НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” хэмээн тунхаглаж, тэмдэглэсээр ирсэн түүхтэй. Дэлхийн 100 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг энэ өдөр хэвлэлийн эрх чөлөөний ач холбогдлыг сурталчлан таниулах, иргэд, олон нийтийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэх, ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудыг дурсан хүндэтгэдэг билээ. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг энэ онд "Айдас, нөлөөлөлгүй сэтгүүл зүй" уриан доор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэхүү уриалгаар сэтгүүлчдийн аюулгүй байдал, хэвлэл мэдээллийн хэрэгслийг улс төрийн болон арилжааны нөлөөнөөс хараат бус байх, хэвлэл мэдээллийн бүхий л салбарт жендэрийн тэгш байдлыг хангахыг уриалж байгаа аж.
Олон улсын “Сэтгүүлчдийг хамгаалах хороо” ашгийн бус байгууллагын мэдээлснээр өнгөрөгч онд дэлхийн хэмжээнд 250 гаруй сэтгүүлч хоригдож, зургаан сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэх үедээ амь насаа алдсан бол 64 хэвлэл мэдээллийн ажилтан ор сураггүй алга болжээ. Турк, Египет, БНХАУ зэрэг авторитар дэглэм ноёрхсон орнуудад хэвлэлийн эрх чөлөөнд халдах, сэтгүүлчийг хорих, амь насыг нь хөнөөх үзэгдэл хамгийн ихээр гарсаар байгаа юм.
Монгол Улсын хувьд “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс”-ээр 180 орноос 73-т бичигдсэн үзүүлэлтээр энэхүү өдрийг угтаж байна. Уг үзүүлэлт харьцангуй дундаж мэт боловч манай улс 2015 оноос хойш “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс”-ээр тогтмол байр ухрах болсон. Тухайлбал, 2015 онд 54, 2016 онд 60, 2017 онд 69, 2018 онд 71, 2019 онд 70 дугаар байруудад тус тус бичигдэж байв.
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан авлигалын эсрэг “Tranparency International” болон хэвлэлийн эрх чөлөөний төлөөх “ARTICLE 19” олон улсын байгууллагууд Монгол Улсын Засгийн газарт хандан чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн эрх зүйн орчинд аюул заналхийлэл учруулж буй хууль тогтоомжууддаа нэн даруй араг хэмжээ авах уриалга дэвшүүлсэн юм. Монгол Улс дахь хэвлэлийн эрх чөлөө сүүлийн жилүүдэд мэдэгдэхүйц хөндөгдөх болсон явдалд дэлхий дахины анхаарлыг чиглүүлэх зорилготой энэхүү хамтарсан мэдэгдэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн нэмэлтээр батлагдсан 13.14 дүгээр зүйл буюу худал мэдээлэл тараах, гүтгэхийг эрүүгийн гэмт хэрэгт тооцон хуульчилсан заалтыг яаралтай өөрчлөх шаардлага хүргүүлсэн юм.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол 450-1300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан. Хэвлэлийн эрх чөлөөний төлөөх “ARTICLE 19” байгууллага хуулийн энэхүү заалтад “Хуурамч мэдээлэл” гэх нэр товъёог тодорхойлоогүй нь Монгол Улсын хэвлэл мэдээллийн эрх чөлөө, авлигатай тэмцэх чиглэлээр ажилладаг идэвхтнүүдийн санааг чилээж байгаа талаар дурдсан юм. Учир нь практикт худал мэдээлэл тараасан зүйл ангиар хэрэг үүсэн шалгагдаж байгаа тохиолдолд цагдаа, прокурор, шүүхийн байгууллагууд тухайн мэдээлэл үнэн зөв эсэхийг бүрэн гүйцэд нягтлан шалгаж чаддаггүй.
Энэ төрлийн гэмт хэргийг Эрүүгийн хуульд орохоос өмнө Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйл “Гүтгэх” заалтаар зохицуулсаар ирсэн. Зөрчлийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн 2017 оны долдугаар сарын 1-нээс хойш ердөө хэдхэн сарын дотор Монгол Улсын хэмжээнд 100 гаруй сэтгүүлчийг шүүх, цагдаа байгууллагад хэрэг үүсгэн шалгагдсан бөгөөд гомдол гаргагчдын дийлэнх нь улс төрийн өндөр албан тушаалтнууд байжээ.
Мэдээлэл авах, эвлэлдэн нэгдэх, хараат бус, бие даасан хэвлэл мэдээлэлтэй байх нь ардчиллын тулгуур үнэт зүйл билээ. Эдгээр эрхүүд бүрэн гүйцэд хэрэгжсэнээр авлигатай тэмцэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг Монгол Улсын хууль тогтоох, эрх бүхий албан тушаалтнууд хүлээн зөвшөөрөхийг "Transparency International" болон "ARTICLE 19" олон улсын байгууллагуудаас уриалсан юм.
Монгол Улсын Засгийн газар иргэдийнхээ Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг баталгаатай эдлүүлэх боломжоор хангахыг хүлээн зөвшөөрөх ёстой гэжээ.
Эх сурвалж: Transparency International, ARITCLE19.org. Reporters Without Borders, The Washington Post