Та ус уухгүй хэр удаан байж чадах вэ. Ихдээ 3-5 хоног л тэснэ байх. Гэтэл манай улсын цэнгэг усны нөөц 2050 он гэхэд дуусаж болзошгүй гэх судалгаа бий. Энэ нь хол мэт сонсогдож магадгүй ч бидэнд 2020 он саяхан мэт санагддаг байсан шүү дээ. Иймд бид маргааш гэж хойшлуулж болошгүй, цэвэр усны хэрэглээгээ зөв тийшээ чиглүүлэх шаардлага үүсжээ. Хамгийн түрүүнд цэвэр усыг хайр найргүй хэрэглэдэг автомашин угаалгын газруудаас эхэлье. Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд 1.5 тэрбум хүн цэвэр усны хомсдолтой аж төрж байна. Гэвч бид цэнгэг усаараа автомашины дугуй зүлгээд сууж байна гээд бодоход л гол харлана. Иймээс нийслэлийн автомашин угаалгын газруудын бодит байдалтай танилцлаа.
“Голоос ус зөөлтэй нь биш дээ”
Их засаг олон улсын их сургуулиас 100 метрийн зайд байх авто угаалгаар оров. Тус авто угаалгын газарт хоёр машин угаалга хийлгэж байв. Шар түрийтэй усны гуталтай 20 гаруй насны угаагч залуу эхэлж усаар шүршиж, хуруу зузаан шороог нь унагаана. Үүний араас хөөс цацаж алчуураар сайтар зүлгэсний дараа усаар шүршив. Тухайн авто угаалгын газар резинэн будгаар шалаа өнгөлсөн тул машин угаасан ус урссаар нарийн урт ус зайлуулах шугам руу орно.
Угаалгын газрын ажилтан “Машин угаахдаа усаа зөөж угаадаг. Ачаалал ихтэй эсвэл баярын өдрүүдэд гурав орчим тонн ус хэрэглэдэг. Ихэвчлэн л 2-3 тонны хооронд байдаг. Ундны цэвэр усаар угаахгүй гээд голоос ус зөөлтэй нь биш дээ” гэв. Угаалгын газар бүтэн болон ченж угаалга гээд угаалгах төрлөөс нь хамаарч зарцуулах ус нь ч өөр байх аж. Угтаа бага зэрэг ус цацан, алчуураар угааж болох боловчиг цагт баригдан, ажлаа хөнгөвчлөх үүднээс даралт ихтэй усаар дахин, дахин шүршицгээнэ. Тус авто угаалга нь машин тус бүрийн зогсоолоор хязгаарласан баганатай бөгөөд машин зогсоогүй хэсгийн шалыг ч мөн усаар шүршсээр. Хэмнэж болох ч хэмнэхийг хүсээгүй нь илт байв.
"Монголчууд баян, гэхдээ тэнэг баян"
Машин угаалга гэсэн том самбар бүхий угаалгын газарт угаагч цөөтэй учир жолоочид ээлжээ хүлээн хүлээлгийн сандал дээр сонин, сэтгүүл эрүүлэн сууцгаана. Удалгүй “Ахаа хаалгаа онгойлгочихооч. Дотор талыг нь угаах гэсэн юм” хэмээн тус машин угаалгын газрын ажилтан хэлэв. Энэхүү угаалгын газар нь тав дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй. Зуны улиралд лагераас ирж байгаа иргэд үйлчлүүлдэг байна. Гэр хорооллын иргэд зуны улиралд гадаа дулаан учир гэртээ угаачихдаг тул угаалгын газар бараг ордоггүй гэдгийг ажилтан С.Жавхлан ярив. Харин угаалгын газрын ойролцоо байх иргэдээс цэвэр усны нөөц дуусах дөхсөн хаа сайгүй усаа хэмнэе гэх уриатай буй энэ үед машин угаалга, албан байгууллагуудын усны хэрэглээний талаарх байр суурийг нь тодруулахад:
-Иргэн Мөнхболд: Жилээс жилд ган гачиг, энд тэнд цөлжилт үүсэх гээд байгаа чинь одооны байгаа байдлыг харуулаад байгаа юм биш үү. Болж өгвөл хэдэн жил уух устай үлдээхийн тулд багасгаасай л гэж хүсэж байна.
