Open iToim app
Зочин | 12 мин уншина

'Рио Тинто'-гийн дэлхий дахин дахь үйл ажиллагаанд Монгол залуус хувь нэмэр оруулж байна

'Рио Тинто'-гийн дэлхий дахин дахь үйл ажиллагаанд Монгол залуус хувь нэмэр оруулж байна
Нийтэлсэн 2019 оны 10 сарын 8
"Мишээл экспо" төвд саяхан болж өнгөрсөн мэдээллийн технологийн “ICT Expo 2019” үзэсгэлэн арга хэмжээний үеэр Рио Тинто компанийн Монгол дахь мэдээллийн технологийн төв буюу “Mongolian Delivery Centre”-ийн Өгөгдлийн чанар сайжруулах багийн ахлах Т.Дашдорж, Аналитик идэвхжүүлэлтийн багийн ахлах Ө.Баяртуяа нартай хийсэн ярилцлагыг хүргэж байна. Салбартаа манлайлж буй залуус  дэлхийн хэмжээний том компанид ажиллаж буй туршлагаасаа хуваалцсан юм.
-“Рио Тинто” компанид ажилладаг монгол хүмүүсийн хувьд компаниа болон өөрсдийгөө танилцуулахаас ярилцлагаа эхэлье?
-Намайг Т.Дашдорж (ТД) гэдэг. Би “Рио Тинто” компанийн Монгол дахь Мэдээллийн технологийн төвийн “Өгөгдлийн чанарын үйлчилгээ” буюу “Data Quality” багийн ахлахаар ажилладаг. “Рио Тинто” бол дэлхийн уул уурхайн тэргүүлэх компаниудын нэг бөгөөд дэлхий даяар 35 оронд үйл ажиллагаа явуулдаг. Мэдээллийн Технологийн Төв нь Монгол Улсад 2014 оноос үйл ажиллагаагаа явуулж, одоогоор 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
-Намайг Ө.Баяртуяа (ӨБ) гэдэг. Би “Рио Тинто” компанийн Монгол дахь Мэдээллийн технологийн төвийн хамгийн анх байгуулагдсан баг болох Аналитик идэвхжүүлэлтийн  буюу “Analytics Enablement” багийн ахлахаар ажилладаг.
-“Рио Тинто” 140 гаруй жилийн түүхтэй, дэлхийн шилдэг уул уурхайн компанийн нэг гэдгийг бүгд мэднэ. Компани өнөөдрийн байдлаар дэлхий дахинд 47 мянган ажилтантай гэсэн тоо байна. Тэгвэл салбартаа дэлхийд тэргүүлж буй компанид ажиллаж буй 47 мянган хүний нэг болсны хувьд “Рио Тинто” компанийн нийт ажилчид нэгдсэн ямар зорилгын төлөө тэмүүлдэг гэж хэлэх вэ?
-ӨБ: Бид өдөр тутмын ажил болон хоорондын харилцаандаа компанийнхаа үнэт зүйлсийг баримталж ажилладаг. Үүнд аюулгүй байдал, хамтын зүтгэл, бизнесийн ёс зүй, хүндлэл, төгөлдөршил гэсэн таван зүйл байдаг.
-ТД: Манай Баяртуяагийн хэлсэн үнэт зүйлс дотроос хамгийн чухал нь хаана байгаагаас үл хамааран дэлхийн 35 орны салбар нэгж бүрд аюулгүй ажиллах зарчим юм. Энэ бол 47 мянган ажилчинд бүгдэд нь суусан соёл гэж хэлж болох бөгөөд “Рио Тинто”-гийн аль нэг уурхайн салбар байна уу, оффист ажилладаг хүн байна уу хамаагүй бүгд үүнийг дагаж мөрддөг.
-Саяхан болсон Монгол Улсын уул уурхайн салбарын тухай нэгэн хэлэлцүүлгийн үеэр салбарын мэргэжилтнүүд “Рио Тинто” компани нь хэн нэгний албан шахалтгүйгээр хариуцлагатай уул уурхайг хамгийн анх манлайлан хэрэгжүүлж эхэлсэн компаниудын нэг гэж байсан. Тэгэхээр тус компанийн бүх үйл ажиллагаанд хариуцлагатай уул уурхай яригддаг байх. Үүнийг хэрэгжүүлдэг жишээ байвал нэрлээч?
