ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын Тандалт Судалгааны Албаны дарга, их эмч, АУ-ы доктор Ж.Даваалхамтай ярилцлаа.
-Бэлгийн замын халдварт өвчин он гарсаар хэр их бүртгэгдэж байна вэ. Энэ талаар нарийн судалгаа байгаа юу?
-Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 7900 гаруй тохиолдол энэ оны эхний есөн сард бүртгэгдсэн байна. Энэ нь нийт халдварт өвчний 2.6 хувийг эзэлж байгаа. Өмнөх оны мөн үеэс 1240 гаруй тохиолдлоор өссөн. Ер нь сүүлийн хоёр жилд бэлгийн замаар дамжих халдварт өвчний бүртгэгдсэн тохиолдол эрс буурсан. Энэ нь "КОВИД-19" хадварын цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор өвчлөл буурсан гэж үзэж байгаа. Тухайлбал, цар тахлын ид оргил үед хэд хэдэн удаагийн нийтийн хөл хорио тогтоосон нь хүмүүсийн шилжих хөдөлгөөнийг зогсоосон, мөн цар тахлын үед эрүүл мэндийн байгууллагаар ирж үйлчлүүлэх хүмүүсийн тоо багассан. Хоёрт, бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ/ДОХ-ын тусламж үйлчилгээ үзүүлж байсан нарийн мэргэжлийн эмч нарын дийлэнх нь халдварт өвчнөөр мэргэшсэн эмч нар байдаг учир "КОВИД-19"-ын халдварын үеийн эмчилгээ, тусламж үйлчилгээг үзүүлж байсан улаан бүсэд шилжин ажилласан зэрэг нь нөлөөлсөн. Статистик мэдээллээс харахад, бэлгийн замаар дамжих халдвар илрүүлэх ийлдэс судлалын шинжилгээнд хамрагдсан үйлчлүүлэгчдийн тоо өмнө онуудтай харьцуулахад 40-50 хувь буурсан үзүүлэлттэй байгаа. Өөрөөр хэлбэл, үзлэг шинжилгээ буурна гэдэг нь өвчний илрүүлэг тэр хэмжээгээр дагаад буурдаг гэсэн үг юм. Ерөнхийдөө энэ оны есөн сарын байдлаар өвчлөл бараг 8 мянга бүртгэгдсэн, өмнөх оноос ихэссэн байгаа боловч сүүлийн арван жилийн дундажтай харьцуулахад 2 мянга орчим тохиолдлоор буурсан үзүүлэлттэй байгаа юм. Түүнчлэн бэлгийн замын халдварт өвчний бүртгэгдсэн тоо нэмэгдэнэ гэдэг нь нөгөө талаас нь харахад өвчлөлийн илрүүлэлт нэмэгдэж байна гэсэн үг. , Өөрөөр хэлбэл, цаашид халдвар дамжин халдварлах гинжин холбоог таслахад нь чухал юм.
-Бэлгийн замаар дамжих халдварт өвчин дотроо ямар өвчин илүү их бүртгэгдэж байгаа вэ?
-Эхний есөн сарын байдлаар бүртгэгдсэн байгаа өвчлөлийн 35.9 хувийг тэмбүү, 36.9 хувийг заг хүйтэн, 26.9 хувийг трихомониаз, 0.3 хувийг ХДХВ-ийн халдвар тус тус эзэлж байна. Бэлгийн замаар дамжин халдварладаг 30 гаруй төрлийн өвчнөөс Монгол Улсад зонхилон тохиолддог дээрх дөрвөн өвчний мэдээллийг нэгтгэн тайлагнадаг. 1992 оноос 2021 оны эцэс хүртэл бүртгэгдсэн ХДХВ-ийн халдвартай нийт 327 хүн бүртгэгдсэн. Харин өнөөдрийн байдлаар албан ёсоор 341 тохиолдол бүртгэгдсэн, 57 хүн нас барсан байна.
-Бэлгийн замын халдварт өвчтэй эхээс төрсөн хэдэн хүүхэд бүртгэлтэй байдаг вэ. Хүүхдүүдийн биеийн байдал ямар байгаа вэ?
-ХДХВ-ийн халдвартай ээж нар хяналтдаа сайн хамрагдаж байгаад эмчийн хяналтад хүүхэд төрүүлэх тохиолдол бий. ХДХВ-ийн халдвартай гэж бүртгэгдсэн 19 ээжийн 31 хүүхэд бүртгэлтэй байдаг бөгөөд хүүхдүүд халдваргүй гэдэг нь лабораториор батлагдсан. Өөрөөр хэлбэл эхээс хүүхдэд ХДХВ-ийн халдвар дамжсан тохиолдол манай улсад бүртгэгдээгүй. Тэмбүү өвчний тухайд бид төрөлхийн тэмбүү өвчний тохиолдлыг бүртгэж мэдээлдэг. Энэ оны есөн сарын байдлаар төрөлхийн тэмбүүгийн 12 тохиолдол бүртгэгдсэн, нас баралт 5 байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад харьцангуй буурсан үзүүлэлттэй байгаа. Эндээс харахад манай улсын хүн амын дунд тэмбүүгийн тархалт харьцангуй буурсан харагдаж байна. Ерөнхийдөө сүүлийн 10 жилийн хугацаанд жилд дээд талдаа 60 гаруй төрөлхийн тэмбүүгийн тохиолдол бүртгэгдсэн байдаг.
-Хэдээс хэдэн насныхан илүү их өвчилж байна вэ?
-Бэлгийн замаар дамжих халдварт өвчнийг нөхөн үржихүй насны ямар ч хүн өвдөх эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, олон бэлгийн хавьтагчтай, тохиолдлын бэлгийн хавьталд орохдоо өөрийг хамгаалдаггүй бол энэ өвчнөөр хэн ч өвдөж болно. Насны хувьд ихэнх нь 20-24 насны залуус байдаг. Хүйсийн хувьд эмэгтэйчүүд жаахан давуу байдаг. Энэ нь эмэгтэй хүн их өвчилж байна гэж харж болохгүй, харин эмэгтэйчүүд эрүүл мэндийнхээ төлөө илүү анхаарч эмнэлэгт ханддаг гэж харах хэрэгтэй. Хоёрт, жирэмсэн болон зайлшгүй шинжилгээ өгөх ёстой үйлчилгээний байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн ихэнх нь эмэгтэйчүүд байдаг учраас эмэгтэй хүмүүсийн тоо их гарч байгаа юм. Эрэгтэйчүүдийн хувьд эрүүл мэнддээ анхаарах нь тааруухан байгаа нь энэ статистик мэдээллээс бэлхнээ харагддаг.
-Бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?
-Бэлгийн замаар дамжих халдвар өвчнийг урьдчилан сэргийлэх арга хэмжээний 80-90 хувь нь хувь хүнээс өөрөөс нь хамаардаг. Яагаад гэвэл энэ нь тухайн хүний ухамсарт үйлдлийн үр дүнд бий болж байгаа асуудал. Тохиолдлын бэлгийн хавьталд битгий ор, үнэнч нэг бэлгийн хавьтагчтай бай, үнэхээр тохиолдлын бэлгийн хавьталд орохоор бол бэлгэвчийг зөв, тогтмол хэрэглэх ёстой. Ингэсэн тохиолдолд өөрийгөө халдвараас 100 хувь хамгаалах бүрэн боломжтой. Харин эрүүл мэндийн байгууллага бол мэдээж эрт илрүүлэг үзлэг зохион байгуулах, бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэх талаар соён гэгээрүүлэх үйл ажиллагаа зохион байгуулах, өвчилсөн тохиолдолд эмчлэх, хяналтандаа авах зэрэг үйл ажиллагааг хийгээд явж байгаа.
-Эмчлүүлэхгүй удаан явснаар эрүүл мэндэд нөлөөлөх хор нөлөө юу вэ?
-Энэ төрлийн өвчнийг эмчлүүлэхгүй удаан явснаар хүний биеийн бүх эрхтэн системийг өвчлүүлдэг маш аюултай. Тийм учраас ичиж санаа зоволтгүй ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандаж эмчилгээ зөвлөгөөг авах хэрэгтэй.
-Бэлгийн замын халдварт өвчин 100 хувь эмчлэгддэг үү?
-Өвчин өвчин дотроо эмчилгээний үр дүн өөр өөр байдаг. Бактерийн гаралтай тухайлбал тэмбүү, заг хүйтэн зэрэг өвчнүүд нь 100 хувь бүрэн эмчлэгдэнэ. Харин зарим нэг вирусийн халдварууд, тухайлбал ХДХВ-ийн халдвар нь бүрэн төгс эмчлэгдэхгүй ч эмчилгээтэй архаг халдварт өвчин юм. Гэхдээ та мэргэжлийн эмчийн хяналтад, эмчилгээгээ тогтмол хийгээд явбал эрүүл хүн шиг урт удаан наслан амьдрах боломжтой.
-Иргэдийн дунд тэмбүү бүрэн эмчлэгддэггүй цусанд үлддэг гэж яриа бий. Энэ тал дээр тайлбар өгөхгүй юу?
-Тэмбүү өвчнөөр өвдөөд эмчлүүлсний дараа шинжилгээгээр үүсгэгчийн эсрэг үүссэн эсрэг бие тодорхойлогдох нь элбэг байдаг. Энэ нь өвчтэй, халдвартай гэдгийг батлахгүй. Харин өмнө нь өвдөж байсан гэдэг эсрэг бие цусанд үлдсэн нь шинжилгээгээр илэрдэг. Үүнээс болж гэр бүлийн маргаан маш их гардаг. Цаашдаа харамсах үйлдлийг хийхгүй байхын тулд та анхнаасаа халдвар авахаас өөрийгөө сэргийлэх хэрэгтэй.