-Иргэн хоёр Б.Эрдэнбат: Монгол газар доороо маш их баялагтай. Түүнийгээ гадагшаа зөөгөөд дуусч байгаа. Одоо уух ундны усгүй болохвий дээ. Эсвэл алтаа нүүрсээ зараад хариуд нь ус авдаг болох юм уу, бүү мэд. Ингээд л Монголчууд баян гэхдээ, тэнэг баян гэдэг нь мэдэгдээд байдаг юм.
-Иргэн гурав: Сайн мэдэхгүй байна. Ганц машин угаалга руу хамаг буруугаа чихэж болохгүй байх. Өчнөөн газар энэ байтгугай ус хэрэглэж байгаа шүү дээ. Ядаж хүүхдүүдэд одооноос усны хэрэглээний талаар сургах ёстой.
Машин угаалгууд нэг машиныг багадаа 80-100 литр цэвэр усаар угаадаг байна. Энэ тооцооллоор өдөрт нэг угаалгын газраар 20-40 автомашин үйлчлүүлдэг. Нийслэлд нийтдээ 650 гаруй мянган автомашин бий. Тэдгээрт 210 гаруй бүртгэлтэй авто угаалгын газрууд үйлчилдэг гэж бодохоор бидний хэдэн жил уух усыг урсгаж байгаа нь нэг талаар “Үзэн ядмаар” санагдана. Угтаа үүний шийдэл нь саарал ус буюу дахин боловсруулсан усыг ашиглабал асуудал сарних юм.
Өнгөрсөн оны судалгаагаар Улаанбаатарт 34 авто угаалгын газарсаарал усыг ашигладаг байна. Саарал ус ашигладаг угаалгын газрууд өдөрт нэг тонн ус авлаа гэхэд түүнийхээ 70-80 хувийг эргэлдүүлж дахин ашиглаж байгаа аж. Гэхдээ 80 хувь гэдэг чамлалттай. Учир нь дэлхийн улс орнуудад өдгөө 100 хувь ашигладаг болсон байна. Манай саарал усыг хэрэглэж эхэлснээр цэвэр усаа гурав дахин хэмнэх боломжтой аж. Тиймээс цэвэр усны нэмнэлтээ саарал ус ашиглах технологиос эхлэх хэрэгтэй санагдана. Саарал ус ашиглаж байгаа сайн жишгүүд байн, тэднээс суралцъя. Тухайлбал, MCS, АПУ, Би Цэ Трейд ХХК саарал усыг цэвэршүүлэн, нийслэлийн ногоон байгууламжийн усалгаанд ашиглаж байна. Мөн “Зорчигч тээвэр-3” ОНӨААТҮГ нь өөрийн тоног төхөөрөмжөөр усаа цэвэршүүлэн, 150 автобусыг саарал ус ашиглан угааж байна. СЭМҮТ бага оврын цэвэрлэх байгууламжаар усаа цэвэршүүлэн ашигладаг ажээ. Нийслэлээс 2030 он гэхэд бүх авто угаалгын газруудад саарал ус ашиглах технологи нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Гэхдээ 2030 он гэж хүлээж суулгүйгээр аж ахуйн нэгжүүд, агуулгын газрын нийгмийн хариуцлагын хүрээнд саарал усны технологийг нэвтрүүл ажиллая. Ирээдүйд алтны дайтай худалдаж авахыг хүсээгүй бол өнөөдрөөс иргэн, аж ахуйн нэгж бүр УС-аа хэмнэе!