Open iToim app
Банк, санхүү | 3 мин уншина

Дэлхийн санхүүгийн түүхийн музей Монголд: Онцлох үзмэрүүд

Дэлхийн санхүүгийн түүхийн музей Монголд: Онцлох үзмэрүүд
Нийтэлсэн 2019 оны 11 сарын 19
Хүн төрөлхтний санхүү, эдийн засгийн салбарын түүхийг хэдэн мянган жилээр өгүүлэх, дэлхийд нэн ховор, баялаг үзмэр бүхий “Дэлхийн санхүүгийн түүхийн музей” Улаанбаатар хотод нээгджээ. Ингэснээр Улаанбаатар хот нь санхүүгийн түүхийн музейтэй дэлхийн 10 гаруй хотын нэг болж байна. Дэлхийн санхүүгийн түүхийн музейг эдийн засагч, Голомт банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ө.Ганзориг 13 жилийн судалгаа, хайгуулын үр дүнд үзмэрүүдийг цуглуулж, ийнхүү олон нийтийн хүртээл болгожээ.
Тус музей нь нэн ховор, хэмжээлшгүй үнэ цэн бүхий 1000 гаруй үзмэртэй бөгөөд түүхэн болон соёлын өвийн ач холбогдлоороо Америк, Англи, Хятад дахь ижил төстэй музейгээс илүү, мөн хамрах хүрээ хамгийн өргөн гэдгээрээ онцлог аж. Бусад улсад байгаа санхүүгийн музей нь банк, мөнгө, даатгал зэргээр дагнасан байдаг бол Монголд нээгдсэн Дэлхийн санхүүгийн түүхий музей мөнгө, банк, даатгал, хөрөнгийн зах, төлбөр тооцоо, эдийн засаг гэсэн зургаан хэсгээс бүрдэж байгаа юм.
Дэлхийн санхүүгийн зах зээлийн анхны хэрэгслүүд хэрхэн үүссэн бэ гэдгийг музейгээс харж болно. Мөнгө, банк, даатгал, өрийн бичиг яаж үүссэн бэ гэдгийг он цагийн нарийн дарааллаар харуулжээ. “Банк яаж үүссэнийг ойлгочихвол өнөөгийн банкуудын бүх асуудлыг ойлгоно. Ер нь санхүү гэдэг том, хүнд хэцүү ойлголтыг түүхтэй нь холбож өгвөл хүмүүс илүү  хялбар ойлголтыг авах юм байна гэдэг санаанд тулгуурлаж уг музейг байгуулсан талаар Эдийн засагч Ө.Ганзориг ярьсан.
undefined
 Дэлхийн санхүүгийн түүхийн музейгээс олон сонирхолтой мэдээллийг авах боломжтой. Жишээ нь, дэлхийн анхны зоосон мөнгийг МЭӨ 560 онд Лидиа буюу орчин цагийн Истанбул хотод зохиожээ. МЭӨ 200 оноос хойш бүх зоосыг Хятадууд цуглуулсан бөгөөд тухайн үед хийж байсан уран хийцтэй зооснууд орги хэлбэрээрээ музейд байршжээ.
Дээрх музейг үзсэнээр дэлхийн анхны инфляц хэрхэн үүссэнийг ойлгоно. Ромын арми бүтээн байгуулалтыг эрчимтэй өрнүүлж, зардлаа санхүүжүүлэхийн тулд хаадууд нь мөнгөн зоосны орц дахь цэвэр мөнгийг зэс, гуулиар сольж эхэлжээ. Үүнээс үүдэн мөнгөний ханш унаж, анхны инфляц бий болсон түүхтэй. Цаашлаад цаасан мөнгө үүссэн түүхийг өгүүлнэ. Монголчууд цаасан мөнгийг зохиогоогүй, харин цаасан мөнгөнд хувьсгал хийсэн талаар  ч дурдсан байв.
Монгол Улсын эдийн засгаас 200 дахин том, 200 мянган ажилчинтай, дэлхийн топ банкуудын нэг “Bank of America” хэрхэн үүссэн түүхийг харуулсан ургийн мод таны анхаарлыг татах нь гарцаагүй. Энэ нь дэлхийд ганц, Монголд байгуулсан Дэлхийн санхүүгийн түүхийн музейд байрлаж байгаагаараа онцлог аж. Нийт таван метр үргэлжлэх хананд орчин үеийн “Bank of America” бий болоход 300 гаруй банк нэгдэж, нийлсэн 200 жилийн түүхийг он цагийн дарааллаар харж, мэдлэг авах боломжтой.
Түүнчлэн, 1700 оны хоёрдугаар сарын 11-нд Манжууд Оросуудтай нийлж Монголын Бороо гоулдын алтны уурхайг мэдээд, 1903 оны үед Санктпетербургийн Хөрөнгийн бирж дээр хувьцаа гарах замаар мөнгө босгож, Бороогийн алтны уурхайгаас 15 тонн алт авч байсан түүх болон тухайн үед гаргаж байсан хувьцааны эрхийн бичиг тус музейд байрлаж байв.
Энэ мэт олон сонирхолтой түүх өгүүлсэн, таны санхүүгийн мэдлэгийг тэлэх музей Монголд нээгджээ. Музейн үзмэрүүдийн доор байрлах бүх тайлбарыг уншаад гарахад 60 орчим хуудастай ном уншсантай тэнцэх аж. Энэ нь өөрөө танд санхүүгийн мэдлэгийг ойлгоход чиглэж буй.
Дашрамд дурдахад, иргэд уг музейг үзэхдээ доорх зааврын дагуу фэйсбүүк хуудас руу https://www.facebook.com/worldfinancialhistorymuseum/?ref=bookmarks мессеж/фм/ бичиж музей үзэх захиалга өгөх аж.
Даваа, Лхагва, Баасан гарагуудад 11:00- 16:30 цагийн хооронд зөвхөн музей үзэх цаг авсан хүмүүст үйлчлэх тул урьдчилан цаг авах шаардлагатай юм байна.  Дэлхийн санхүүгийн түүхийн музей үнэ төлбөргүй болно.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн