“Ай ёо" доктор буюу хүний их эмч Б.Дугархүүтэй архины хор уршгийн талаар ярилцлаа.
-Хүн амын дунд архидалт их байна. Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсний дараа хүн шартлаа гэж их ярьдаг. Ер нь шарталт гэж юу тэг дэгээс яриагаа эхэлэе?
-Шарталт гэдэг нь ерөнхийдөө хордлого. Согтууруулах ундаанд этанол гэх бодис агуулагддаг. Хүний элэг 100 грамм этанолыг 24 цагийн хугацаанд задалж, бутлан хүнийг хордуулахгүй байх боломжийг хангаж байдаг. Гэтэл манайхан 100 граммаас илүү хэмжээтэйгээр уусан элэг ачааллаа даахаа больж шүүж чадахаа байдаг. Ингээд ачааллаа дийлэхээ больсон элэг нь этанол гэдэг бодисыг цус руу алдаж эхэлдэг. Үүнээс шалтгаалж этанолын хордлого нь төв мэдрэлийн тогтолцоонд нөлөөлж хөдөлгөөн, зан төрөх, сэтгэл мэдрэлд нөлөөлж эхэлдэг. Харин сэтгэцийн зан төлөв дээр нөлөөлснөөр тухайн хүнд ухамсарт оюун ухаан байхгүй болж эхэлдэг. Ухамсарт оюун ухаан байхгүй болж эхлэхэд хүн гэмт хэрэг, хүчирхийллийг хяналтгүйгээр гаргадаг. Энэ процесс нь шөнөдөө үргэлжилж маргааш өглөө нь сэргэхэд маш их мэдрэлийн эсүүд этанолын хордлогод орсонтой холбоотойгоор мэдрэлийн эсүүдийн үхэл явагддаг. Ер нь нэг удаа тасраад сэрэхэд ойролцоогоор 100 мянган мэдрэлийн эс хүний тархинд эргэлт, буцалтгүй байхгүй болдог гэж үздэг. Энэ ч утгаараа тархинд маш их хэмжээний үрэвслийн процесс явагддаг. Энэ процессын үр дүнд толгой маш их өвдөх, дотор муухайрах, хоолонд дургүй болох, бөөлжих гэх мэт төв мэдрэлийн тогтолцооны хордлын шинжүүд илэрдэг. Архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэнэ гэдэг нь өөрийнхөө бие махбодод асар их хэмжээний хохирол учруулж байна гэдгийг сайн ойлгох хэрэгтэй.
-Архи сайн даадаг хүн гэж ярьдаг. Сайн даадаг хүн гэж ер нь байх уу?
-Тун хэмжээний хувьд Ази болон Европын улсуудад гаргасан стандарт байдаг. Ер нь этанол гэдэг бодисын хэмжээнээс хамаарна. Согтууруулах ундааны градус нь энтанолын хэмжээг зааж байдаг. Хамгийн өндөр тунгийн этанолын агууламжтай нь цагаан архи. Согтууруулах ундаа бүр өөр өөр хэмжээтэй этанолыг агуулдаг тул Европ, Азиудын хэмжээ зөрдөг учраас яг нэгдсэн стандартыг хэлэх боломжгүй.
-Манай улсын архины хэрэглээ ямар төвшинд байна вэ?
-Манай улс архины хэрэглээгээрээ оросуудын араас бичигдэж байгаа. Нэг хүн дунджаар жилд 19-20 литр архийг хэрэглэж байна гэсэн судалгаа байдаг. Ер нь нийгэмд архи согтууруулах ундааны хэрэглээ маш өндөр байгаа. Архины хэрэглээ улс орон бүрд байдаг ч манай улсад архины зөв зохистой хэрэглээ гэдэг ойлголт байдаггүй. Гаднын орнуудад хоолны дараа хэрэглэдэг, харин манайхан өлөн, хоосон дээрээ шилтэй архийг ууж байгаа нь их анзаарагдаж байдаг. Архийг юутай хамт хэрэглэж болохгүй, ямар хэмжээгээр уувал эрүүл мэндэд хор багатай байх зэрэг наад захын мэдлэг байдаггүй. Жишээ нь, өөх тостой хоолтой хамт архи хэрэглэвэл нойр булчирхайн хурц үрэвсэлтэй болно. Архийг ингэж буруу хэрэглэж ууснаар нойр булчирхайн хурц үрэвслээр олон залуу амь насаа алдаж байна. Тийм учраас манай иргэд архины зөв зохистой хэрэглээнд суралцах хэрэгтэй байна.
-Согтууруулах ундаа нь хүний биед ямар, ямар өвчлөлүүдийг үүсгэдэг вэ?
-Архи нь элэг болон төрөл бүрийн мэдрэлийн гаралтай өвчлөл үүсгэдэг гэдгийг хүн бүр мэддэг. Гэхдээ монголчуудын дунд архи согтууруулах ундаанаас үүдэлтэй хамгийн их үүсэж байгаа зүйл бол хүсээгүй жирэмслэлт, бэлгийн замын өвчлөл юм. Архи согтууруулах ундааг уусан хүнд алкохолны секс синдром гэдэг тусдаа шинж тэмдэг илэрдэг. Ялангуяа архи согтууруулах ундаа уусан эмэгтэйчүүдэд энэ шинж тэмдэг түлхүү илэрдэг. Энэ нь секс хийх хүслийг төрүүлдэг. Үүнээс үүдэлтэйгээр хүсээгүй жирэмслэлт, бэлгийн замын халдварт өвчин ихсэж байна. Энэ төрлийн өвчнөөр оношлогдож эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг эмэгтэйчүүдийн тоо жилээс жилд өсч байна. Нийгэмд тулгамдаж байгаа зах замбараагүй үр хөндөлт, бэлгийн замын өвчлөлүүд нь архитай шууд холбоотой. Архи согтууруулах ундааг тогтмол хэрэглэснээр ходоод болон элэгний өвчнөөс салахгүй. Архины гаралтай ходоодны өвчин гэж тусдаа өвчин бий. Архи нь ходоодны ханаар шимэгддэг учир уух болгонд ходоодны ханыг үрэвсүүлж, улайлгадаг. Ер нь архи уусан хүний цээж их хорсдог. Архи нь ходоодонд буцалж байгаа шүүрлийг дэмжиж ходоодны шархлаа бий болгодог. Энэ нь цаашлаад ходоодны хүнд хэлбэрийн өвчнүүдийн суурь болдог. Түүнчлэн архи их хэмжээгээр ууснаар элэг өөхлөдөг. Өөхөлсөн элэг хатаж хорчийн элэгний хатуурал болж, цаашлаад элэгний хавдрын эхлэл болдог.
-Сэтгэцийн ямар, ямар эмгэг үүсгэдэг вэ?
-Архи согтууруулах ундаа нь сэтгэцийн эмгэгийг үүсгэдэг. Шар хадны эмнэлэгт архинд донтсон маш олон хүн эмчлүүлж байна. Тэдгээр хүний ихэнх нь тэнэгрэл гэх өвчнөөр оношлогдож байна. Дээр хэлсэнчлэн нэг удаагийн шарталтаар тархины 100 мянга гаруй мэдрэлийн эс үхдэг учир тэдгээр хүмүүс богино болон урт хугацааны ой санамжаа алдчихсан байдаг. Ингээд энэ нь хүндэрснээрээ тэнэгрэл болдог. Хүмүүс энэ байдлаа засахын тулд худлаа хэлж эхэлдэг. Ер нь архи согтууруулах ундааны тогтмол хэрэглээтэй хүмүүс худлаа ярьдаг болсон байдаг. Зарим нь бүр хүндэрч цагаан солио тусдаг. Цагаан солио туссанаар нүдэнд хий юм харагдах, сонсогдох, өөрийгөө нийгмээс тусгаарлах, амиа хорлох, мөн хүнд гэмт хэргүүд хийх гаж сэтгэцийн эмгэгүүд үүсгэдэг.
-Архийг юутай хольж уухаас татгалзах вэ?
-Архийг амьтны гаралтай өөх тостой хоолтой хамт хэрэглэж болохгүй. Мөн хүйтэн уух зүйлээр даруулж уух нь буруу. Эдгээрүүд нь нойр булчирхайд маш их цочрол өгдөг. Ер нь хоол идсэний дараа архи согтууруулах ундааг маш бага хэмжээтэйгээр хэрэглэх хэрэгтэй. Манайхан хорхог боодог идэж байхдаа архийг хамт ууж хэрэглэдэг энэ нь маш буруу.