11 удаа хойшилсон Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр болж, шүүгдэгчид 13 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шүүх шийдвэрлэжээ.Тодруулбал, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 2020 оны тавдугаар сарын 08-ны өдөр болсон. Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч нараас хохирол төлбөр төлөх 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан тул шүүх уг хүсэлтийг хүлээн авч дараагийн шүүх хуралдааныг 2020 оны тавдугаар сарын 15-ны өдрийг хүртэл хойшлуулсан юм. Тус хэрэг нийт 11 удаа хойшилж өнөөдөр шийдвэрээ гаргалаа. Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Махбалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 /10.1 дүгээр зүйл.Хүнийг алах/-ийн 2.1 /онц харгис хэрцгийгээр/ дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 13 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Хэргийг сануулбал, Зам тээвэр хөгжлийн яамны газрын дарга 2018 оны наймдугаар сарын 9-нд ажлын байран дээрээ архидан согтуурч байгаад Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал халдсан болохыг мөрдөн байцаалтын явцад шалгаж тогтоосон билээ.