-ӨБ: Бидний дээр хэлсэн үнэт зүйлс дотор аюулгүй байдал хамгийн түрүүнд байгаа. Энэ зөвхөн аюулгүй ажиллагаа гэдгээс гадна “Health, Safety, Environment” буюу эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин гэсэн гурван зүйл багтдаг бөгөөд бид ажлын талбар дээрээ цаг, мөч бүр хийж байгаа зүйлдээ үүнийг бодолцож байдаг. Мөн манай компанид дэлхий даяар  гурваас дээш хүнтэй уулзалт бүр дээр аюулгүй ажиллагааны талаар ярилцаж, дээрх гурван зүйлээр хоорондоо туршлагаа солилцдог соёл бий. Тэгээд зөвхөн ажлын байран дээр гэлтгүй тухайн ажилчид маань гэртээ, найз нөхдөдөө гэх зэргээр хаа явсан газраа энэ соёлыг түгээхийг зорьдог.
-Тэгвэл ийм хариуцлагатай зүйлийг хийдэг, дэлхийн тэргүүлэх компанид орохын тулд та хоёр хэрхэн өөрсдийгөө бэлдсэн бэ?
-ТД: Айхтар бэлдэх гэхээс илүүтэй Монгол залуучууд мэргэжлийн хувьд хаана ч гологддоггүй боловч яг олон улсын компанид ажиллахад хэлний болон харилцааны ур чадварын асуудал хамгийн түрүүнд тулгамддаг юм шиг санагддаг. Тэр дундаа мэдээллийн технологи, программ хангамжийн салбарт энэ асуудал их ажиглагддаг. Тэр ч утгаараа би “Рио Тинто”-д орохын тулд хэлний тал дээрээ өөрийгөө сайжруулж, суралцсан. Одоо ч гэсэн хэлээ улам сайжруулахын тулд хичээсээр байна. Манай компани олон улсын томоохон байгууллага учраас тухайн ажил горилогчоос “soft skills” ихээхэн шаарддаг. Тиймээс миний хувьд үүнд багтах англи хэлээрх харилцаа, багаар ажиллах чадвар зэрэг дээр бас анхаарсан. Ер нь залуусын маань боломжид хэлний бэрхшээл гэх мэт сайжруулж болохуйц зүйлс л саад болдог шиг санагддаг.
-ӨБ: Миний хувьд ч санал нэг байна. Би анх “Рио Тинто”-д ярилцлагад орохдоо өөрийнхөө хэлэх гэсэн санаагаа зөвөөр ойлгуулахын тулд ажлын байр, салбартайгаа холбоотой мэргэжлийн болон технологийн хэллэг, үгсийг сайтар судалж, уншсан.
-Тэгэхээр манай залуус өөрийн ур чадвар, нөөц бололцоо, мэдлэгтээ бүрэн найдаж байвал хэл болон бусад жижиг асуудлаа сайжруулчихвал дэлхийн ямар ч компанид мэдээллийн технологийн чиглэлээр ажиллаад явахад бүрэн боломжтой, “Рио Тинто”-гийн үүд хаалга үргэлж нээлттэй байх нь ээ?
-ТД: Мэдээж тийм. “Рио Тинто”-гийн Монгол дахь мэдээллийн технологийн төвийн хувьд олон улсын компани болохоор бүх талын харилцаа англи хэл дээр явагдана. Харилцагчид нь Австрали, Канад гээд гадаад орнуудад байрлаж буй учир зөвхөн англи хэл хангалтгүй. Анх ажилд ороход давхар өөрийгөө бүх тал дээр байнга хөгжүүлээд явах нь чухал санагдаж байсан.
-ӨБ: Миний хувьд хоёр жилийн турш өөрийн багаа удирдаж байна. Энэ хугацаанд шинээр хүн шалгаруулж авах үйл явцад тогтмол оролцож ирсэн. Монгол залуустайгаа ярилцлага хийж байхад зөвхөн мэргэжлийн ур чадвараас гадна бусадтай харилцах, хамтран ажиллах, хүндэтгэх, зөв хандлагатай байх зэрэг түлхүүр ур чадварыг эзэмшсэн байх юм бол ажлын талбар дээр илүү хурдтай өсөж, үр дүнтэй ажиллаж чадах юм шиг анзаарагддаг. Ер нь мэдээллийн технологийн салбарын залуус мэргэжлийн болон техник ур чадвартаа түлхүү анхаарч бусад шаардлагатай зүйлсээ орхигдуулчихдаг талтай. Ингэхээр хэчнээн мэргэжилдээ сайн, ур чадвартай байлаа гээд хамтарч ажиллан, багаараа үр дүнд хүрэхэд хэцүү болдог.
undefined
-“Рио Тинто” групп яг жилийн  өмнө Улаанбаатарт оффисоо нээсэн. Танай төв түүнээс хойш ямар төсөл, хөтөлбөрүүдэд голлон анхаарч ажилласан бэ?
-ӨБ: Бид үндсэндээ 2014 онд 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлаа эхэлж, өргөжсөөр өнгөрсөн жил Монгол дахь оффис маань албан ёсоор нээгдсэн байгаа.  “Mongolia Delivery Centre” анх байгуулагдсанаас хойш манай баг өгөгдлийн агуулах буюу “Data Warehouse” чиглэлд түлхүү ажилласан. Сүүлийн хоёр гурван жилийн хувьд баг маань бүтцийн хувьд бага зэрэг өөрчлөгдөж аналитик идэвхжүүлэлтийн баг болсон. Манай баг Рио Тинто даяар өгөгдөлд суурилсан арга барилаар шийдвэр гаргалтыг сайжруулах боломжоор хангах болон аналитик үзэл бодол, соёлыг түгээх зорилготой ажилладаг. Энэ нь компанийн бизнесийн бүх төвшинд үйл ажиллагаагаа үр ашигтай удирдах боломжийг олгох зорилготой. Бид үүнийг хийхийн тулд бусад улсад байрлаж буй мэргэжилтнүүдтэйгээ хамтран компанийнхаа өгөгдлийн архитектур, аналитик шийдлийг боловсруулан хэрэгжүүлж, найдвартай үйл ажиллагааг нь ханган, хэрэглэгчдээ сургаж, дэмжлэг үзүүлэх байдлаар цогц үйлчилгээ үзүүлэн ажилладаг.
-ТД: Миний хариуцаж буй баг бол өгөгдлийн чанар сайжруулах буюу “Data Quality” чиглэлд ажилладаг. Үүнийхээ хүрээнд сүүлийн хоёр жил хийсэн хамгийн том гэж хэлж болохуйц ажил маань хүний нөөцийн “HR Data Governance” гээд багтайгаа хамтран хүний нөөцийн өгөгдлийг сайжруулах зургаан цуврал том төслийг дуусгаад одоо долоо дахиа эхлүүлээд явж байна. Энэ маань дэлхий даяар байгаа “Рио Тинто”-гийн нийт ажилчдын хүний нөөцийн мэдээлэл буюу хувийн мэдээллийн чанарыг сайжруулахад чиглэгдсэн ажил юм. Сүүлийн нэг жилийн хувьд “Оюутолгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалтад “data integration” гээд том төсөл дээр өгөгдлийн загварчлал гаргах, өгөгдлийн чанарын сайжруулалт хийх чиглэлд манай баг оролцоод ажлууд маань эхнээсээ дуусах шатандаа ороод явж байна.
-Тэгвэл “Mongolian Delivery Centre”-д ажиллаж буй Монгол залуусын хийж буй ажлууд “Рио Тинто” компанийн үйл ажиллагаа, шийдвэрүүдэд зохих хэмжээгээр нөлөөлдөг гэж ойлгож болох уу?
-ТД: Тийм. Өгөгдлийн чанарыг сайжруулна гэдэг нь мэдээж зөв шийдвэр гаргалтад тодорхой хэмжээний нөлөө үзүүлнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, “Рио Тинто”-гийн Монгол дахь Мэдээллийн технологийн төвд ажиллаж буй манай залуус энэ компанийн удирдлагын төвшинд гарч буй шийдвэрүүдэд ямар нэгэн байдлаар нөлөөлөх боломжтой, ийм чухал ажил хийж байгаа гэдгээрээ би бахархдаг. Мөн бидний энэ үзүүлэх хувь нэмэр их, бага байх нь хамаагүй. Гол нь монгол залуус өөрсдийн ур чадвараар эх орноосоо энэ ажлыг хийж байгаа нь гайхалтай хэрэг юм. Шууд утгаараа бол “Mongolian Delivery Centre”-д ажиллаж буй монгол залуус дэлхийн зах зээлд өөрсдийн оюуны чадвараа тодорхой хэмжээгээр экспортолж байна гэж ойлгож болно.  
-ӨБ: Аналитик бол бизнесийг бүх төвшинд үр ашигтайгаар удирдахад шаардлагатай зүйл.  Анхан шатны удирдлагууд өдөр тутмын үйл ажиллагаагаа, дунд шатны менежерүүд ажлаа дунд хугацаанд төлөвлөн, гүйцэтгэлээ хянахад, дээд шатны удирдлагууд урт болон дунд хугацааны үйл ажиллагаагаа төлөвлөн хянахад манай багийн санал болгодог аналитик хэрэгсэл болон шийдлүүд тус болох учиртай. Манай “Mongolian Delivery Centre”-ын хувьд “Рио Тинто”-гийн мэдээллийн технологийн хэлтсийн нэг салбар. Манайхтай адил төвүүд Австралийн Брисбен, Пэрт, Канадын Монреаль, Сингапурт байрладаг. Харин Энэтхэг гэх мэт бусад орнуудад аутсорсинг хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг.
-2014 онд  MDC нь 10 гаруй л ажилтантай байсан бол өнөөдөр 60 гаруй ажилтантай болж өргөжжээ. Эдгээр залуусыг хэрхэн бэлдэж, шалгаруулж авсан бэ? Энэ талаар дэлгэрүүлэн ярьж болох уу?
-ӨБ: Анх 2014 онд сонгон шалгаруулалт явагдаж байхад нэг шалгуур нь Монголд их, дээд сургууль төгссөн байх ёстой гэж байсан. Ингээд 2, 3 шаттайгаар гадаадын зөвлөхүүдтэй ярилцлага хийж шалгаруулж авсан. Харин ажилд орсны дараагаар биднийг Энэтхэгт гурван сарын хугацаатайгаар чиглэл чиглэлээрээ мэргэших сургалтад явуулсан. Тэндээс бид ер нь том бизнесүүд яаж ажилладаг, яаж өгөгдлөө боловсруулж удирддаг гэх мэт чухал практик мэдлэгүүдийг олж авсан. Буцаж ирээд ажлын байран дээрээ суралцах үйл явц эхэлж Австрали болон Канадаас мэргэжилтнүүд ээлж ээлжээрээ ирж бидэнд өөрсдийн туршлагаа хуваалцан, “Рио Тинто”-гийн ноу-хауг зааж өгсөн. Энэ бүхнийг сурсны дараа ажлын байран дээрээ гараад бодитоор хийж үзэж, одоо ч суралцсаар байна. Технологийн салбар нь өөрөө байнга хувьсан өөрчлөгдөж, хурдтай шинэчлэгдэн, хөгжиж байдаг шүү дээ. “Рио Тинто” уул уурхайн том компани. Тиймээс салбарынхаа хэмжээнд орчин үеийн шийдэл, санаачилга, технологиудыг үргэлж туршин, өөрсдөө бий болгож ажилладаг. Энэ нь салбартаа дэлхийд тэргүүлж буй олон шалтгаануудынх нь нэг байх. Харин Монгол дахь мэдээллийн технологийн төвд ажилладаг манай залууст энэ бүх орчин үеийн технологи, шийдлийг цаг алдалгүй суралцах боломж олдож байгаа нь бидэнд олдож буй нэг давуу тал юм. Мэдээж энэ бүх зогсолтгүй үргэлжлэх, хурдтай сайжруулах үйл ажиллагаанд манай залуус мөн ижил хурдтай суралцаж, дасан зохицох ёстой болдог.    
-MDC-гийн хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, арга хэмжээ нь Монгол Улсын хөгжилд ямар нөлөө, бодит үр өгөөж өгнө гэж та үздэг вэ?
-ТД: Үүнд шууд утгаар хариулбал их ерөнхий ойлголт болох байх. Миний хувийн бодлоор дэлхийн энэ тэргүүлэх компанийн тэр дундаа мэдээллийн технологийн салбарт ажиллаж байгаагийн хувьд манай залууст заавал гаднын орон руу явж мэргэжлээрээ ажиллана гэхээсээ илүүтэй эх орондоо тийм нөхцөлд ажиллаж, суралцах боломж олдож байгаа юм. Ийм туршлагыг олж авна гэдэг л Монгол залуусын маань оюунд орж ирэх хамгийн том хөрөнгө, үр өгөөж, үлдэж байгаа юм нь болов уу гэж хардаг. Тийм болохоор олон улсын стандарт, туршлагыг хэрэгжүүлдэг ийм том компани Монголд үйл ажиллагаа явуулж байгаа нь олзуурхууштай.
undefined
-Тэгвэл та хоёр “Рио Тинто”-д ажилд ороогүй байсан бол өнөөдөр юу хийж байх байсан бэ?
-ТД: Би өмнө нь Мобикомд долоон жил орчим инженер хийсэн. Хэрэв энд ажилд ороогүй бол тэрийгээ л хийж байх байсан болов уу.
-ӨБ: Би “Рио Тинто”-д орохоосоо өмнө мэдээллийн технологийн салбарыг орхихоор шийдчихсэн байсан. Тухайн үед санхүүгийн салбарт дурлаад банкинд дөнгөж ажилд орчихсон явж байхад ангийн найз маань холбогдож “ийм ажлын байр байна чи зүгээр анкетаа өгөөд үзээч” гэсэн юм. Тэгээд хэд хэдэн удаа ярилцлагад дуудагдах явцад ажлын байр нь их сонирхолтой санагдаж, ажилд авах процесс нь миний өмнө ажиллаж байсан газруудтай харьцуулахад маш хурдан, тодорхой, зохион байгуулалт сайтай байсан. Ингээд л би банкны салбарт ажиллах сонирхлоо орхиод технологийн салбартаа буцаад орсон доо.
-Дэлхийн дахинд мэдээлэл технологийн салбар маш хурдтай, цаг минутаар өөрчлөгдөж байна шүү дээ. Та бүхэн энэ бүх өөрчлөлтөд өөрсдийгөө хэрхэн бэлддэг вэ?
-ӨБ: Ер нь бидний ажил өдөр тутамд байнга суралцаж, сайжирч, шинэ зүйлийг туршиж байхыг шаарддаг. Миний хувьд ганцаараа байх үедээ, гэртээ харих, ажилдаа ирэх замдаа аналитиктай холбоотой подкаст болон аудио ном сонсдог. Харин “Mongolian Delivery Centre”-ын хувьд энэ өөрчлөлт, сорилтуудад бэлэн байхын тулд сурсан зүйлээ хурдан хугацаанд багийнхантайгаа хуваалцахад цаг гаргадаг. Мөн хүн бүрийн ажлын ачааллыг тохируулан, өөрийгөө хөгжүүлэх цаг үлдээхийг хичээдэг. Хүн дуртай зүйлээ хурдан судалж, чанартай хэрэгжүүлж чаддаг гэж би боддог. Тийм учраас багийнхаа ажил үүргийг хуваарилахдаа багийн гишүүдээ дуртай ажлаа сонгож хийх боломжоор хангахыг хичээдэг. Хэрвээ хэн нэг нь тухайн ажлыг хангалттай сайн сурах ч юм уу, эсвэл сонирхолгүй болбол ахиад өөр нэгэнд нь боломж олгож ажил үүргээ хоорондоо солилцдог.
-ТД: Би хувьдаа нээх айхтар тэгж хоцрохгүй юм сан гэдгээс илүүтэй өөрийгөө сонирхдог чиглэл рүүгээ хөгжүүлэхийг зорьдог. Түүнээс өрсөлдөхийн тулд заавал ингэх ёстой, ийм зүйлс сурах ёстой гээд байдаггүй. Сүүлийн үед гэхэд их өгөгдөлтэй ажиллахад зориулагдсан “Hadoop” гээд технологийн шинэ хувилбарыг туршиж байх жишээтэй. Харин компанийн удирдлагын зүгээс өөрийн ажилд шаардлагатай гэж үзэж байгаа хүссэн чиглэлдээ суралцаж, сертификатаа авсны дараагаар төлбөрөө буцаан авахыг санал болгодог. Тиймээс би өөрийн хариуцдаг багт байгаа залуустаа ажлынхаа хажуугаар өөрсдийгөө аль болох дуртай зүйлдээ сайжруулж, дараа нь менежерүүдээсээ төлбөрөө эргүүлэн авч болно гэдгийг зөвлөдөг. Хөгжих тал дээр ер нь ингэж л ажилладаг.  
-Технологийн салбарт ажиллахын нэг давуу тал гэрээсээ ч гэдэг юм уу чөлөөтэй ажиллах боломжтой байдаг. Энэ салбарт суралцаж байгаа олон залуус үүнээс нь болж мэргэжлээ сонгож байх шиг анзаарагддаг. Тэгвэл “Рио Тинто” компани мэдээллийн технологийн ажилчдадаа энэ боломжоор хангадаг гэж ойлгож болох уу?
-ТД: Тийм шүү. Энэ бол Монгол компаниудтай харьцуулахад манай нэг давуу тал юм. Хэрвээ чи хүлээсэн үүргээ асуудалгүй, хариуцлагатай биелүүлж чадаж байвал гэрээсээ ажлаа хийнэ гэдэг ч юм уу тэр бүх уян хатан нөхцөл нээлттэй байдаг. Тэрийг нь ч дэмждэг.
-Дэлхийн хэмжээний мэдээлэл технологийн компанид ажиллах зорилго тавьсан олон залуус бий. Тэгвэл  “Рио Тинто”-гийн  мэдээллийн систем, технологийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх MDC–ээр дамжуулан эх орондоо дэлхийн хэмжээний компанид ажиллах боломж бүрджээ. Тэгвэл та бүхэнтэй нэгдэхийг хүсэж буй залууст юу гэж зөвлөх вэ?
-ТД: Дээр ярьсан ажилд ороход надад тулгарч байсан бэрхшээлүүд илүүтэй түлхүү анхаарах нь чухал юм болов уу. Манайхан угаасаа мэргэжлийн тал дээрээ хаана ч очоод бүдрээд байхгүй гэж боддог. Харин тэр хэл, харилцаа зэрэг бусад өөрөө засаж, сайжруулж болох асуудлууддаа л  анхаарах хэрэгтэй байх. Хэрэв та тэр бүх “soft skill”-үүдийг эзэмшсэн бол манай үүд хаалга үргэлж нээлттэй. Зориод ир. Хамтарч ажиллахад таатай байх болно л гэмээр байна.
-Тэгвэл нэг сонирхолтой, энгийн хэр нь чухал асуулт байна. “Рио Тинто”-д ажиллаж байгаа хүмүүсийн хувьд тэр дундаа мэдээллийн технологийн чиглэлийн залууст мэргэжлийн ур чадвар, авьяас буюу өсөн нэмэгдэх потенциал хоёрын аль нь илүү үнэлэгддэг юм шиг санагддаг вэ?
-ӨБ: Хурдан суралцах чадвар бол дэлхий даяар хамгийн хэрэгцээтэй чухал чадвар болчхоод байгаа санагддаг. Мэдээллийн технологийн салбарт мэргэжлийн ур чадвар хурдан хоцрогддог. Хэрвээ хэн нэгэнд аливаа юмыг хурдан өөрийн болгодог чадвар байвал тэрийгээ ашиглаад энэ салбарт хоцрогдохгүй үргэлж манлайлж явах боломж нээлттэй. Энэ бол маш чухал.
-MDC нь “Оюутолгой” төсөл дээр ямар онцгой, сонин содон мэдээллийн систем, технологийн төсөл хэрэгжүүлж, дэмжлэг үзүүлдэг вэ. Энэ талаарх мэдээллээс хуваалцаж болох уу. Мөн Монголын өөр компаниудад үйлчилгээ үзүүлдэг үү?
-ТД: Шууд утгаараа бол “Mongolian Delivery Centre”-ын залуус “Оюутолгой”-н төсөлд оролцдоггүй. “Рио Тинто”-гийн мэдээллийн технологийн төвийн нэг хэсэг гэдэг утгаараа дэлхийн хэмжээний үйл ажиллагаанд нь оролцоод, хувь нэмрээ оруулаад явдаг. Харин эдгээр нь “Оюутолгой”-н үйл ажиллагаанд нөлөөлөөд явдаг байгаа.
-ӨБ: Манай багийн хувьд ч мөн адил бидний хийдэг ажил дэлхий дахинд буй “Рио Тинто”-гийн уурхайн ажилтнуудад шийдвэр гаргалтаа сайжруулахад тусалдаг. Түүнийхээ хүрээнд ”Оюутолгой”-н ил уурхай болон гүний уурхайн төсөлд хувь нэмрээ оруулдаг гэж боддог.  
-Ер нь дэлхийн хэмжээний, өндөр стандартыг хангаж дэлхийн тэргүүлэх уул уурхайн компаниудын нэг болох “Рио Тинто”-гийн халуун тогоонд ажиллахыг хүсэж буй залууст ямар “CV” шаардлагатай вэ?
-ӨБ: Интернетэд сайн “CV” бичих зөвлөгөөнүүд зөндөө байгаа. Тэндээс сайныг нь олоод дагаад бичиж болох байх. Гэхдээ заавал “Рио Тинто” гэлтгүй дэлхийн ямар ч том компанид ярилцлагад орохдоо маш сайн бэлтгэлтэй, сандралгүй, сайтар судалж ирэх нь хамгийн чухал юм болов уу гэж бодож байна. Бэлтгэл сайтай хүн л өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлж чадна.
-Нийгэмд уул уурхайн компаниудын талаар сөрөг хандлага, буруу ойлголт мэр сэр ажиглагддаг. “Рио Тинто” компанийн талаар байдаг буруу ойлголтуудыг юу гэж хардаг вэ?
-ӨБ: Миний хувьд “Рио Тинто”-д ороод 4, 5 жил ажиллалаа. Энэ хугацаанд аливаа зүйлд ёс зүйтэй хандах, зөвхөн аюулгүй замыг сонгох, хүмүүсийн ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх зэрэг зөв хандлагыг ажил дээрээ өдөр тутамд дагаж мөрдсөөр байгаад сүүлдээ бүр дадал болчихсон. Тэрийгээ ч гэр бүл, ойр дотнын хүмүүстэй дэлгэрүүлэхийг хичээдэг. Жишээ нь манай хамт олон “Zero Waste” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь байгаль орчиндоо хор хөнөөл багатай амьдарч, хоггүй, цэвэр орчин бий болгоход чиглэгдсэн санаачилга юм. Үүний хүрээнд бүх ажилчид хог хаягдлыг хэрхэн бууруулах, зөв зохистой ангилах зэрэг эерэг хандлагыг алхам тутамдаа бусдад болон гэр бүлдээ үлгэрлэж байх ёстой.      
-ТД: Миний хувьд “Рио Тинто”-г хүмүүс зөвхөн уул уурхайн компани гэдгээр нь л мэддэг. Жишээ нь “ICT Expo” үзэсгэлэн, арга хэмжээнд оролцоод явж байхад хүмүүс “танайх чинь уул уурхайн компани байж энд юу хийж яваа юм бэ” гэх зэрэг зүйлсийг их хэлж байсан. Гэтэл энэ компани “Mongolian Delivery Centre”-ээр дамжуулаад Монголд мэдээлэл технологийн салбарт тодорхой хэмжээнд ажиллаад, нэлээдгүй ахицтай явж байгаа. Анх 2014 онд ердөө 10 хүний бүрэлдэхүүнтэй эхэлсэн ажил өнөөдөр 60 болоод өргөжсөн байгаагаас бидний ажлын үр дүн харагдах байх.
-Ярилцлагын төгсгөлд “Mongolian Delivery Centre”-ын хүрээнд хэрэгжүүлсэн хамгийн бахархууштай ажлуудаа дор бүрнээ хэрхэн дүгнэдгээ хуваалцана уу?
-ТД: Миний харж байгаагаар дөрөв тавхан жилийн дотор “Рио Тинто”-гийн Монгол дахь мэдээллийн технологийн залуус 60 гаруй хүнтэй болж өргөжсөн байна. Бид дэлхийн томоохон уул уурхайн компанийн Монгол дахь салбар боловч мэдээллийн технологийн салбарт, тэр дундаа өгөгдлийн шинжилгээ чиглэлд амжилттай ажиллаад, тэр нь үнэлэгдээд явж байгааг хамгийн том ололт, ажил, бахархал гэж хэлэхээр байна.
-ӨБ: Бидний хөгжүүлж, дэмжиж ажилладаг аналитикийн шийдлийг группийн хэмжээнд сардаа тогтмол 15000 хүн ашигладаг. Бидний хийдэг зүйлс тэдний ажилд олон талаар нөлөө үзүүлж, санхүүгийн хэмнэлт гаргаж эсвэл ажлыг нь хөнгөвчилж байгаа.
 -Ярилцсанд баярлалаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн