шаравыг “Чингис хаан” одонгоор шагнаж байсан. Мэргэжлийн урлагийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, олон симфони, удиртгал, магтуу, бүжгийн жүжгийн болон киноны хөгжим нийтийн дууны ая зохиож, Монголын орчин үеийн хөгжмийн урлагийг хөгжүүлж, дэлхийд улсаа сурталчлахад оруулж байгаа хувь нэмэр болон Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд “Чингис хаан” дуурь бүтээснийг  төр, ард түмэн өндрөөр үнэлж “Чингис хаан” одонг хүртээжээ. 
 Тэрээр "Чингис хаан" дуурь, “Зуурдын орон" балет, "Ононд хатаагдсан илд" дуулалт жүжиг, 1, 2-р симфони, “Замбуу тивийн наран" магтуу, "Эх орон" зэрэг 30 гаруй романс, 20 гаруй цөөхүүл хөгжмийн бүтээл, "Сэрсэн тал" үндэсний найрал хөгжмийн удиртгал, "Ард Аюуш", "Байлдааны даалгавар", “Илүү сартай зун" зэрэг олон киноны хөгжим бичжээ. Дан хөгжмийн 70 гаруй бүтээл, 300 гаруй дуу, романс туурвисан. Хорь орчим уран сайхны кинонд хөгжмийн найруулагч, зохиолчоор ажилласан байна.
undefined
Нацагийн Жанцанноров нь 1949 онд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын нутагт төрсөн. Багшийн сургуулийг "Дуу хөгжмийн багш" мэргэжлээр, Киевийн хөгжмийн дээд сургуулийг "Хөгжмийн зохиолч, хөгжим судлаач"-ийн мэргэжлээр төгссөн. 1983-1990 онд Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн хорооны дарга, Соёлын яамны орлогч сайд, нэгдүгээр орлогч сайд, 1992 онд УИХ-ын гишүүнээр ажилласан. Симфони, бүжгэн жүжиг, дуулаачийн болон дан хөгжмийн 300 орчим бүтээл туурвиж, киноны 20 гаруй хөгжим, 10 гаруй драмын жүжгийн хөгжим бүтээж, "Монголын хөгжмийн 12 хөрөг"/Сонатын аллегро/, "Хөгжмийн онолын нэр томъёоны тайлбар толь" хөгжим судлалын ном, уран бүтээлийн 8 CD хэвлүүлсэн. 
"Мандухай цэцэн хатан", "Мөнх тэнгэрийн хүчин дор", "Би чамд хайртай" киноны хөгжим, "Талын харгуй" гэдэг 24 хүүрнэл романч, "Хүний заяа I, II, III" концерт, морин хуур, симфони найрал хөгжмийн концерт, ятга, найрал хөгжимтэй концертыг Монголд анх удаа тавьж, "Тогосын цагаа овоо", "Аргалд явсан ээж минь", "Бурхан бумбын орон", "Хүний заяа" зэрэг 100 гаруй дууны ая зохиожээ. 1989 онд "Мандухай цэцэн хатан" киноны хөгжмөөр, 2000 онд Морин хуурт зориулсан шилдэг бүтээлүүдээрээ "Төрийн шагнал"-ыг 2 удаа, 2005 онд "Ардын жүжигчин" цол хүртжээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн