Open iToim app
Боловсрол | 2 мин уншина

Сургууль, цэцэрлэг орсон ч секц, дугуйлан хичээллүүлэхгүй

Сургууль, цэцэрлэг орсон ч секц, дугуйлан хичээллүүлэхгүй
Нийтэлсэн 2021 оны 8 сарын 23
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-ээс эхлэх бөгөөд таван хоног танхимаар, есөн хоног цахимаар хичээллэхээр болсон билээ. Тэгвэл Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан тушаалаар “Коронавируст халдварын үед цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахад мөрдөх түр журам”-ыг баталсан билээ. Үүнээс онцлох заалтуудыг хүргэж байна.
Цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагааг зохион байгуулахад,
-Цэцэрлэгийн орчинд нэг бүлгээс халдвар батлагдсан тохиолдолд тухайн бүлгийг, нэг давхраас халдвар батлагдсан тохиолдолд тухайн давхар, жигүүрийг, өөр хоорондоо хамааралгүй гурав ба түүнээс дээш бүлэгт халдварын тохиолдол батлагдвал цэцэрлэгийн бүх бүлгийн танхимын сургалтыг зогсоож, долоон хоног зайн сургалтад шилжүүлнэ.
-Цэцэрлэгийн үйл ажиллагааны үргэлжлэх хугацаа 8-10 цаг байна.
-Цэцэрлэгийн өрөөний нэг хүүхдэд ногдох талбайг 1.5 метр кв-аас доошгүй байхаар тооцож, 20 дээр нэмэх, хасах таван хүүхэд байна. Үүнээс хэтэрсэн тохиолдолд ойр байрлах бусад цэцэрлэгт шилжүүлж болно.
-Тав болон дөрвөн настай хүүхдийг цэцэрлэгт бүрэн хамруулна.
-Цэцэрлэгийн байранд бөөгнөрөл үүсэхээс сэргийлж, хүүхэд хүлээн авах, тарах цагийг уян хатан байлгаж, цэцэрлэгийн байранд орох, гарах бүх хаалгыг ашиглана.
-Хүн ам ихээр цуглардаг талбай, үйлчилгээний газарт аялал зугаалга зохион байгуулахгүй.
-Хүүхэд, багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагчийг хамруулсан аливаа уралдаан тэмцээн зохион байгуулахгүй.
-Эцэг эхчүүд гурван сард хэрэглэгдэх хэмжээгээр хичээлийн хэрэглэгдэхүүнийг бэлтгэнэ.
-Сургалтын хэрэглэгдэхүүнүүдийг хүүхэд дамжуулан хэрэглэхгүй байхад анхаарч, хүртээмжтэй байлгана.
-Ариун цэврийн өрөө, угаагуур, нүхэн жорлонд дараалал үүсгэхгүй байхаар зохицуулна.
-Цэцэрлэгийн байранд багш, ажилтан, хүүхдийг амны хаалдттай нэвтрүүлэх бөгөөд багш , ажилтан амны хаалтыг тогтмол зүүнэ. Хүүхэд анги танхимд амны хаалт хэрэглэхгүй.
-Хүүхдийн гадуур хувцсыг цэцэрлэгт ирмэгц хувцасны уутанд хийж өлгөнө.
-Хүүхдийн шүдийг өглөө, оройд гэрт нь сайтар угаалгаж, ангид угаахгүй.
-Хүүхдүүдийг унтуулахад “Толгой-Хөл” зөрүүлэх зарчим баримтална.
-Эцэг эх, асран хамгаалагч “Гэр-Цэцэрлэг-Гэр” чиглэлийг мөрдөнө.
-Эцэг эх, асран хамгаалагч хүүхдэдээ тоглоом, хүнсний бүтээгдэхүүн өгч явуулахыг хориглоно.
ЕБС-ийн сургалт, үйл ажиллагааг зохион байгуулахад,
-Коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдаагүй 12-оос доош насны хүүхэдтэй нэг бүлгээс халдвар батлагдвал тухайн бүлгийг, 12-оос дээш насны хүүхэдтэй нэг бүлгийн гурав ба түүнээс дээш хүүхэд халдвар авбал тухайн бүлгийг, өөр хоорондоо хамааралгүй гурав ба түүнээс дээш анги, бүлгийн дотор халдварын тохиолдол батлагдвал тухайн сургуулийг зайн сургалтад шилжүүлнэ.
-Танхимын хичээлийн үргэлжлэх хугацаа 1-2 дугаар ангид 30 минут, 3-12 дугаар ангид 35 минут байна.
-Танхимаар хичээллэхийг эцэг эх, асран хамгаалагчаас зөвшөөрөөгүй тохиолдолд таван өдөр танхимаар, есөн өдөр зайн сургалтаар хичээллэнэ.
-Цахим хичээлийг бүлэг, сургууль дундын хэлбэрээр зохион байгуулах зохицуулалт хийнэ.
-Секц, дугуйлан хичээллүүлэхгүй. Багш, ажилтан, суралцагчийг хамарсан уралдаан, тэмцээн зохион байгуулахгүй.
-Сэжигтэй тохиолдлыг тусгаарлах өрөөг хичээлийн болон дотуур байранд бэлтгэнэ.
-Хүүхдийн хоолойг сода, эсхүл давсны уусмалаар өглөө, оройд зайлах боломжоор хангана.
-Сурагчдын үдийн цай/хоолонд сүү, сүүн бүтээгдэхүүн түлхүү хэрэглэнэ.
-Сурагчдаар анги, танхимын өдөр тутмын цэвэрлэгээ хийлгэхгүй байхаар зохицуулна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн